Кремлийн халдлагын талаар хэн, юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2023.05.05-нд нийтлэгдсэн

Кремлийн халдлагын талаар хэн, юу хэлэв?

Кремлийн халдлагын талаар хэн, юу хэлэв?

Москва дахь Кремлийн ордон руу нисгэгчгүй нисэх онгоцоор халдсан хэрэг Лхагва гаригийн үүрээр гарсан. Энэ хэрэгт Орос улс Украиныг буруутгасан бөгөөд ерөнхийлөгч Путинд халдах гэсэн оролдлого гэж үзэж байна. Харин Украины тал энэ буруутгалыг эрс няцаажээ. Мөн энэ үйл явдал нь ОХУ-ын хувьд дайныг хурцатгах шалтаг болж магадгүй гэж анхааруулав. Путин тухайн үед барилга дотор байгаагүй гэж ОХУ мэдэгдсэн.

Энэ хэрэгтэй холбоотойгоор янз бүрийн таамаглалууд гарч ирсээр байна. Москвагийн хамгийн өндөр хамгаалалттай барилга руу хоёр дрон хэрхэн амжилттай ойртож чадсан бэ гэдэг сонирхолтой. Зарим шинжээчийн үзэж буйгаар энэ нь ОХУ-ын өөрсдийнх нь зохион байгуулсан хуурамч халдлага байх магадлалтай аж. Харин зарим хүн үүнийг Оросын төрийн эрх мэдлийн гол бэлгэдэлийг цохих Украины дохио байж магадгүй гэж үзжээ.

Кремлийн хэвлэлийн алба Лхагва гаригийн үдээс хойш мэдэгдэл хийсэн. "Украин Лхагва гаригийн үүрээр ОХУ-ын ерөнхийлөгчийн байрладаг Кремлийн ордонд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөхийг оролдов. Хоёр нисгэгчгүй онгоц Кремлийг онилсон байсан. Бид энэ үйлдлийг Ялалтын баярын өмнөхөн Оросын ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого, төлөвлөсөн террорист ажиллагаа гэж үзэж байна. Кремльд цохилт өгөх оролдлогод бид хариу өгөх эрхтэй" гэж мэдэгджээ.

Олон нийтийн сүлжээнд тарсан бичлэгээс харахад орон нутгийн цагаар 02:30 минутын үед хоёр нисгэгчгүй онгоц Кремлийг чиглэн нисчээ. Эхний онгоц нь Кремлийн бөмбөрцөг буюу Путины оффис байрладаг барилгыг мөргөж, гал гарсан. Харин хоёр дахь онгоц нь бөмбөрцөгийн дээхнэтээ дэлбэрчээ. Мөн хоёр дахь дэлбэрэлтийн үеэр дээвэр дээр хоёр хүн харагдсан байна.

Украины тал уг халдлагад ямар ч холбоогүй гэдгээ баталсаар байна. Тухайлбал, Украины ерөнхийлөгч Зеленский Финландад болсон Хойд Европын орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ үеэрээ тэр "Бид Путин болон Москвагийн аль руу нь ч довтлоогүй. Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ тулалдаж байна. Бид тосгон, хотуудаа хамгаалж байна. Бидэнд ингэж байх хангалттай зэвсэг ч байхгүй" гэж хэлжээ.

Түүнчлэн Зеленскийн зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ "Оросын буруутгалыг урьдчилан таамаглах боломжтой юм. Москва том хэмжээний террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байгаагийн дохио ч байж мэднэ. Тийм учраас эхлээд Крымд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх томоохон бүлгийг баривчилсан. Тэгээд дараа нь Кремлийн дээгүүр нисгэгчгүй онгоцууд нисгэж харууллаа. Юуны төлөө вэ? Энэ нь цэргийн ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ энэ үйл явдал нь ОХУ-ын хувьд энгийн иргэд рүү дайрч буйгаа зөвтгөх шалтаг болж байна. Эрчим хүчний байгууламжууд эсвэл Кремлийн нутаг дэвсгэр дээр үл мэдэгдэх нисгэгчгүй нисэх онгоцууд гарч ирсэн нь дотоодын эсэргүүцлийн хүчний партизаны үйл ажиллагааг илтгэнэ. Ямар нэгэн зүйл болоод л байна. Гэхдээ Украины нисгэгчгүй онгоцууд лавтайяа Кремлийн дээгүүр нисээгүй " гэжээ.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Крым дэх удирдагчдын амийг хөнөөхөөр бэлдэж байсан Украины цэргийн тагнуулыг сүлжээг устгасан гэж Лхагва гаригт мэдэгдсэнийг Михайло Подоляк эш татан ярьсан нь энэ юм.

АНУ энэ халдлагын талаарх мэдээллийг баталж чадаагүй гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлсэн. Мөн Оросоос мэдээлэл авлаа гэхэд маш их дэгсдүүлсэн байх магадлалтай гэж хэлжээ.

"Chatam house" улс төрийн хүрээлэнгийн Орос ба Евразийн хөтөлбөр хариуцсан захирал Жеймс Никси ч бас халдлагын талаар санал бодлоо илэрхийлэв. Тэр Украины оролцоог үгүйсгээгүй ч Кремлийн мэдэгдлийг няцаасан. "Энэ бол Владимир Путины амь насанд халдах оролдлого биш. Хамгийн өндөр магадлалтай хоёр л боломж бий. Нэг нь Киевээс өгч буй сануулга. Нөгөөх нь Украинд илүү хүчтэй цохилт өгөх гэж байгаагаа зөвтгөх Оросын хуурамч ажиллагаа" гэж тэр хэлэв.

ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдсэн гэж Кремлийн зүгээс Украиныг удаа дараалан буруутгасан. Тодруулбал, Украин олон нийтийн өмнө хоёрдмол утгатай мэдэгдэл хийчихээд, цохилтын хариуцлагыг үүрэхгүй зүгээр л таашаалтайгаар харж байна гэж ОХУ мэдэгддэг. Украины хилээс хэдэн зуун км зайд орших Саратов баазад нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн хэрэг өнгөрсөн жил гарч байсан. Энэ мэт цохилтуудад Украиныг буруутгаж буй. Нөгөөтэйгүүр, Украины тал ч илүү хол зай туулах чадвартай нисгэгчгүй онгоц бүтээж буйгаа нийтэд ил зарласан билээ.

Виржиниа мужид төвтэй "CNA" судалгааны багийн шинжээч Сэмюэл Бендетт хэлэхдээ "Украинчууд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартайгаа удаа дараалан харуулж байна" гэжээ.

Нисгэгчгүй онгоцны халдлагууд Оросын нийслэл рүү ойртсоор байна гэж үзэж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Москвагаас зүүн өмнө зүгт 100 хүрэхгүй км зайд орших Коломна хотын ойролцоо нисгэгчгүй нисэх онгоц унасан. Үүний дараа дөрөвдүгээр сард Москвагаас зүүн тийш 30 орчим км зайд бас нэгэн нисгэгчгүй онгоц унажээ.

"Pantsir-S1", "S-400" зенитийн системийг Москва даяар сүүлийн саруудад байршуулсан. Энэ нь хотын хамгаалалтыг улам бэхжүүлсэн аж. Москвагийн төвд буюу Батлан хамгаалах яам, Дотоод хэргийн яам, өөр нэгэн бизнесийн төвийн дээвэр дээр шинээр хамгаалалтын систем байршуулсан. Эдгээр хамгаалалтын систем нь Кремлийн дээгүүр хамгаалалтын бөмбөрцөг үүсгэдэг аж. "Pantsir-S1" систем нь нисгэгчгүй онгоцны халдлагыг няцаахад тохиромжтой гэдэг ч бодит байдал дээр тийм биш гэдгийг Оросын цэргийн шинжээч Ян Матвеев хэлж буй. Тэрбээр Оросын армийн мэргэжлийн ур чадвар сүүлийн үед өсөх бус улам буурч байна гэж онцоллоо. "Агаарын довтолгооноос хамгаалах бол маш нарийн төвөгтэй зүйл. Ямар ч механизмтай байсан байг алдах боломжтой" гэв.

Нисгэгүй онгоцны халдлага нь Путиныг бухимдуулах зорилготой Украины сэтгэл зүйн дайралт ажиллагаа мөн үү гэж эргэлзэгсэд олон байна. Гэхдээ тийм гэдгийг нотлох баримт байхгүй гэж НАТО-ийн өндөр албан тушаалтан хэлэв. Энэ бол тоглоомын нэг хэсэг гэж нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан хэлжээ.

Эндээс бас нэг сонирхолтой өнцөг гарч ирж буй нь Кремлийн халдлагад ашигласан дрон нь ихэвчлэн хязгаарлагдмал зайтай нислэгт ашигладаг хөнгөн, хялбар ажиллагаатай арилжааны дрон байжээ. Тиймээс Москва орчмоос хэн нэгэн дроныг хөөргөсөн байж магадгүй. Мөн тийм их хэмжээний сүйрэл учруулахааргүй бага хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан байна.

Оросын зарим өндөр албан тушаалтан нэн даруй хариу арга хэмжээ авахыг шаардаж байна. ОХУ-ын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин хэлэхдээ "Ерөнхийлөгчийн эсрэг террорист ажиллагаа үйлдэж байна гэдэг бол Орос руу халдлаа гэсэн үг. Украинд зэвсэг нийлүүлж буй барууны улстөрчид террорист үйл ажиллагааг ивээн тэтгэж, шууд хамсаатан нь болж буйгаа ойлгох ёстой. Зеленскийн дэглэмтэй хэлэлцээр хийх боломжгүй" гэжээ.

Кремлийн ордон нь ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны төрийн ордон мөн ч Путин үүнийг ихэвчлэн хүлээн авалт, олон нийтийн үйл ажиллагаанд ашигладаг. Путин одоогоор нийслэлээс баруун зүгт холгүй орших Ново-Огарёво дахь эдлэндээ байгаа аж. Түүнчлэн тэрбээр Москва, Санкт Петербургийн хооронд орших Валдай дахь эдлэндээ ихэнх цагийг өнгөрөөдөг.

Халдлагатай холбоотойгоор төрийн байгууллагуудын ашигладаг дроноос бусад бүх дроны нислэгийг хориглосныг Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн юм. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын парадад бэлтгэхийн тулд ОХУ аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авсаар байна.

Эх сурвалж: THE WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж