Засгийн газраас зарласан төрд үүрлэсэн авлига хээл хахуультай тэмцэх хүрээнд “Шилэн” ажиллагаагаар дамжуулж, тусгай сангуудын мэдэээллийг ил болгож буй. Тэгвэл ирэх долоо хоногт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ил болгохоор болжээ.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олон тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж ирсэн. Гэвч үр дүн нь бага, монголчуудын дийлэнх хэсэг ядуу тарчиг амьдарч буй. Тэгвэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулсан мөнгө эзнээ олж очсон уу, энд тэндээс нь “цавчаа” гарч ирж, “идэв үү”, эсвэл хөрөнгө зараад байхад үр дүн гарсангүй юу гэдэгт энэхүү мэдээлэл нэлээн тодорхой мэдээлэл өгөх нь.
Мөн Нийгмийн даатгалын сан олон жил алдагдалтай явж ирсэн. Энэ санг ч эрх мэдэлд хүрсэн нэг нь дур зоргоороо хөдөлгөж, хөрөнгө мөнгийг нь завшсан байж болзошгүй асуудлууд хөндөгдөж ирсэн. Тэгвэл мөн л олон нийтэд энэхүү мэдээлэл ил болох нь ээ.
“Шилэн” ажиллагааг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал удирдаж буй. Энэ талаар тэрбээр “Засгийн газрын авлигатай тэмцэх ажил эрчтэй явж байна. Таван Ш ажиллагаа буюу “Шилэн” ажиллагааны хүрээнд индекс зарлаж байгаа. Гуравдугаар сарын 27-ноос хойш Хөдөө аж ахуйн сангийн 150 орчим тэрбумын эргэн төлөгдөөгүй зээл, Жижиг , дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 200 орчим тэрбум төгрөгийн зээл сар хүрэхгүй хугацаанд 500 тэрбум болж, төлөгдөн, үр дүн өгсөн байгаа.
Ер нь тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил болгосноор иргэд “Тэтгэврийн зээл, цалингийн зээл аваад төлөхгүй бол долоо хонолгүй хар жагсаалтад оруулдаг бол төрийн тусгай сангуудаас хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авсан хүмүүс нь хэдэн арван жилээр төлөлгүй яваад байгаа нь хэр зөв шударга юм бэ” гэж шударга ёс шаардаж байгаа. Тиймээс шинэ долоо хоногт олон жилийн хулгай тонуулд баригдсан Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санг ил болгоно” гэсэн юм.
Г.ХОРОЛ