Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд бороо, цас орох нь ээ. Дэлхий дэлэгнэх цагаар бороо цас орохыг малчид “шар тос” гэж олзуурхах нь бий. Учир нь, ногоо ургахын хэрээр мал цадаж, сүү шим ордог.
Цаг агаарын мэдээгээр тавдугаар сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +22…+27, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
Холбоотой мэдээ