УИХ-ын гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байна
УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаан 59 гишүүний ирцтэйгээр эхлэв.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын тэргүүн танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Геополитикийн одоогийн өөрчлөлт цаашдаа 5-10 жил, 50-100 жил ч үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид анхааруулж байна. Энэ цаг үед та биднээс хөрвөх чадвар, ур ухаан, улс төрийн манлайллыг шаардаж байна. УИХ-ын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно гэж үзэж байна. Хоёрдугаарт , нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмын тухай.
1992 онд АИХ-аар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүний тоо 75-200 хүртэл байх хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай яригдаж байсан түүхэн баримтууд, хурлын протоколд тэмдэглэгдсэн байдаг.
Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан.
Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын гишүүн дунджаар 45 мянган иргэнийг төлөөлж байна.
УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр Улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд өнгөрсөн хугацаанд давамгайлсан. Энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.
Улс төрийн хүчин МАН-ын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг гэж үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүү олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн улс орнуудтай Монгол Улс хөгжлөөрөө өрсөлдөхийг илүүд үзнэ.
Гурав, эдийн засгийн их үсрэлтийн тухай, Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөхөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурлаж, хиймэл оюун ухаанаар хөгжлийн бодлого, хөгжлийн загвараа урт хугацаанд тодорхойлж байна. Тойрог бүрт гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, техник эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биенээ хуурсаар 30 жилийг ардаа үджээ. Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 1200 орчим км автозам баригдсан боловч дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар замууд бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм. Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, НД, цалин тэтгэврийн нэгдсэн болого, боомт тээвэр логистик, аж үйлдвэр, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх ёстой.
Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломжийг алдсаныг, ямар хэмжээний сорилттой нүүр тулсныг тоочоод баршгүй.
Өнөөдөр би зөвхөн өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрлээ. Экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, ДНБ 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа энэ оны эцэс гэхэд 5000 ам.долларт хүрэхээр төлөвлөж байна.
Олон улсын туршлагаас харвал нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрч байж, амьдралын чанар бодитоор сайжирч, ажлын үнэт зүйлс жинхэнэ утгаараа хөгждийг харуулж байна. Тойрогжсон тогтолцоогоо халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяанд нэн чухал юм. Засгийн газраас УИХ-ын гишүүнийг 76:76 хувь тэнцүүлэн сонгох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг өргөн барихдаа өмнөх онуудад гаргасан саналуудад тусгасан хүн амын тоонд зохицуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал, УИХ-ын 2019 оны 72-р тогтоолоор батлагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 1, 2-р тогтоол зэргийг үндэслэсэн болно.
Ингээд хууль санаачлагчийн илтгэлтэй холбоотой асуулт, хариулт явууллаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Өнөөдөр бид маш чухал асуудлаар ярилцаж байна. Бид ард түмний эрх мэдлийг булааж, хулгайлж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлье. УИХ-ын 76 гишүүн өөрөө өөрсдөдөө зориулж хууль баталж болохгүй. Журмын тухай хуульд ч ийм санаа байгаа. Нийт ард иргэдийн санал асуулгаар хэрэгжүүлэх хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 69-р зүйлээрээ журамлан зохицуулсан байдаг. Энэ журамд зааснаар УИХ-ын гишүүдийн 3/4-ийн доошгүйн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг батална. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр удаа авч хэлэлцэхэд гишүүдийн 3/4-ийн доошгүйн санал авч эс чадвал уг төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүд шинэ бүрэлдэхүүн эхэлтэл дахиж авч хэлэлцэхгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр үндсэн арга хэрэгсэл байгаа. 1-р Үндсэн хуулийн заалт, нөгөө нь ард нийтийн санал асуулга юм. Өнөөдрийн энэ харилцаа 2022 оны Цэцийн тогтоолоос үндэслэж, УИХ-ын 54-р тогтоолыг та бид бүхэн хамтдаа батлалцсан. Үүнд УИХ-ын тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог сайжруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт даалгасан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Энэ УИХ-ын гишүүдийн 152 гэдэг тооноос гарч ирсэн бэ? Хэр үндэслэлтэй вэ? 76:76 байх нь Монгол Улсын хөгжил, ард түмний төлөөлөлд хэр зэрэг нийцэж байгаа вэ? Үндсэн хуулийн өмнөх өөрчлөлт 2022 оны наймдугаар сарын 29-нд хийгдсэн. Энэ өөрчлөлт яг хуулийн номынхоо дагуу явагдсан уу? Баахан хүмүүс давхар дээлтэй болж, давжаа парламентад ийм том засгийн газартай болсон. Энэ алдаагаа засахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ удаагийн өөрчлөлт чинь батлагдахгүй бол хариуцлагаа та нар хүлээж чадах уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бид үнэн байж сурах хэрэгтэй байна. Өрөөнд уулзахаараа энэ нэмэлт өөрчлөлт зөв гэчихээд энд орж ирээд ярихаараа ер нь буруу ч юм биш үү гээд байдаг. Олон намын парламентад оруулж ирэх нь геополитикийн энэ нөхцөл зөв байна. 76:76 гэдэг үндэслэлийг тайлбарлавал, одоо 76 гишүүд шууд тойргоос сонгогдож байгаа. Ингэхээр тойрог талаасаа харах магадлал илүү өндөр байна. Нийгмийн төлөөллийн дуу хоолой болоход тойргуудад хуваагдчихаж байна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудал гэхэд тойрог, тойрог дээр байгаа тухай тухайн асуудлыг илүү үздэг. Үндэсний хэмжээнд гаргаж ирэх сегментийн дуу хоолой тойрогт хуваагдаад багасчихаж байна. Эмэгтэйчүүдийг улс төрд эн тэнцүү төлөөлөлтэй болгосон бол ядаж л хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих шийдвэр гаргах байх гэж би найдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Улс төрийн тогтолцоотой холбоотой шийдвэрүүдийг УИХ хэд хэдэн удаа гаргаж байсан. Түүний нэг нь Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тогтолцооны асуудлыг бид хэлэлцэж байна. Энд хоёр үндсэн зарчмыг сайн хэлэлцэх ёстой гэж бодож байна. Зөвхөн нэг намын улс төрийн бодлогоор биш ард иргэдтэйгээ бодлогоо танилцуулж, шийдэх шийдлийг олох ёстой. Бид парламентын гишүүдийн 152 гэх тооноос илүү мажоритар, пропорциональ тогтолцооны харьцааг ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж харж байна. Тэрнээс биш эрх барих намын оруулж ирсэн санал учраас дуугүй гар өргөнө гэсэн асуудал биш.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Өмнөх 30 жилийг дуусгаж, үр хүүхдэдээ өөр 30 жилийг бид өгч чадах юм уу, үгүй юм уу? Үүний тулд тогтолцооныхоо өөрчлөлтийг хий. Авлигатайгаа тэмцэж чадах юм уу, Үүний эсрэг зоригтой тэмцэж чадвал парламентаас шүгэл үлээнэ, бүхэл бүтэн намаараа бид дэмжинэ. Л.Оюун-Эрдэнэ та намын даргын хувьд үгээ хэлээч. Намын жагсаалтад хулгай хийсэн, худлаа ярьсан, нэр хүнд нь унасан биш мэдлэг, ёс зүйтэй шинэ залуусыг оруулж ирнэ гэж амлаач ээ. Үүнд баталгаа өгөөч ээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хэрэв Ардчилсан нам зөвшөөрвөл энэ асуудлаар ХҮН намтай гурвалсан санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
-Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Энэ гурав бол эрхзүйн хувьд нэг багц гэж хэлж болохоор байгаа. Энэ бол улс төрийн суурь шинэчлэлийн чанартай, улс орны хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой гэж харж байна. Эдгээр хуулиудын хоёрыг нь эсвэл нэгд нь өөрчлөлт оруулалгүй хэвээр нь үлдээвэл бүрэн шинэчлэлт болж чадахгүй. Гишүүдийн тоо нэмэхийг хүн амтай холбож авч үзэж байгаа. Үүнээс үүдэх эрсдэл, давуу талын судалгаа хийгдсэн үү? Анх гишүүдийн тоог 76 бүрэлдэхүүнтэй зургаан жилийн хугацаатай дунд нь гурван жилээр сэлгэлт хийдэг байх саналыг гаргаж ирсэн байсан. Одоогийн Японы жишиг. Ийм хувилбарыг та бүхэн бодож үзсэн үү? Монгол Улс бол харьцангуй залуу орон. Тиймээс цаашид хүн амын тоо өснө. Иймд гишүүдийн тоог хатуу зааж өгөх нь хэр зохимжтой вэ? Үндсэн хуулийн тогтвортой байдлаа харсан ч бусад холимог системтэй орнуудаас харсан ч парламентын гишүүдийн тооны доод хэмжээг л Үндсэн хуульдаа зааж өгсөн байдаг юм билээ. Ингээд мажоритар тогтолцоогоор парламентын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулж тогтоодог уян хатан системтэй байна. Ийм зохицуулалтыг бодож үзсэн үү?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Нэмэлт өөрчлөлтөөр хууль тогтоох чанарт том хэмжээний өөрчлөлт гарна. Парламент мэтгэлцээний соёл руу шилжинэ гэсэн үг. Ялангуяа, Дэгийн тухай хуульд нэлээд том өөрчлөлт авчирна. Англи, Германы парламенттай төстэй, сонгодог зам руугаа орно. Бодлого тогтвортой явна. Ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулагдах болно. Сул тал нь гэвэл засаглалын тогтворгүй байдал үүсэх, мэтгэлцээн урт хугацаанд сунжирах магадлалтай. Тогтолцооны гурван хуулийг энэ хаврын чуулганаар хийж чадвал араас нь төрийн албаны реформ явна. Төрийн албаны данхар бүтцийг цалин өндөртэй цомхон бүтэц болгох вэ гэдэг гол асуудал та бүхний өмнө байна. Одоогоор цалингийн 100 гаруй шатлалтай байгааг нэг шатлалд аваачна. Улс төрийн албан тушаал, төрийн алба хоорондоо ялгаатай болно. Ингэснээр нам солигдох тоолонд төрийн албанд цомхотгол явахаа болино. Дагаад Нийгмийн даатгалын реформ, Баялгийн бүтээмжийн реформ хийхээр Засгийн газар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Энэ бол тогтолцооны реформ биш сонгуулийн тогтолцооны реформ гэдгийг онцолмоор байна. Ажлын хэсэг дараах эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэж тооцсон. Тодруулбал, санал гээгдэх байдал арилна, хуулийн хэлэлцүүлгийн чанарт ахиц гарна, гишүүний ачаалал буурна, гишүүний эрх мэдлийн жинг багасгана, улс төрийн намын төлөвшил тогтоно, сонгуулийн зардал буурч, мөнгөний хамааралтай тогтолцооноос бодлогын өрсөлдөөнд шилжинэ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсэнд нь дэмжиж байгаа. Эрх барьж байгаа МАН шинэчлэлийг хийхийн тулд маш зоригтой алхам хийлээ. Ирэх оны сонгуульд намаа л явуулахыг хүссэн бол хуучин системээрээ оруулж ирэх байсан. Залуу Ерөнхий сайд улс орныхоо хөгжлийн төлөө энэ шинэчлэлтийг оруулж ирсэнд нь баяр хүргэмээр байна. Анх Чимэдгүй Үндсэн хуулийг баталж байхад 2 сая хүн амтай Монгол Улс УИХ-ын 120 гишүүнтэй байх ёстой гэсэн саналыг хэлж байсан. Тухайн ардын депутатууд бол 52 гэдэг тоон дээр тогтоод энэ хоёрын дундаас 76 гишүүний тоог тогтсон. Парламент бол хууль батлахаас гадна ард түмэн, сонгогчдыг төлөөлдөг. Энэ төлөөлөл нь газар нутаг, хүн амын төлөөллийн зарчмаар явагддаг. Өнгөрсөн 30 жилд газар нутгийн төлөөлөл сайн хамрагдсан. Тиймээс хүн амын төлөөллийг хангахад ямар зарчим барьсан бэ? Улаанбаатар хотын төлөөллийн зарчимд ямар төлөвлөгөөтэй байна?
МУИС-ын Улс төрийн тэнхимийн доктор, профессор Д.Бумдарь:
-Санал гээгдэхгүй байх нь маш чухал асуудал. Төлөөллийн ардчилал учраас нэг санал-нэг төлөөлөл гэсэн зарчмыг баримтлах нь зүй ёсных. Гэхдээ бидний оруулж ирж байгаа хувилбар бол тойргийн мандатыг яаж хуваах вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас хуваагдал хийгээгүй. Үүн дээр санал гээгдэхгүй байхыг эрхэмлэх үүднээс 50:50 хувийн хуваагдлыг оруулж ирсэн. Хувь тэнцүүлсэн элемент нь өндөр байх тусмаа иргэдийн өгсөн санал суудал болж хувирах магадлал өндөр байдаг. Тиймээс жагсаалтыг 50 хувь, мажоритарыг 50 хувь гэж оруулж ирсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Улаанбаатар хотын дүүргүүдэд байгаа замуудыг холбоход 200 км автозам шинээр барих шаардлагатай. Ингэчихвэл заавал метро, LRT барих шаардлагагүй. Үүнээс харвал мажоритар тогтолцоогоор нийслэлээ ч бүтнээр нь харж чадахгүй байна. Порпорциональ тогтолцоогоор улсын хөгжлийг илүү том зургаар харна гэсэн үг.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Би байнгын хороон дээр бүх гишүүдийн саналыг нэг бүрчлэн сонссон. Үндсэн хууль, сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийчихээд ирэх намар сонгууль хийх гээд байна гэсэн асуудлыг ард түмэн тавьж байна. Үүнд Ерөнхий сайд тодорхой хариулт өгнө үү? Эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад олон байгаа улсууд ядуурал, боловсрол, эмнэлэг, нийгмийн халамжийн асуудлыг бараг ярихаа больсон байна. Энэ асуудлууд аль хэдийнэ шийдэгдчихсэн байна. Одоо эдгээр хүмүүс даян дэлхийн энх тайван, байгаль экологийн сүйрэлгүй байх талаар ярьж байна. 152 гишүүний тоог бол дэмжихгүй байна. Тоо буурвал дэмжинэ. Засгийн газрын шийдвэрийг шүүх шүүж байгаа нь буруу. Хамтын шийдвэрийг хэн нэгэн шүүх нь зохимжгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Гишүүдийн тооны асуудалд олон хувилбар гарсан. 99, 108, 152 гэх мэт. Өнөөдрийн оруулж ирсэн хувилбар бол тойрог хасахгүйгээр төлөөллөө нэмье гэсэн л шийдвэр шүү дээ. Бас заавал 50 хувь гэж том алхахгүйгээр 30 хувиар порпоциональ тогтолцоогоо оруулж ирье ч гэж ярьж байна. Бүгдээрээ ярилцаж байгаад л тоогоо тогтъё. Өнөөдрөөс хэлэлцүүлэг эхэлж байгаа нь л чухал алхам юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Үндсэн хууль бол эрх мэдлийн дээд хязгаар учраас үүнийг хөдөлгөх нь эрх мэдлийн хуваарилалтыг өөрчилдөг. Мөн төр-ард түмний хоорондын гэрээ юм. Тиймээс Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөхийг би дэмждэггүй. Порпоциональ тогтолцоог бол дэмждэггүй. Намын жагсаалтаар сонгогдохыг би дэмждэггүй. Олон нам ороод ирэхээр Засгийн газар тогтворгүй болдог. 2012 онд тийм байсан шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг цорын ганц субьект бий болчихсон юм биш байгаа гэсэн болгоомжлол байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэц. Маш дураараа есөн хүн байна. Ардчилал ялснаас хойш 8 удаагийн сонгууль болсон. Тэр бүр улс төрд үе уламжилж явж байсан уу гэхээс үе солигдож байгаагүй. Одоо энэ бол үе солигдож байгаа нөхцөл аль аль нам дээр харагдаж байна. Сонгуулийн тогтолцоо 60 хувь нь мажоритар, 40 хувь нь порпоциональ байх нь зөв гэж би үзэж байна. Яагаад гэвэд Монгол Улс асар уудам нутагтай, цөөн хүн амтай.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд хэлэлцээд зарим зүйлүүд дээр санал зөрөлдөж байсан. Оюун-Эрдэнийн хийж байгаа тэмцлүүдийг би дэмжиж байна. Ялангуяа УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг бүрмөсөн авч хая.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Зөвлөлдөх санал асуулгаас хоёр зөвлөмж гарсан. Үүнийг Төв аймгийн ард иргэдэд танилцуулаад нөхцөл байдлыг тайлбарлахаар зөв тал руу нь дэмжиж байна. Ард түмэн яагаад холимог тогтолцоог дэмжихгүй байгаа юм? Хулгайчийг хаалгаар гаргаад хаяхаар тооноор ороод ирж байгаа учраас тэр. Тиймээс Ерөнхий сайд муу нэртэй тодорхой авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст ямар байр суурьтай байгаа вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Бүх мэдээлэл цахим болж, ил тод болж байна. Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна. Иргэд мэдэж, үнэнг ойлгохын хэрээр өнгөрсөн 30 жилээ өөр өөрсдийнхөөрөө маш бодитой дүгнэж чадна. Бид МАН, АН гэж мэтгэлцэхээс илүүтэйгээр энэ хоёр намыг системийн хувьд бусниулсан тэр албан бус бүлэглэлийг л олж харж, анзаарах ёстой. Тэр бүлэглэлийн гишүүдээсээ бид салах ёстой. Бусад намууд, ХҮН нам энэ бүлэглэлийн хүмүүсийг оруулахгүй байх ёстой. Ингээд хаачихаж чадвал, иргэдийн төлөөллийг энэ тогтолцоогоор оруулж ирж чадвал жинхэнэ реформ болно. Ингэж чадахгүй тэр бүлэглэлийн гарт намын жагсаалтыг худалдаж, намын санхүүжилтаа босгох байдал руу шилжвэл энэ том эрсдэл болно. Олон олон боломжуудыг хаана. Тиймээс намын бүх санхүүжилтийг ил тод болгох ёстой. Эцсийн шийдвэрийг гагцхүү УИХ гаргана.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Улс орноо тойрогт хувааснаас олон сөрөг байдал бий болсон. Мажоритар тогтолцооны сул тал нь мөнгө санхүү, хүн хүчний нөөц их шаарддаг учраас нийгмээ төлөөлөх хүмүүс орж ирж чаддаггүй. Төлөөллийг ямар магадлалаар оруулж ирдэг вэ гэдгээ нарийн тайлбарлах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Улс төрийн шинэчлэлтийг хийхдээ эдийн засгийн шинэчлэлтийг давхар хийх ёстой шүү. 30 жилийн мухардал сонгуулийн тогтолцоондоо байгаа юм уу, эсвэл бидэнд байна уу? Хоёр хөршүүд, гуравдагч хөршүүд ч бидэнд маш таатай хандаж ирсэн. Бид арчаагүй учраас Монгол Улсаа хөгжүүлж чадаагүй. УИХ-ын гишүүдийнхээ тоог тогтоохдоо олон талыг харах ёстой. Дэлхий дээр төгс тогтолцоо гэж байхгүй. Тиймээс Монголд аль болох тохирохыг нь сонгох ёстой. Монгол Улсын нөхцөл байдал маш хүнд байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Гишүүдийн тоог нэмэх ёстой. Гэхдээ хэд байх вэ гэдгийг нь л тогтоох хэрэгтэй. Тогтолцоо давуу, сул тал ихтэй. Монгол Улсын Их Хурал бол харьцангуй өндөр эрх мэдэлтэй. Гэхдээ Цэцийн давхар дээлийн шийдвэрээс болж энэ эрх мэдэл замхарсан. УИХ-ын хяналт гэдэг зүйл байхгүй болсон. Төлөөллийн асуудалд ямар байх суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Хууль санаачлагчийн үндэслэлийг сонсох хүртэл би байр сууриа илэрхийлэхгүй явж ирсэн. Миний хувьд дэмжих шалтаг, шалтгаан байна бас болгоомжлол байна. УИХ, Засгийн газрыг ард түмэн юу гэж харж байна вэ? УИХ-ын гишүүн бол бүхний дээр эрх мэдэлтэн гэж ойлгож байна. Бүх л зүйлд гишүүд оролцсоор ирсэн учраас ард түмэн биднийг буруу ойлгодог болсон. Би энэ өөрчлөлтийг 76 даргаас 152 иргэний төлөөлөгч рүү шилжинэ гэж ойлгож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Сүүлийн жилүүдэд 76 гишүүн нь төсвийн 76 зарцуулагч болж хувирсан учраас иргэдийн зүгээс тэднийг тойрогтоо хэр мөнгө татаж, ямар төсөл авчирч чадаж байгаад анхаардаг болчихсон. Нөгөө талаасаа тойргоосоо хэнийг томилж байна гэдэг уралдаанд удаан явлаа. Сандаг-Очир гишүүн маш зөв тодорхойлж байна. 76 даргаас 152 иргэний төлөөлөгч рүү шилжиж буй эрх мэдлийн задрал, тогтолцооны өөрчлөлт гэж ойлгож болно. Ингэснээр сонгогчдын сэтгэлзүй өөрчлөгдөнө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Сонгогчдоо ойртож, тэдний эрхийг хэрхэн хамгаалах вэ, хүчтэй сөрөг хүчинтэй байх, нийгмийн бүх давхаргын төлөөллийн оролцоог бий болгох, жендэрийн тэгш эрхийг хангах гол өөрчлөлтийн боломж гэж харж байна. Ямар зохицуулалтаар нэр хүндгүй, авлигач хүмүүсийг намын жагсаалтад оруулж ирэхгүй байх вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Төлөвштөл нь Улс төрийн намын тухай хуульд хатуу заагаад өгчихөж болно. Жагсаалтыг яаж шийдэхийг ард түмнээс асуугаад шийдэж болно. Гол нь ганц нэг хүнээс болж ирэх 30 жилд ашигтай тогтолцооны өөрчлөлтөө хийж чадахгүй байх вий гэдэг нь гол. Үндсэн хуулиас гадна бусад хуулиудыг оруулж ирэхгүй байгаа нь хэлэлцэх маш их асуудалтай байгаа юм. Үндсэн хууль ерөнхийлсөн байж болно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Би УИХ-ын гишүүний тоог 152 болгож нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна. УИХ-ын гишүүдийн тоог тогтохдоо цаашид маш сайн хэлэлцэж, ярилцана. Тиймээс үүн дээр одоо тогтож ярих шаардлагагүй боллоо. Тойргийн гишүүдийн тоог бууруулахыг ард иргэд эсэргүүцэж байна. Тиймээс тэнцвэртэй байдал зөв гэж үзэж байна. Гурван гол асуудлын нэг нь жендэрийн тэгш байдлыг энэ нэмэлт өөрчлөлт хангаж байгаа учраас талархаж байна.
Гишүүд үг хэлж дууслаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг 59 гишүүн дэмжиж, 96.7 хувийн саналаар зөвшөөрлөө. Ингээд хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
Холбоотой мэдээ