УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2023.05.04/ Олон нийтийн телевизийн зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “МҮОНТ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа тул татан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм бэ” гэж шүүмжилсэн юм.
Тэрбээр “МҮОНТ –ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг байсхийгээд чөлөөлдөг. Чөлөөлөөд томилох болгонд л нэг зүйл яригддаг. МҮОНТ бол Монголын ард түмний өмч, татвар төлөгчдийн мөнгөөр ихэнх санхүүжилтээ аваад явдаг. Бусад арилжааны телевизүүдийг бодвол асар том бүтэцтэй, асар том хөрөнгөтэй, улсаас дэмжлэг авдаг байгууллага. Гэтэл энэ том телевизийг хувийн жижиг телевизүүдтэй харьцуулахад гарч байгаа нэвтрүүлэг, ярилцлага нь эрх баригчдын дуу хоолой, намын жижиг студи шиг зүйл хийх юм. Үнэхээр ичих юм. Үзэгч гэж байхгүй болсон байх. Нэвтрүүлэг бүр нь бүгд хөтөлсөн асуулттай. өөрсдийнхөө дуу хоолойг гаргах гэсэн хүмүүсийг л оруулдаг. Энэ байдалд анхаарах ёстой.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах үеэр Н.Энхболд гишүүн бид хэд “МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хэд ч солиод нэмэргүй юм байна. Гүйцэтгэх удирдлагын тайлан орж ирэх ёстой” гэж ярьсан. Гүйцэтгэх удирдлагатай нь холбоотой биенээ матсан зэрэг асуудлууд Авлигатай тэмцэх газар зэрэг хуулийн байгууллагад байгаа. Тайланг сонсоё гэж ярьсан ч орж ирэхгүй, зөвлөлийн гишүүдийг л солиод байх юм. Хугацаа нь дуусаад сольдог юм уу, нөхцөл байдлаас болоод сольдог юм уу. Зөвлөлд шинээр орж байгаа хоёр гишүүн МҮОНТ-д очоод эрс шинэчлэл хийх хэрэгтэй. Хайран татварын мөнгө урсч байна.
С.Амарсайхан сайд аа, МҮОНТ-ийн төрөөс авсан санхүүжилтийг нь тайлагнахгүй юм уу. Жилд төсвөөс хэдэн төгрөг авдаг юм, хэдийг зарцуулдаг юм, аудитынх нь дүгнэлт ямар байдаг юм. Цаашид яах чиглэл өгсөн байдаг юм.
Монгол Улс маш олон телевизтэй болсон. Бусад хувийн телевизийн хөгжөөнт нэвтрүүлэг, гадаад орнуудын контентийг худалдаж аваад хийж байгаа нэвтрүүлэг нь үзүүштэй харууштай байдаг.
Хуучин бид “Цагийн хүрд”-ийг үзэх юмсан, хөгжөөнт болон бусад олон гоё нэвртүүлгийг нь үзье гэдэг хүлээлттэй, сэтгэлд хоногшсон нэвтрүүлэгтэй байсан. Одоо бол бүгд байхгүй, нураад дууссан. Монголын ард түмний хөрөнгийн үрэн таран хийж, энэ хэдэн арилжааны телевизтэй өрсөлдөх хэрэг байна уу.
МҮОНТ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол татан буугдаж, намынхаа хажууд очвол яасан юм бэ” гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ