“NEWS” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна.
Засгийн газраас өргөн барьсан төслийн агуулгыг яаж л болж яаж өөрчилж, юу ч болгон хувиргаж болохын бодит жишээг харуулсан дуулиан энэ өдрүүдэд өрнөсөн нь Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэд авсан үйл явдал болов.
Засгийн газраас анх энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хууль зүй эрдэм шинжилгээ, судалгаа тэр дотроо хууль зүйн албан бус орчуулгыг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцахаар зааж өгсөн. Мөн эрүү, иргэн, захиргаа, зөрчил зэрэг томоохон хуулиудын хэрэгжилтийн үр нөлөөг Хууль зүйн үндэсний хүрээлэн хариуцан ажиллахаар заажээ. Гэтэл УИХ-аар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байсан Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын харьяанд авахаар болгож, өөрчилсөн нь эдүгээ УИХ дотор “гал тавиад” буй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ хуулийн хулгай хийлээ. Хэрэг дээрээ УИХ-ын судалгааг сайн болгох гэж хийж байгаа асуудал биш энэ бол барилгыг нь авах гэсэн санаархал. Тийм учраас хуульчдын оюуны өргөөг татан буулгаж байгаа асуудлыг дэмжихгүй. Би энэ асуудлаар иргэн хүнийхээ хувьд ч тэр Үндсэн хуулийн цэцэд тогтоолын төслийг хүчингүй болгох асуудлаар хандана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ асуудалд хориг тавиасай хэмээн хүсч байна” гэж эсэргүүцсэн юм. Хуульчид ч мөн Хуул зүйн үндэсний хүрээлэн Засгийн газрынхаа харьяанд байх нь зөв гэдэг байр суурь илэрхийлж буй.
Харин хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар нэрлэгдээд буй УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас батлагдаж байгаа төслүүд амьдралд нийцтэй, чанартай батлагдахын тулд Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын харьяанд авсан. Би барилга байшинг нь авах гээд байгаа асуудал үгүй” гэж байр сууриа илэрхийлээд буй.
Гэвч энэ асуудал Үндсэн хуулийн Цэцээр орох, эсвэл Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж, асуудлыг УИХ дахин хэлэлцэж, шийдвэрэээ гаргахаас нааш зогсохгүй нь нэгэнтээ тодорхой болоод байна.
Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэд авсан энэ үйл явдлыг “152 гишүүнтэй болох сургаар бэлтгэл ажлыг хангаж буй барилгын дээрэм” гэж үзэх нэг хэсэг байхад олон жилийн турш Хууль зүйн үндэсний хүрээлэнг дэргэдээ авахыг санаархаж ирсэн Засгийн газрын институци дундах зөрчил ийм байдалд хүргэлээ” гэж тайлбарлах нэгэн ч бий.
Хууль зүйн хүрээлэнг 2000 оны эхээр Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг санаачилсан Монгол Улсын гавьяат багш Б.Чимэдийн санаачлагаар Хууль зүйн яамны харьяанд байгуулсан түүхтэй аж. Ингэхдээ Дэлхийн банкнаас 4 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, Хууль зүйн яамны харьяанд 40 жилийн хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн ажиллуулна” гэсэн гэрээ хийж, мөнгө олж бариулж байсан. Энэхүү 40 жилийн гэрээний хугацаа нь 2041 онд дуусах аж. Харин өнөө жил 20 жилийн ой нь болж буй аж.
Англи хэлийг үндсэн хэл болгон, III ангиас заахыг эсэргүүцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын боловсролын ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүд “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн III ангиас англи хэл заах нь буруу. Эх хэлний дархлаа алдагдана. Ер нь англи хэлийг үндсэн хэл болгон хуульчлах нь буруу” гэсэн агуулгыг илэрхийлж, эцэстээ Ардчилсан намын бүлэг энэхүү төслөөр тав хоногийн завсарлага авав.
Учир нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд танхимын гишүүдийнх нь байр суурь нэгтгэгдээгүй, дээр нь маргаан ихтэй байсан нь хуулийн төслийг бүлгээр дахин хэлэлцэх шаардлага үүслээ гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тайлбарласан юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулиар ганцхан англи хэлний хичээлийн асуудал хөндөгдөөгүй. Сүүлийн 30 жил боловсролын салбарт нүүрлэсэн чанарын асуудал, төр болон хувийн сургуулийн сургалтын ялгаа, хот, хөдөөгийн сургуулийн чанарын ялгааг яаж арилгах вэ гэдэг асуудал байгаа. Бид зургаан гол асуудлыг энэ хуулиараа өөрчилж, эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж буй. Нэгдүгээрт, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хамгийн сайн, чанартай боловсролыг авах, боломжийг олгоход санхүүжилтын тогтолцоо чухал. Хуучин нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын орчны ялгааг арилгах, багшийн ажлын үнэлэмжийг хийх талаар зохицуулдаггүй байсан. Дандаа урсгал зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Одоо энэ хуулиар хүүхдээ дагаж явдаг тогтолцоо руу шилжинэ.
Нэг хүүхдэд оногдож буй хувьсах зардалд төр болон хувийн сургуульд сурч байсан ч нэг орчинг бий болгоно. Жишээлбэл, бүх сургууль байгалийн ухааны лабораторитой байх ёстой. Бүх сургууль мэдээлэл технологийн танхимд цахимаар хичээллэх, хамгийн сайн багш хичээл заана. Энэ бүх асуудал нь санхүүжилтээрээ дамжиж явдаг болно. Хоёрт, багш бэлдэж байгаа сургуулиуд дурын боловсон хүчинг бэлтгэдэг. Багшийн ажлын байрны үнэлэмж хэт бага байна. Хамгийн өндөр цалинтай болох ёстой. Багш хүн тасралтгүй хөгжиж байх ёстой учраас тэр тогтолцоонд шилжинэ. Төрийн өмчийн гурван кэймбриджийн сургуультай байх уу улсын 700 сургуульд энэ хөтөлбөрт шилжих үү.
Гуравт, хөтөлбөрийн шинэчлэлийн асуудал байна. Одоогийн "Үндэсний цөм" хөтөлбөр цаг үеэсээ хоцорсон байна. Бага ангийн сурагчдын хичээлийн ачаалал их байна. Хичээлийг маш сонирхолгүй заадаг учраас хүүхэд дан ганц танхимд суух биш амьдралд бэлддэг хөтөлбөртэй болно.
Дөрөвт, үнэлгээний асуудал байна. Зарим УИХ-ын гишүүд буруу ойлголттой байна лээ. Байгууллагын үнэлгээ биш. Хуулиа уншаагүй л байгаа байхгүй юу. Их харамсалтай зүйл шүү дээ. Монголд байгаа сурагчдын дүнгийн үнэлгээ бол хуурамч. Хүүхэд нэг бүрийн түвшинг зөв үнэлж, ахиц дэвшлийг нь үнэлье. Нэг хүүхэд 3-4 ангийн хоцрогдолтой байна. Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 30-40 хувийг авч байна. Хөтөлбөрөө сайжруулах ёстой. Тавд, сургуулийн засаглалын асуудал. Намын үзэмжээр удирдлагыг томилохоо больё. Сургууль цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор томилно. Сайд нь нийслэл, аймгийн удирдлагыг сонгоно. Зургаад, цахим шилжилт хийх ёстой. Сургуульд бүрд сайн багш ажиллах боломжгүй. Мэдлээ.мн виртуал сургууль бий болсонтой холбоотойгоор сайн багш нарын хичээлийг үзэх боломж бүрдсэн.
Энэ хууль батлагдсаны дараа сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Тэгэхээр англи хэлийг гуравдугаар ангиас, мэдээлэл технолгийн хичээлийг нэгдүгээр ангиас заана. Бага, дунд, ахлах ангийн хичээлүүд өөрчлөгдөнө.
Хуульд хэддүгээр ангиас англи хэл орно гэж тусгаагүй. Боловсролын хүрээлэнгээс хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ. Салбарын сайд нь тэрийг батална. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн сургуульд хувьсах зардал олгоно. Тэрнээс олон улсын хөтөлбөрт олгохгүй" гэсэн юм.
Парламент 152 гишүүнтэй болж, Засгийн газраа хянана
Засгийн газраас өнгөрсөн Лхагва гаригт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв. Уг төсөлд УИХ нэг танхимтай, 76 гишүүн можаритор, 76 гишүүн пропорцианалаар сонгохоор заасан юм. Дээрх өөрчлөлт хийснээр парламент 152 гишүүнтэй болж, Засгийн газарт хяналт тавих боломж нь илүү нэмэгдэнэ, УИХ-аас батлагдан гарч буй хууль ч илүү чанартай болно гэж үзэж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөл нь УИХ-ын гишүүний 50 хувь нь можаритор, 50, хувь нь пропорцианаль элементээр сонгодог сонгууль болохоороо онцлогтой. Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтй ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, парламентын үйл ажиллагаанд доголдол үүссэнээр УИХ ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх асуудал нь нийгмийн сэдэв болж яригдаж ирсэн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр парламентын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах давуу тал үүснэ.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр иргэд, сонгогчийн санал гээгддэггүй байх, сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах эхлэл тавьж буйгаараа онцлог.
Сонгуулийн холимог тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. 2012 оны УИХ-ын сонгуулиар 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгодог болъё. Парламентын гишүүдийн тоо хэт цөөнх байна, нэмэгдүүл гэдэг асуудал яригдаад 99 гишүүнтэй байя гэдэг санал гарсан ч дэмжигдээгүй.
2015, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санаачлага гарахад холимог системийн асуудал хөндөгдөж байсан. УИХ-аар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэхэд гишүүдийн тоог тухайн үеийн Ерөнхийлөгчийн инстиутээс 108 болгох. Ингэхдээ 54 гишүүн нь тойргоос, 54 гишүүн нь пропорцианлиар буюу холимог тогтолцоотой болгох хувилбар гарч, яригдаж хэлэлцэгдэж байсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд идэвхтэй судлагдсан, олон нийтийн дунд хэлэлцэгдсэн асуудал юм.
УИХ-ын 76 гишүүн хэт цөөнх байна гэдгийг иргэд, судлаачдын зүгээс олон өнцгөөс тайлбарладаг. Бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх нь эрх баригчдын үүрэг. Нийгмийн томоохон бүлгийг парламентад орох нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Эмч, багш, малчин, тариаланч, сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэргийг нийгмийн том бүлэг гэж үздэг. Тэдний төлөөлөл орох боломжийг олгосноороо онцлог.
УИХ 76 гишүүнтэй байх үед батлагдаж байгаа хууль чанартай байж чаддаг уу, амьдралтай хууль болж чадаж байгаа юу гэдэг асуудал яригдсаар ирсэн. Нэг Байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн гурван Байнгын хороонд харьяалагддаг.
Байнгын хороогоор өнөөдөр хуулийн төсөл хэлэлцэх болоход 11 гишүүн ирснээр ирц бүрдэж, 6 гишүүн кноп дарснаар хуулийн төсөл хэлэлцэгдэх болдог. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль батлагдах процесс эрс сайжирна.
Энэ ч үүднээс Засгийн газар иргэд олон нийтийнхээ саналыг үндэслэн судалсан. Парламентын засаглалтай улсуудын 150 -аас дээш гишүүнтэй парламентыг судалж үзсэн. Гишүүдийн тоо бага байхаар эрх мэдэл төвлөрдөг, хуйвалдаанаас эхлүүлээд олон сөрөг үр дагавар гардаг. Энэ бүх алдааг засна” гэсэн юм.
УИХ 152 гишүүнтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-аар Баасан гаригт /2023.04.05/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхий сайд танилцуулга хийх үеэрээ “1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.
Түүнчлэн тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биенээ хуурсаар 30 жилийг үдлээ. Энэ нь Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал” гэсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснийг зөвшөөрье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 61 гишүүний 59 нь буюу 96.7 хувь нь дэмжив. Гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь төсөл хэлэлцэхийг зөвшөөрсөн тул хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ