Улаанбаатар хот дотор чимээгүй нэгэн "хот" орших. Түүнийг иргэд Далан давхар гэж нэрлэдэг. Даландавхарыг шинэчлэх яриа 13 жилийн өмнөөс эхэлсэн боловч, өдгөө л ажил хэрэг болох шатандаа очжээ.
Чимээтэй, түгжрэлтэй хотоос чимээгүй хот руу ойртох тусам сэтгэл эвгүйцэх. Даландавхар руу чиглэсэн нарийн жимээр муудсан яс, тэр ч бүү хэл хүний гавлын яс харагдах. Харин ойр, орчмынх нь оршин суугчид энэ байдалд хэдийнэ дассан бололтой, хашаандаа шарилтай айлууд ч харагдана.
“Далан давхар”-ыг шинэчилж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл 2010 оноос яригдаж эхэлсэн боловч ажил хэрэг болж чадалгүй явсаар өмнөх оноос албан ёсоор төсөл хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, төр хувийн хэвшлийн түншлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран уг төслийг хэрэгжүүлж буй.
Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн байна.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг.
Оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар 2021 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн сайтаар дамжуулан иргэдээс саналыг нь асуужээ. Санал асуулгад оролцсон 4715 хүний 93.1 хувь нь дэмжсэн байна.
Энэхүү оршуулгын газар нийт 73.9 га талбайг хамардаг. Эхний ээлжид төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж, 10934 булш тоолжээ. Эдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувь нь эвдэрч, тоногдсон, хөшөөний нэр нь арилсан, ямар ч хаяггүй болж, ар гэрийнхэн нь ч тэнгэрт халигчдаа оршуулсан газраа олохгүй учраас эргэж тойрохоо больжээ.
Газар чөлөөлөлтийн талбайд орсон нэр тодорхой булшны нэгдсэн мэдээллийн сан болох www.sambalkhundev.mn сайтыг нээжээ. Иргэд хайлтын хэсгээс шүүлт хийх боломжтой. Шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдох, санал хүсэлтийг нь хүлээн авч, улмаар нэгдсэн журмаар газраас гаргаж чандарлсан. Мөн хариуцах эзэнгүй, ухагдаж тоногдон, хэн нь тодорхойгүй болсон, эсхүл ил задгай хаясан шарилыг газраас гаргаж тэдгээр шарилуудыг “Улаанбаатар буян” ХХК-ийн Буяны төв цогцолборт түр хадгалаж байна. Эзэнтэй булшны ар гэрийхэнтэй нь холбогдож, чандарлах ажлын хүрээнд зарим иргэд нутаг руугаа авч явах хүсэлтэй байгааг шийдрвэрлсэн. Чандруудыг бүтээн байгуулалтын дараа хүрээлэн дээрээ бунхална. 10 га газраас 14 мянга гаран булш олдсон. Шарилын чулууг ар гэрийнхэн нь авахгүй гэсэн тул тухайн чулуугаар 33 овоо барихаар болжээ.
Булшийг чандарлах ажил дуусаж дараагийн шат болох бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн.
Төсөл хэрэгжүүлж буй 10 га газарыг хашаагаар тусгаарлан газрыг тэгшилж бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
Гүйцэтгэгч Орис компани ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх уй гашуугаа хуваалцах газар түүнээс хосуудын хөтлөлцөж зугаалдаг газар биш. Хүндэтгэлийн сүмийн барилга, сүүдрэвч, явган зам талбай, бунхан, ногоон байгууллага зэргээс бүтнэ. Иж бүрэн гэрэлтүүлэг, нийтийн нойлтой хүн ирээд тайвшраад хүндэтгэл үзүүлээд явахад хэрэгтэй бүх зүйлийг цогцлоосон. Нийт дээ 10 гаруй мянган бунхан байрлана. Чандар болгон кодтой” гэлээ.
Бүтээн байгуулалт, ногоон байгууламж бүхий тохижилтын ажил 10 га талбайд 2 жилийн хугацаанд хэрэгжиж дуусна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 70 хувь нь ногоон байгууламж байх бол 3 хувь нь Буяны сүм, Бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдсэн тохижилтын ажлуудыг хийнэ. Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залахаар төлөвлөсөн болно. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг есөн сард дуусгахаар төлөвлөөд байгааг гүйцэтгэгч кампаниас мэдэгдээд байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ