Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт 1986 онд болсон ч одоог хүртэл эргэн тойрондоо бодит эрсдэл дагуулсаар байна. Чернобыль орчимд байрласан орос цэргүүд цацрагийн өвчнөөр өвдсөөр байгааг Их Британийн "The Independent" сэтгүүлд мэдээлжээ. 2022 оны дөрөвдүгээр сард нэг орос цэрэг цацрагийн хордлогын улмаас нас барсан хэрэг ч гарсан.
Чернобылийн станцаар дайран өнгөрдөг "P56" хурдны зам нь Киев хүрэх цөөхөн хэдэн тохиромжтой замын нэг юм. Дайн эхэлмэгц л ОХУ-ын арми Чернобылийг эзлэн авч, 210 орчим ажилтан болон харуулын цэргүүдийг барьцаалсан. Оросын машин, танк, техникүүд Чернобылийн эргэн тойрон дахь бохирдсон хөрсний өнгөн хэсгийг ховхолж орхисон гэхэд болно.
Гадаадын хяналтын станцуудын тооцоолсноор Оросын эзлэн түрэмгийллийн үед цацрагийн хэмжээ 20 дахин нэмэгджээ.
Түүнчлэн Чернобыльд байрласан орос цэргүүд хориотой бүсийн эргэн тойронд ан хийж, загасчилсан байж болзошгүй. Цэргүүд реакторын ус хөргөх сувагт үржсэн муур, загасыг агнаж, зэрлэг амьтдыг буудсан гэх мэдээлэл байна. Цацрагийн тоосонцрыг залгих эсвэл амьсгалах нь маш хурдан хортой нөлөө үзүүлдэг. Онолын хувьд Оросын зэвсэгт хүчин Улаан ой болон бусад өндөр эрсдэлтэй бүс нутгаас зайлсхийсэн бол цацрагийн аюулд хамгийн бага өртөх боломжтой байсан. Энхийн цагт хориотой бүсээр аялаж буй жуулчид тийм ч их аюулд өртдөггүй.
Цацрагийн аюулгүй байдлыг үл хамааран орос цэргүүд Чернобылиэс үнэтэй тоног төхөөрөмж сэлтийг хулгайлж дээрэмдсэн тохиолдол ч гарчээ. Тухайлбал, 700 шахам компьютер, 350 машин, 1500 цацраг хэмжигч алдагдсан гэж үзэж байна.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ