Хэлний мэдлэгээрээ хэний ч дор орохгүй, тэр дундаа хятад хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн гэж яригддаг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.05.04/ Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр “Монголчууд бүгдээрээ англи хэл заавал сурах албатай юм уу” гэж “уурсав”.
Энэ тухай тэрбээр “Монголчууд бүгдээрээ заавал англи хэл сурах албатай юм уу. Баян-Өлгийнхнийг яах юм. Үндсэн гадаад хэл чинь монгол хэл байна, эсвэл монголчууд англи хэлээр ярих учраас үндсэн гадаад хэл чинь англи хэл байна” гэж хэлэх юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг юм ш дээ. Хүүхдүүдийн сэтгэлгээ хар багаасаа харьжиж, монгол хүн биш болно ш дээ. Тэр хэлээр дамжиж өв соёл, уламжлал, зан заншил, хүн гэдэг үндсэн сууриа авдаг. Юу болоод нэгдүгээр ангиас нь англи хэл заана, гуравдугаар ангиас нь англи хэл заана гэж яриад байгаа юм. Энэ асуултад хариулт өгөөдөх” гэв.
Монголчууд хэлтэй бол хөлтэй гэх нь бий. Сүүлийн жилүүдэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах шаардлага нөхцөл хангаж байгаа хүүхдүүд нь бүгд англи хэлийг нэгдүгээр ангиасаа үзсэн, тодруулж хэлбэл, хувийн сургуульд суралцсан, эсвэл төрийн өмчийн Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулийн сурагчид, мөн гадаад хэлийг гүнзгийрүүлэн үздэг сургуулийн сурагчид түлхүү хамрагдах болсон.
Харин төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдын хувьд энэхүү болзол нөхцлийг хангадаггүй. Зарим нь англи хэлээр ярих нь байтугай, үсгээ ч мэдэхгүй төгсч буй. Тиймээс ч салбарын яам нь гуравдугаар ангиас нь англи хэл заах бодлого барьж буй. Харин дээр дурдсан Боловсролын ерөнхий хуульд “Яг тэддүгээр ангиас нь англи хэл заана” гэж тусгайлан заагаагүй. Харин англи хэл нь үндсэн гадаад хэл байна” гэж тусгасан.
Гэвч өөрсдөө гурван ч улсын хэл устай гэгддэг, хүүхэд, ач зээ нараа өндөр төлбөртэй хувийн дунд сургууль, гадаад сургуульд сургаж, англи хэлний боловсрол эзэмшүүлсэн УИХ-ын гишүүд ардын хүүхдүүдэд англи хэл заахыг эсэргүүцэж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.
Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хувьд англи, хятад, орос хэлтэй гэж УИХ-ын гишүүний намтартаа тодотгосон байдаг ч тэрбээр ардын хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заахыг эсэргүүцэж буй гишүүдийн нэг болоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ