Монгол Улсад 2023 онд хийсэн гадаад төрийн айлчлалуудыг тоймлон хүргэж байна.
УНГАРЫН СПИКЕРИЙН АЙЛЧЛАЛААР ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛНЭ
"
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Көвер Ласло эхнэрийн хамт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Тус улсын зүгээс парламентын спикерийн төвшинд хийж буй хоёр дахь айлчлал юм байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.
Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх аж.
ПОЛЬШ МОНГОЛТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Польшийн Ерөнхийлөгч арван жилийн дараа Монгол айлчиллаа. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар эхнэрийн хамт Улаанбаатарт гурав хоносон юм. Дөчин нас гарч яваа Дудагийн айлчлал гадаад, дотоодын хэвлэлийнхний анхаарлын төв байлаа. Польш нь Оросын түрэмгийлллийг буруушааж, Украины ар тал болж ирсэн. Ноён Дуда хоёр том гүрний дундах Монгол Улсын улс төрийн зовлонг ойлгож байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр хоёр улс тохиролцсон. Польшууд Монголыг Ази руу гарах гарц, Монгол Улс Польшийг Европ руу гарах хаалга гэж харж буй.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
Польшууд Монголд зэс угаах үйлдвэр барих, газрын ховор элемент олборлох сонирхлоо илэрхийлээд энэхүү айлчлалын үеэр Элчин сайдын яамаа Монголд нээсэн юм. Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн "томруулж", өргөжүүлэх замаар тусгаар тогтнолыг хамгаалахад чиглэгдсэн гэж олон улс судлаачид дүгнэлээ.
МОНГОЛ ШХАБ-Д АЖИЛАГЧИЙН СТАТУСАА ХАДГАЛНА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минд ингэж хэлсэн нь, олон улсын шинжээчдээс нэмэх үнэлгээ авсан билээ. ШХАБ-д элсэх асуудалд Монгол Улс ийнхүү хариулсаар ирсэн. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчилсан ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Мөн ШХАБ-д ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Ердөө хэдэн жилийн өмнө Монгол Улс ШХАБ-д элсэх асуудал хурцаар яригдаж байсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагчийн байр сууриа хадгална гэж бодлого тов тодорхой зарлаад байгаа юм.
“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХЭЭ МЭДЭГДЭВ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү өнгөрсөн хоёрдугаар сард Монголд зочиллоо.
Хатагтайн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ, мөн Солонгосын “Ногоон эмнэлэг”-тэй хамтран хүүхдийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, хоол тэжээлийн дутагдал, амьсгалын замын өвчний эмгэгийн үеийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ монгол эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсноо дуулгалаа. Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ амалсан.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭРХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ УЛАМ ӨРГӨЖҮҮЛЭН БЭХЖҮҮЛНЭ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчилсан. Хатагтай В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгааг талаар АНУ-ын бодлогыг "дамжуулсан" юм.
МОНГОЛ, ОХУ, ХЯТАД БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙБАЙГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев мөн өнгөрсөн хоёрдугаар сард ирсэн. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
ДАШРАМД СОНИРХУУЛАХАД, тавдугаар сарын сүүлээр Францын ерөнхийлөгч Э.Макрон Монголд айлчлах товтой байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр атомын цахилгаан станц Монголд барьж өгөх асуудлыг тавих бололтой. Түүний араас Ромын пап лам ирэх сайхан мэдээ бий.
Холбоотой мэдээ