Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригийн хуралдаанаар авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж байсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилсон. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад "Авлигатай тэмцэх газраас Ш.Оргилд холбогдох хахуулийн хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад ирүүлсэн. Одоо саналыг хянаж байна" гэв
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил 2021 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Тэрбээр инженер, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 2016 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгогдож байв.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ш.Оргилыг Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баянцагаан констракшн” ХХК-ийн инженер БНХАУ-ын иргэн Рин Еичэнээс 10 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгаж байгаа гэжээ. Түүнийг өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар түүж бэлтгэхийг хориглосон, Монгол орны ховор ургамлын жагсаалтад багтсан дэрвэгэр жиргэрүүг улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулахдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, танил талынхаа аж ахуйн нэгжид зарсан гэж буруутган Сэлэнгэ аймгийн холбогдох албан тушаалтантай хамт яллагдагчаар татаж, шалгасан байдаг.
Холбоотой мэдээ