Судан дахь мөргөлдөөн нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ер бусын бөгөөд онцгой аюул заналхийлж байна гэж ерөнхийлөгч Жо Байден үзжээ. Тиймээс улс орныг тогтворгүйтүүлж, Суданы ардчилсан шилжилтийг сааруулан, хүний эрхийн зөрчил үйлдэж буй хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн захирамжид өчигдөр /2023.05.04/ гарын үсэг зурав.
Шинэ тушаалын дагуу хориг арга хэмжээ хараахан аваагүй байна. Суданы эсрэг өмнөх хориг арга хэмжээг 2017 онд цуцалсан. Энэ удаагийн мэдэгдэл нь өмнөх хориг арга хэмжээтэй холбоогүй, өнөөгийн хямралд чиглэсэн гэв. Энэ хүрээнд АНУ-ын Сангийн яам болон Төрийн департментуудад цаашид авах зохистой арга хэмжээ байгаа эсэхийг шалгах эрх мэдэл олгожээ. Түүнчлэн энэ нь Судан улс болон ард түмэнд тавьсан хориг биш хүчирхийлэлд холбогдсон хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн арга хэмжээ гэдгийг албаны хүн онцолж байна.
"Би Суданы энхийг эрхэмлэгч ард түмэн болон дэлхийн удирдагчидтай нэгдэж, дайтаж буй талуудыг галаа зогсоохыг уриалж байна. Ариун Рамадан сард эхэлсэн энэ хүчирхийлэл олон зуун энгийн иргэний амийг авч одлоо. Энэ ухамсаргүй үйлдэл дуусах ёстой" гэж Байден хэлэв.
Дашрамд дурдахад, АНУ дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш америк иргэн, ажилтан, байнгын оршин суугч зэрэг 2000 хүнийг Суданаас нүүлгэн шилжүүлэхэд туслаад байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ