ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан, хурандаа генерал Михаил Мизинцев хөлсний цэргийн "Вагнер" бүлэгт элсчээ. Тэрбээр "Вагнер" бүлэгт командлагчийн орлогчоор элссэн гэдгийг Оросын дайныг дэмжигч хэвлэлүүдээр мэдээлэв. Телеграмд нийтэлсэн бичлэгээс харахад Михаил Мизинцев "Вагнер"-ын байлдааны хувцасыг өмсчихсөн бэлтгэлийн хуарангаар зочилж явжээ. Мөн тэр Бахмут дахь Оросын байрлалтай танилцсан байна.
Михаил Мизинцевийг Батлан хамгаалах яамнаас халагдсан тухай мэдээлсний маргааш нь л Евгений Пригожин түүнд ажлын санал тавьсан гэж "Вагнер"-ын тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.
Дайны эхний саруудад Михаил Мизинцев нь Мариуполь хотыг бүслэх ажиллагааг зохион байгуулсан. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Батлан хамгаалахын яамны Логистик, хангамж хариуцсан дэд сайдаар томилогдсон аж. Түүнийг хүнд суртал, төөрөгдлөөс болж байр сууриа алдсан гэж телеграмд мэдээлжээ. Мөн ийм зүйлээс болж байр сууриа алдсан анхны генерал биш, сүүлчийнх нь ч бас биш гэв.
Мариуполь хотыг бүслэх ажиллагааг зохион байгуулсан учир Европын холбоо өнгөрсөн оны зургадугаар сард Мизинцевт хориг арга хэмжээ авсан. Түүгээр ч үл барам Мизинцевийг Мариуполийн яргачин гэж нэрийдсэн юм.
Эх сурвалж: REUTERS