УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.05.04/ УИХ, Засгийн газрын гишүүний хамаарал бүхий компани төрөөс зарласан тендер, концесст оролцохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “УИХ-ын 76 бүгдээрээ хулгайч биш, цөөн хулгайч бий” гэх асуудал хөндлөө.
Тэрбээр “Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин зарим нэг гишүүний өргөн барьсан төслийг гайхаад байгаа. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдаг. Авлигач хүн авлигачтай тэмцэнэ гэж ярьдаг. Энийг би гайхаад байгаа. Ийм зүйл байж болохгүй.
Уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай. Би олон жил тендер, концесс авсан, Хөгжлийн банкнаас зээл авсан гэж хэлүүлж байгаа. Яг үнэндээ гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан бүгд зүдэрдэг юм билээ, зовдог юм билээ. Хууль зөрчиж, хулгай хийгээгүй болохоор тухай бүрт нь шалгуулж, хамааралгүйгээ тогтоолгосон. Сүүлдээ ах дүү, гэр бүл төртэй холбоотой бизнес хийхээ больсон. Сүүлийн зургаан жилд нэг ч төрөөс тендер аваагүй, төрийн өмчит компанид шахаа хийгээгүй, Хөгжлийн банкнаас зээл авалгүй цементийн үйлдвэр байгуулсан.
Хулгай хийдэг хүн хартай байдаг. Тэгж хардаад хуулийн төсөл санаачилсан юм шиг байгаа юм. Энэ хууль эргэж үйлчлээсэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирсаар байгаад УИХ-ын 76 хулгайч болчихсон. 76-уулаа хулгайч биш. Энэ дотор цөөхөн хулгайч байгаа. Цөөхөн хулгайч нарыг ил тод болгохын тулд энэ хуулийг эргэж үйлчлүүлмээр байна. Эргэж үйлчлэх үү” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль эргэж үйлчилж болох эсэхийг мэдэхгүй байна. Нэг ийм өнцөг байгаа. УИХ-ын гишүүд иргэдтэй адил биш, хамаагүй давуу байдалтай. Халдашгүй байдалтай, мэдээлэл авах эрхтэй. УИХ, Засгийн газрын гишүүд иргэдээсээ хамаагүй давуу байдалтай учраас давуу хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ.
УИХ-ын гишүүн бол сайн дурын үндсэн дээр таныг төлөөлж байгаа нийтийн албан тушаалтан. Хэн ч УИХ-ын гишүүнийг хүчээр сонгоогүй. Өөрөө сайн дураараа “Би таны сайн сайхны төлөө үйлчилье. Би таны сайн сайхны төлөө төлөөлөл болъё гэж байгаа албан тушаалтан. Тийм учраас сайн дурын үндсэн дээр албан тушаал хашиж байхдаа өөрийнхөө хувийн компанийн давуу байдлаас татгалзах нь ёс зүй. Харамсалтай нь энэ асуудал ёс зүйгээр зохицуулагдахгүй байгаа учраас арга буюу УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ маань цаашдаа УИХ, Засгийн газрын нэр хүнд жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл цэг тавигдаж байна гэж үзэх ёстой” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ