"Цахим бугуйвчны анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байна"

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

"Цахим бугуйвчны анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байна"

"Цахим бугуйвчны анхааруулга мессежийг зөрчил гэж андуурч байна"
Эрүүгийн хуульд тусгасан зорчих эрхийг хязгаарлах ялыг өнгөрсөн 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу зорчих эрхээ хязгаарлуулсан хэрэгтнүүдэд цахим гав зүүж буй. Монгол Улсын хувьд 700-800 төгрөгийн үнэлгээтэй бугуйвч ашиглаж байгаа. Ариг гамтай, тодорхой горимын дагуу хэрэглэж чадвал ашиглалтын хугацаа урт гэдгийг албаныхан хэлж байв. Гэтэл сүүлийн үед цахим гав зүүж эрхээ хязгаарлуулсан иргэд алдаа зааж, хязгаарлалт зөрчсөн гэх мэдээлэл ирж байгаа талаар ярьж байна.
Энэ талаар ШШГЕГ-ын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэл тайлбар мэдээлэл өгчээ. Тэрбээр "Энэ ял хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 4136 ялтан шийтгэгдсэн. Шүүхээс шийтгэгдэж ирсэн 2998 ялтан, үүн дээр нэмэгдэж “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1138 ялтан байна.
Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэлх хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэдэг.
Шүүх тухайн ялтны бүсийг тогтоохдоо хувийн болон үйлдсэн хэргийн хэв шинж байдлаас шалтгаалан гэрийн хаяг, баг, хороо дүүрэг, аймаг, нийслэл, улсын нутаг дэвсгэрийн хилийн заагаар бүсийг тогтоож өгдөг. Шүүхээс тогтоосон бүсийг өөрчлөх эрх бүхийн байгууллага нь Прокурорын байгууллага байдаг. Цахим хяналт, удирдлагын төвөөс тусгай зориулалтын программ хангамж, техник хэрэгсэл ашиглан 24 цагаар хяналтыг тавихаас гадна шийдвэр гүйцэтгэгч, техник хяналтын ажилтан нар биечилсэн хяналт тавьж ажилладаг.
Цахим бугуйвч нь өөрөө усны "IP67" хамгаалалттай энэ нь тоос шороо, чийг шүршүүрийн уснаас хамгаалдаг. Норгож, хагалсан тохиолдолд техник хяналтын ажилтан үзлэг хийж, дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтээр цахим бугуйвчийг санаатай болон санамсар болгоомжгүйгээс гэмтээсэн эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг тогтоодог бөгөөд санаатайгаар гэмтээсэн, тасалсан нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирлыг тухайн ялтнаар төлүүлдэг.
Ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан, бүсийн хязгаарт 200 метр ойртсон, цэнэг нь дуусч байна, яаралтай цэнэглэнэ үү, яаралтай үеийн дуудлага гэх анхааруулгууд дохио мессеж хэлбэрээр ялтны цахим бугуйвч болон цахим хяналт, удирдлагын төвд нэгэн зэрэг ирдэг. Энэ анхааруулгуудаас ялтан зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх мессежнээс бусад нь ялтанд анхааруулсан байдлаар очдог. Харин зөвшөөрөгдсөн бүсээс гарсан гэх анхааруулга мессежийг шууд зөрчилд тооцдоггүй бөгөөд хариуцсан шийдвэр гүйцэтгэгч шалтгаан нөхцөлийг тогтоож зөрчил гаргасан эсэхийг нягталж зөрчил нь тогтоогдсон бол ШШГТХуулийн 170.1.1-т зааснаар зөрчилөөр бүртгэнэ" гэв.
"ИРГЭН НЭГ ДОР 780 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨХ БУС НЭГ САРДАА 44 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛДӨГ"
Цахим бугуйвчны эдэлгээ, чанарын талаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг хаанаас авах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх гээд тал бүрийн судалгаа хийсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Цаг хугацааны хувьд ч үнэ өртөгийн хувьд БНХАУ-ын ашиглаж буй төхөөрөмж илүү тохиромжтой.
Өнөөдрийн байдлаар 420-780 мянган төгрөгийн үнэтэй цахим бугуйвчийг ашиглаж байгаа гэнэ.

ШШГЕГ-т хуулийн хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойш гомдол нэг ирсэн. Мөн ар гэрийнхэн болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааг асуулгын аргаар авахад 81.1 хувь нь шинэ төрлийн ялыг хэрэгжүүлж байгаад сэтгэл ханамж өндөр,19.8 хувь нь зорчих эрхийг хязгаарлах ялын талаар тодорхой үнэлгээ өгөөгүй гэх дүн судалгаагаар гарсан гэлээ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, хурандаа С.Зул-Очир өмнө нь мэдээлэл өгөхдөө "Шинэ төрлийн 95 ам.долларын үнэтэй цахим бугуйвчийг 2022 оны есдүгээр сараас эхлэн туршиж, Хятадын компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Иргэдийн зүгээс цахим бугуйвчны төлбөрийн талаар ташаа ойлголттой байдаг. Иргэн нэг дор 780 мянган төгрөг төлөх бус нэг сардаа 44 мянган төгрөг төлдөг. Магадгүй зургаан сарын хугацаатай ял эдэлж байгаа бол 300 гаруй мянган төгрөгөө төлж, дараагийн хүн нь үлдэгдлийг нь төлнө. Шинэ төрлийн цахим бугуйвчийн давуу тал нь сүлжээгүй газарт явсан маршрутын мэдээллийг хадгалж, гар утсанд сануулдаг болсон" гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж