Ардын хүүхдүүдэд англи хэл заахыг эсэргүүцэгчид!

Хуучирсан мэдээ: 2023.05.08-нд нийтлэгдсэн

Ардын хүүхдүүдэд англи хэл заахыг эсэргүүцэгчид!

Ардын хүүхдүүдэд англи хэл заахыг эсэргүүцэгчид!

Өнгөрөгч долоо хоногт Боловсролын багц хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийсэн. Ингэхдээ, англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах тухай гишүүдийн байр суурь олныг талцуулаад байв. Тус хуулийг хэлэлцүүлэх явцад АН-ын бүлэг завсарлага авсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн байр суурийг хүргэж байна. 


УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Боловсролын хуульдаа бид аль нэг улс орныг онцлоод тэдний хэлийг сур гэж тулгах нь зохисгүй. Сонголттой байж болно. Герман хэлээ үзнэ үү, хятад хэлээ үзнэ үү, англи хэлээ үзнэ үү тэгж л зохицуулах хэрэгтэй.

Ер нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 7-д бүх нийтийн ерөнхий боловсрол үнэгүй байна гэж заасан байдаг. Үргэлжлүүлээд төрийн шаардлага хангасан хувийн хэвшил байж болно гэж заасан байгаа. Төрийн шаардлага нь ерөнхий боловсролын сургууль үнэгүй байх ёстой гэж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр төлбөртэй ерөнхий боловсролын сургууль байгаа нь Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг. Хуучин бидний социализмын үед Оросоос авсан боловсролын тогтолцоо нь цөөн хүн амтай манай орны иргэдийг сургахад маш сайн зохицсон сургалтын агуулга, стандарттай маш сайн хөтөлбөр.

-УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН: 

-Хэлний асуудлыг нэлээд ярьж байна. Ганцхан гадаадад байгаа монгол хүүхдүүдийн асуудал биш юм. Монголд байгаа тэр тусмаа хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн монгол хэл асуудал болж байна. Аливаа улс үндэстэн үндэсний эх хэлээ алдах юм бол үндэсний дархлаагаа алдана. Хэл байхгүй бол Монгол Улс байхгүй. Өнөөдөр гар утас бариад гадаадын контент үзэж байгаа. Хөдөө орон нутагт "yes, no" гэж хэлд орж байгаа хүүхэд маш их. Айл бүрт байгаа. Тиймээс эх хэлээ алдагдуулахгүй байх хар хайрцагны бодлого бол Монгол Улсад заавал байх ёстой. Тиймээс ажлын хэсгийн гишүүд англи хэл бол үндсэн гадаад хэл байна гэсэн болохоос биш А үсэгтэй зэрэгцээд A,B,C гэж заана гэж ерөөсөө яриагүй.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Би Британийн магадлан итгэмжлэх зөвлөлд шинжээчээр ажиллаад, дөрвөн жил Монголд Британийн магадлан итгэмжлэлийг оруулж ирэх хөтөлбөр дээр ажилласан. Тиймээс нэг зүйлийг ойлгосон. Кембрижийн хөтөлбөр ч бай, IB-ийн хөтөлбөр ч бай үндэсний онцлогоо шингээх ёстой гэдгийг. Кембрижийн хөтөлбөрийг хүмүүс 100 хувь англи болох гээд байна гэдэг ч дөрвөөс дээш хичээлийг тухайн орны хэлээр тус хөтөлбөрөөр нь заахыг хэлдэг.

Гэтэл нэгдүгээр ангиас нь монгол хэлийг заагаад зургадугаар ангиас нь англи хэлийг сонгон заах маягаар нь явах зөв. Жишээ нь, Герман, Финланд, Европын зарим төлбөргүй боловсрол олгож буй улсуудад “American school”, “British school” сургууль орж ирэх нь чөлөөтэй. Эцэг эх өөрөө л сонгодог. Төрөөс олгож буй боловсрол бол 1-6 ангид үндсэн хэл нь монгол хэлээр, сонгон суралцах нь англи байна уу, орос байна уу сонголтыг өгч байгаа юм. Ерөөсөө Кембрижийн хөтөлбөрийн ялгаа нь энэ юм. Тиймээс хуульд тусгайлан авч үзэх нь академик эрх чөлөөнд халдсан буюу дээрээс нь үндэсний уламжлалд сөргөөр нөлөөлөх аюултай.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ: 

-Англи хэлийг нэгдүгээр ангиас нь үзэх буруу. Яагаад гэвэл хүүхэд цагаан толгойн үсгээ сурах, математик үзэх гээд маш их ачаалал өгдөг. Тиймээс гуравдугаар ангиас нь заах нь зөв гэсэн бодолтой байна. Судалгаанаас авч үзэхэд дунд ангиас нь сурсан тохиолдолд маш эерэг үр дүн үзүүлдэг юм байна лээ. Дунд ангиас нь зайлшгүй үзэх гадаад хэлний нэг нь англи хэл байх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ Боловсролын багц хуульд ганцхан англи хэлний асуудал чухал биш юм. Боловсролын салбарын тогтолцоо урвуугаа харсан байна. Би Финланд улсад энэ чиглэлээр өмнөх дөрвөн жилд туршлага судлах маягаар олон удаа уулзалтуудад оролцож байсан. Сингапур уул уурхайн баялаггүй хэрнээ боловсролоороо дэлхийд тэргүүлж байна. Иймээс бид гүйцэтгэлд суурилсан тогтолцоог бэлдэх, багш боловсон хүчнээ сайн бэлдэх ёстой юм билээ. Тухайн багшийг хангалттай цалинжуулах нь чухал. Хоёрдугаарт, сурах орчин дутагдалтай байна. Сургуулиудыг та бүхэн хараарай. Ширээ сандал, нойл бараг 19 дүгээр зууных шиг байна. Сурах бичиг хэрэглэл 20 дугаар зуунд байна. Тиймээс энэ хуулиар өөрчлөх хэрэгтэй. Хувийн сургууль төлбөрөө ам.долларын ханштай уралдуулж өсгөж байна. Боловсрол бол ашиг олдог зүйл биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж