Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзыг хаан ширээнд залах ёслол энэ сарын 6-ны өдөр буюу Бямба гаригт болно. Ёслолд гадаад, дотоодын 2000 гаруй зочин оролцох төлөвтэй байна. Хатан хаан II Элизабет 1953 онд хаан ширээнд залрахад 8000 зочин оролцож байсантай харьцуулбал энэ нь тун бага тоо юм. Нэр хүндтэй дэлхийн удирдагчид, гадаадын эрхэм дээдсүүд ёслолд оролцоно.
Түүнчлэн Британийн хааны гэр бүлийнхэн, бага насны хүүхдүүд нь бүгдээрээ оролцох аж. Хунтайж Харри оролцоно гэдгээ мэдэгдсэн ч гүнгийн ахайтан Меган болон хунтайж Арчи, гүнж Лилибет нар Калифорнидоо үлдэнэ.
Британийн хааны гэр бүлээс гадна гадаадын орнуудын хааны гэр бүлийн гишүүдээс ч оролцоно. Тухайлбал, Бельгийн хаан Филипп, хатан Матилде, Люксембургийн их гүн Хенри, их гүнгийн авхай Мариа Тереза, Шведийн хаан XVI Карл, хатан Силвиа, Нидерландын хаан Виллем Александр, хатан Максима, Сербийн угсаа залгамжлах ханхүү Александр, гүнж Катерин, Брунейн Султан, Оманы Султан, Мороккогийн хаан, Бутаны хаан хатан, Арабын нэгдсэн Эмиратын ерөнхийлөгч, Кувейтын угсаа залгамжлах ханхүү, Тонгагийн хаан гэх мэт эрхэм дээдсүүд ёслолд оролцоно.
Их Британийн парламентын 80 орчим гишүүн оролцох төлөвтэй байна. Эхэндээ 40 хүн л урина гэж яригдаж байсан ч парламентын гишүүдийн зүгээс дургүйцлээ илэрхийлсэн тул энэ тоог хоёр дахин үржүүлжээ. Нэрсээс дурдвал, ерөнхий сайд Риши Сунак, Батлан хамгаалахын сайд Бэн Уоллес, Лиз Трасс, Борис Жонсон, Шадар сайд Доминик Рааб, канцлер Жереми Хант гэх мэт байна.
Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр /2023.05.04/ Их Британийг зорьж байна.
Холбоотой мэдээ