ШУТИС-ийн оюутнуудын хиймэл оюун ухаанаар бүтээсэн төхөөрөмжийг Япон улс дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлж, батламж олгожээ. Тодруулбал, Япон улсын Токио хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-28-нд “DCON 2023” хиймэл оюун ухаанаар төхөөрөмж бүтээх олон улсын тэмцээнд Монгол Улсын ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн оюутан Д.Төгсбилэг, Б.Ганчимэг, М.Анударь нар багшийнхаа хамт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах” өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцсон нь дөрвөн тэрбум төгрөгөөр үнэлүүлж, батламж гардсан гайхалтай амжилтыг үзүүлсэн байна. Оюутан Д.Төгсбилэг, Б.Ганчимэг нар Коосэн технологийн коллежийн Цахилгаан электроникийн 4-р курст, М.Анударь өдгөө 3-р курст суралцдаг байна.
Монгол Улсад инженер, технологийн салбарын уралдаан тэмцээн цөөн болдог тул өөрсдийгөө сорьж үзэхээр дээрх тэмцээнд бэлтгэсэн юм байна. Тэд баг болж, санаагаа олоод мэргэжлийн багш Ж.Цанжидхүүгийн тусламжтайгаар хиймэл оюун ухаант төхөөрөмж бүтээсэн нь ийн япончуудад үнэлэгджээ.