Эх хэл, хоёрдогч хэлний ойлголтын талаар олон хүн цахим хуудаст маргаж буй. Монгол Улсын боловсролын тогтолцоонд гадаад хэлийг бага ангиас буюу тавдугаар ангиас эхлэн ордог ч энэ нь улсын, хувийн сургуулийн сурагчдын дунд зааг, ялгаа их үүсгэж байгаа гэж иргэд үзэж байна. Учир нь нэгдүгээр ангиасаа эхэлж англи болон бусад хэлийг эзэмшиж эхэлсэн хүүхэд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж зэрэгт хамрагдах боломж их. Гэтэл өнөөгийн боловсролын системээр улсын сургуулийн сурагчдад гадаад хэлний хичээлийг хожуу орж байгаа бөгөөд хичээлийн агуулга ч хүрээгээ тэлж чаддаггүй гэдгийг иргэд цахим хуудастаа илэрхийлжээ. Мөн сурагчид ч өөрсдийн бодлоо бичсэн бөгөөд анги ахих бүрд англи хэлний агуулгад өөрчлөлт ордоггүй. Өнгөрсөн жил үзсэн зүйлээ л давтаж, сурах хүсэл сонирхолтой нь нэмэлт давтлага, сургалтад хамрагддаг гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн 2021 онд Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн банк, боловсролын үнэлгээний төвөөс гаргасан бага, суурь, бүрэн дунд боловсролын англи хэлний хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх зөвлөмжийг анхлан гаргасан. Үүнд тулгуурдан дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хичээлийн үнэлгээний шалгуур гэдэг нь сургалтын явцад сурагч бүрийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшил буюу хүрэх үр дүн юм.
Тиймээс ерөнхий боловсролын сургуульд орж байгаа хичээлийн үнэлгээг хэд хэдэн шалгуурт тулгуурлан хийдэг. Тухайлбал,
- Боловсролын түвшин, анги, судлагдахуун бүрээр залгамж холбоотой, эрэмбэ ахисан байх,
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нар шууд авч ашиглах боломжтой байхаар боловсруулах,
- Оролцогч бүх тал /суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэх мэт/-д ойлгогдохоор товч тодорхой, оновчтой энгийн үг хэллэгээр бичих,
- Хичээлийн агуулга давхцалгүй, нэг нэгнээсээ ялгаатай байх,
- Суралцагчдад юу хийхийг тодорхой ойлгуулахуйц үйл /түлхүүр үг/ үгсийг ашиглах,
- Сурагчийн гүйцэтгэл нь ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байхаар үг сонгох зэрэг шалгуур үзүүлэлтэд тулгуурлаж хичээлийн үр дүнг хэмждэг байна.
Боловсролын чанарын асуудал үнэлгээтэй салшгүй холбоотой. Аливаа хичээл, сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа л бол суралцагчдад үр дүнтэй боловсрол, мэдлэг олгох нь чухал.
Тэр дундаа гадаад хэлний судлагдахууны үнэлгээний шалгуурыг арга зүйд тулгуурлан хэмждэг байна. Тодруулбал, суралцахуйн зорилт, үнэлгээний нэгж, суралцахуйн үр дүн, үнэлгээний шалгуураар гүйцэтгэлийн хүрэх түвшинг хэмждэг. Гэвч Монголд тавдугаар ангиас эхлэн ордог хичээл анги ахих бүрд агуулга, хүрээгээ тэлж чаддагүй. Учир нь бүх суралцагч тухайн жилийн нэгж хичээлийн агуулгыг бүрэн эзэмшээгүйгээс ирэх жилд нь өнгөрсөн оны хичээлээ нөхөн үзэхээс өөр аргагүй болдог аж.
Гадаад хэлний сургалтын хөтөлбөр дэх агуулга дараах сэдвүүдээр тодорхойлогдоно. Агуулгад:
- Өдөр тутмын амьдрал,
- Хувь хүн, ахуй амьдрал, ажил эрхлэлт, бизнес,
- Хүрээлэн буй орчин, нийгэм,
- Шинжлэх ухаан, соёл, гадаад харилцаа, бүтээлч сэтгэлгээний хүрээнд задардаг.
Өөрөөр хэлбэл, гадаад хэлний мэдлэгийг нарийвчлан задалж, хөнгөнөөс хүнд рүү гүнзгийрүүлэн судлах ёстой. Тавдугаар ангид А1 түвшин буюу өдөр тутмын амьдрал гэсэн сэдвийн хүрээнд би, гэр бүл, найз нөхөд, сургууль, оршин суудаг газар, эргэн тойрны газар нутаг зэрэг дэд сэдвүүдийг үздэг. Гэвч үүнийг 5-7 дугаар ангийг дуустал нь үздэг бөгөөд орон нутгийн сургуульд 12 дугаар анги төгстөл ордог ч тохиолдол байдгийг сурагчид бичжээ. А1 түвшний сурагчид дээрх сэдвийн хүрээнд харилцахдаа энгийн, хялбар, цөөн хэдэн үг, өгүүлбэр ашиглан харилцах, энгийн асуулт асуух ба хариулах мөн судалсан сэдвийн хүрээнд хялбар, үгийн тоо багтаамж нь түвшинд тохирсон эх сонсох ба унших юм. Мөн анги, түвшинд тохирсон (40-80) үгийн хооронд эх бичих гэх мэтээр үгийн тоог зааж өгдөг байна. Гадаад хэл судлахад дээр дурдсан сэдвийн хүрээ нь анги бүрт тодорхой хэмжээгээр давтагдан ордог бөгөөд өөрөөр хэлбэл A2 түвшний хувьд сонсох, ярих, унших, бичих чадварууд болон үгийн нөөц, хэлний хэрэглээ нь агуулга, тоо ба чанарын хувьд өмнөх түвшнээс илүү байна гэсэн үг. Тиймээс хэрэв боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах гэж байгаа бол эхлээд заах арга, өнөөгийн бодит үр дүнгийн түвшинг харгалзаж, чанартай мэдлэг олгоход анхаарах нь юунаас ч илүү чухал байна.
Холбоотой мэдээ