Одоогоос гурван жилийн өмнө 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус Covid-ийн халдвар дэлхий даяар тархсаныг зарлаж, цар тахал хэмээн албан ёсоор үзсэн. Тэр цаг үеэс бидний мэдэх цэнхэр дэлхий урьдын адил байхаа больсон. Нийт 6.8 сая хүн Covid-19-ийн халдварын улмаас таалал төгссөн гэх ДЭМБ-ын тооцоо гарч, нүдэнд үл үзэгдэх дайсан ямар хүчтэй, хор хөнөөлтэйг харуулав. Тэгвэл бид цар тахлаас юу сурч, ойлгож авсан бэ?
АМНЫ ХААЛТ БОЛ АВРАЛ
Амны хаалт цар тахлын тархалтыг удаашруулж байгааг бүгд харсан. Монгол Улсад гэлтгүй олон улсад амны хаалтын хэрэгцээ эрс нэмэгдэж, зарим үедээ эрэлтээ дийлэхгүй дутагдалд орж эхлэв. Хамгийн өндөр хамгаалалттай гэх N95 болон KN95 амны хаалтуудын үнэ өссөн. Даавуун амны хаалт халдвар авах эрсдлийг 56 хувь, мэс заслын зориулалттай хаалт 66 хувь, N95, KN95 хаалтууд 83 хувиар тус тус бууруулжээ. Өнөө цагт хүмүүс хоолой нь өвдөх, зовиурлах төдийд л амны хаалт зүүж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах болжээ. Ерөнхийдөө амны хаалт хэрэглэж хэвшинэ гэдэг цар тахлаас бидэнд үлдсэн эрүүл амьдрахуйн дадал зуршил гэж хэлж болохоор байна.
АГААРЖУУЛАЛТ ЧУХАЛ
Вирус гадаргуугаар бус агаараар илүүтэйгээр дамждаг гэдгийг эрүүл мэндийн байгууллага анхааруулснаас хойш агааржуулалт, агаар сэлгэлт гэдэг зүйлийг бид өмнөхөөсөө илүү ухаарсан. Айл бүр агааржуулагч, агаар цэвэршүүлэгчийн эрэлд гарч, өдөрт тогтмол цонх, цонхоо онгойлгох болжээ. Мөн шүүлтүүрт ач холбогдол өгч, тогтмол сольдог болсон.
ХҮРСЭН БОЛ УГАА
Хаалга, шатны бариул, цахилгаан шатны товчлуур, ариун цэврийн өрөөний угаалтуур, жорлон гээд гадаргуу нь "сэжигтэй" харагдах юмс бүхэнд гар хүрсний дараа гараа угаах эсвэл ариутгах ёстой гэсэн дадал хүн бүхний ухамсарт суужээ. Ядаж л цахилгаан шатны товчлуурыг хурууныхаа өндгөөр дарахаас зайлсхийдэг хүмүүс олон болов.
ВАКЦИН
Цар тахлын үед Монголд шинжлэх ухаан бус мухар сүсэг давамгайлах дөхсөн. Гадангийн үрлээс эхлүүлээд өлөн шээс, адууны мах, болсон болоогүй домын арга дэлгэрч, мунхаг гэдгээ нэг биш удаа харуулав. Төр засгийн зүгээс вакцин хийлгэхийг иргэддээ уриалан урамшуулал хүртэл олгосон. Эцсийн эцэст дэлхийн хэвийн амьдралыг вакцин буцаан авчирсан. Шинжлэх ухааныг үгүйсгэх зүйл энэ дэлхий дээр нэгээхэн ч үгүй.
АЖЛЫГ АЛСААС ХИЙЖ БОЛДОГ
Цар тахлын үеэр дэлхий нийтээрээ гэрээсээ ажиллаж, оффис гэж байх хэрэгтэй эсэх дээр мэтгэлзэж эхэлсэн. Зайлшгүй ажлын байр, оффис шаардлагатай мэргэжлүүдийг эс тооцвол гэрээсээ ажилдаг моод дэлгэрэв. Нөгөө талдаа, зарим ажлын байрууд цомхотголд орж, ажилгүйдлийн түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн.
СЭТГЭЛ ЗҮЙ БА ГЭР БҮЛ
Нэг хэсэг цахимжиж, дэлгэцний хамааралтай болоод байсан гэр бүлийн гишүүд цар тахлын дэглэм дор хамтдаа байж, халуун дулаан уур амьсгал, амьд харилцаа бий болгон мартсан, үл анзаарсан зүйлсээ олж харсан биз. АНУ-д цар тахлын үеэр 2.6 сая залуучууд төрөлх гэртээ эргэн ирж, эцэг эхтэйгээ хамт амьдарсан гэнэ. Мөн хосуудын харилцаа ч батжиж, тэдэнд хангалттай ярилцах цаг гарчээ. Харин ганцаараа хөл хорионд орсон хүмүүст сэтгэл зүйн асуудлууд тулгарч, амь хорлох талаар нэг биш удаа бодож зарим нь бүр гүйцэлдүүлжээ.
ТЕХНОЛОГИ БИДНИЙ НАЙЗ
Техник технологи үсрэнгүй хөгжөөгүй 20 дугаар зуунд бид хөл хорионд орсон бол яах байсан бол? Найз нөхөдтэй, гэр бүлийнхэнтэйгээ царай, царайгаа харан ярьж чадахгүй, ажлаа гэрээсээ хийх боломжгүй, дуртай хоолоо захиалж иднэ гэдэг бэрх даваа байсан нь лавтай. Харин 21 дүгээр зуунд цар тахлын хөл хорионд хүн төрөлхтөн стрийм үйлчилгээ хүртэж, гар утсаараа хайртай, дотны хүмүүстэйгээ хэдэн ч цаг тасралтгүй ярьж, уйдвал "clubhouse" орж буу халж байлаа. Хоол хүргэлтийн хэрэглүүрийн хэрэглээ өсч, хүн бүрийн гар утсанд хоол захиалга, онлайн дэлгүүр байх болжээ.
Дээрх зүйлсээс гадна бид амьдралын үнэ цэн, яагаад хадгаламжтай байх ёстой, цаг хугацааг зогсоох боломжгүй зэргийг ойлгосон нь лавтай. Нэг талаараа цар тахал таагүй зүйлсийг учруулсан ч нөгөө талаараа хүн төрөлхтний амьдралыг илүү утга учиртай, илүү дэвшилтэт болгож өгсөн гэмээр.
Холбоотой мэдээ