"УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авдаггүй болохын тулд төслийг батлах ёстой"

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Live"УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авдаггүй болохын тулд төслийг батлах ёстой"

20 : 53
2023-5-4

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Ингэснээр уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

19 : 27
2023-5-4

МҮОНТ-ийн зөвлөлийн гишүүнээр Н.Монсар, Ж.Золзаяа нарыг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тодруулбал, Н.Монсар, Ж.Золзаяа нарыг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилж, Х.Чилаажавыг чөлөөллөө. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхтэй холбогдуулж, өнөөдрийн чуулганы хуралдааныг цаг сунган хуралдуулж байна. 

18 : 28
2023-5-4

УИХ: Сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.4 хувийн дэмжлэгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Иймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Тэгвэл Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 57.1 хувийн саналаар дэмжин, баталлаа.

 

17 : 53
2023-5-4

Ц.Анандбазар: УИХ-ын гишүүн болгон хулгайч юм шиг ярьдаг боллоо

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР:

-УИХ ын гишүүн  болгон хулгайч юм шиг ярьдаг боллоо. Бизнесмэнүүд шиг шударга хүн ховор. Боловсролтой чадалтай залуус улс нийгмийн төсвийн бүрдүүлэлтийг хийдэг. Юм болгоныг хаана хорино гэснээрээ сайн үр дүн авч ирэхгүй.

Би энэ Засгийн газрын нэр нүүр болж байгаа нефтийн үйлдвэрийг  байгуулах ажлын хэсгийг анх 2016 онд ахалж ажиллаж байсан. Зургаан сарын дотор 1 сая амдолларын зээл бүтээж, төмөр зам, авто замын ажлыг бүтээсэн. Тодорхой шалтгааны улмаас төслийг удирдахгүй байх үүрэг ирсэн учраас ажлаа өгсөн.

Төрийн ажил бол туршлагатай хүмүүсийн хамтын бүтээл байх ёстой. Микрофон харахаараа энхийн цагтаан тагтаа шиг ярьдаг, хумсаа нуусан муур шиг хүмүүсээс эмээх ёстой. Шударга ёс бол хааж хорихоор тогтдоггүй, хууль мөрдөхөөр л шударга ёс тогтоно. Энэ хууль батлагдвал төрийн албанд ажилладаг хүмүүсгүй болно шүү. Надад бол төрийн албанд ажилладаг ах дүү байхгүй. Хөгжилд саад болсон хууль батламааргүй байна.

Санааг нь ойлгож байна. Ийм хууль гарчихаар төрд юм шахдаг хүн үгүй болно. Гэхдээ хэт туйлширч болохгүй.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Сингапурт гишүүд нь төрийн өмчит компанид юм нийлүүлдэг зүйл байхгүй. Бүр ил тод нээлттэй байгаа. Сингапурт би ЗГХЭГ -ын дарга, Ерөнхий сайд байхдаа айлчилсан. Суралцаж үлгэр жишээ авах ёстой орны нэг бол мөн. Тэнд төрийн албан хаагчийн цалин өндөр, гэхдээ эрх ашиг давхцдаггүй.

Урагшлан хөгжсөн орнууд далд эдийн засгаа ил тод болгож байж, хөгжсөн.  Энэ тухай 100 гаруй кейстэй бүтээл байдаг.  Далд эдийн засгийн тогтолцооноосоо иргэд нь төрдөө итгэхгүй болсноос дампуурсан.  УИХ дээр хуулийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэх ётсой. Хэрхэн батлах эсэх нь УИХ-ын онцгой эрх. Биднийг төлөөлүүлж сонгосон ард иргэд маань энэ ёс зүй манлайллыг дээрээс эхлүүлэхийг хүсч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээрээс нь хэрэгжүүлэхгүйгээр анхан дунд шатанд хэн ч дагахгүй. Яаж хуулиа мөрд, торгуулиа төл гэх юм. Энийгээ хэдүүлээ цэгцлэх ёстой.  УИХ-д сууна гэдэг нь иргэдээ төлөөлж суугаа гэдэг дээрээ тогтохгүй бол тендерийг шударгаар авсан гэдэгт хэн итгэх юм бэ. Энийг цэцглэхгүйгээр цааш явах боломжгүй.

УИХЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:  

-Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Улс төрд хүмсүүс яагаад ажиллах гээд зүтгээд байдаг юм. Мэдээлэл түрүүлж аваад, ашиг хонжоо хүртээд байгаа юм биш үү гэдэг хардлага их байгаа. Гишүүн болгон төрийн санг тоноод байгаа юм биш. Гэхдээ ийм болгохгүйн  тулд гишүүдийнхээ тоог нэмэх гээд байгаа юм болов уу гэж ойлгоод байгаа. УИХ мэргэжлийн салбар, салбарын төлөөлөл болох юм бол жинхэнэ шударга ёс тогтох болов уу гэж харж байгаа. Авлигатай хатуу тэмцэнэ гэчихээд хаа нэг газраас эхлэх ёстой. Тийм учраас шилжилтийн үеийн хатуу зохицуулалт юм болов уу гэж харж байгаа. Жилийнхээ цалингаар сонгуулиа хийдэг болсон цагт таны хүүхэд боловсролын зээлийн сангаар суралцаж болно, таны нөхөр хөнгөлөлттэй зээл авч болно гэж буцаагаад бизнес эрхлэх боломжтой болгож болох болов уу.

Олон улсад нэр хүндээ өсгөхийн тулд авлигын индексээ бууруулах ёстой байдаг. Энэ хуулийг баталбал нэмэр болох уу. Олон улсаас ямар зөвлөмж өгсөн байдаг вэ ?

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

– Транспренси олон улсын авлигын төсөөллийн индексээр 2022 онд Монгол Улс 180 орноос 116 дугаар байрт орж, 33 оноо авсан.  13 индикаторуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, тооцоолол хийсний үндсэн дээр жагсаалт гаргадаг. Нэг индикатор нь Дэлхийн банк. Тус банк 49 зөвлөмж өгсөн байдаг.  Тухайлбал, нэгдүгээрт, байгалийн баялгийн хуваарилалтыг олон нийтэд хүртээмжтой болгох эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох. Нийтийн албан тушаалтнуудын хандлагыг өөрчлөх. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зэрэг.

Бид өнөөдрийн байдлаар 7 хоногт индексийн талаар мэдээллээ хүргэдэг тогтолцоо бий болгоод явж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай энэ хуулийг дэмжиж байгаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхдээ энэ агуулгаар сонирхлын зөрчилгүй ажиллаад ирсэн. Сөрөг хүчний гишүүд ийм асуудалд оролцох ч боломжгүй. 

Хамаатнууд бол УИХ-ын гишүүдийг асуудалд оруулахгүйн төлөө л ажилладаг. Гол асуудал юун дээр гардаг вэ гэхээр найз нөхдийн сүлбээн дээр их гардаг. Найз нөхдөөрөө дамжуулаад тендер, сонирхлын зөрчлөөр гардаг.  Энэ холбоос сүлбээг шийдэхгүй болохоор болохгүй болчихоод байгаа. Найз нөхдийн сүлжээг сонирхлын зөрчлөөр яаж хаах юм.

Бизнес эрхлэгчдийг бүгдийг айлгаж байна. Бизнес эрхлэхэд нэр хүнд чухал. Гэтэл шороотой хутгах зүйлийг эрх баригчид хийж байна. Сонсголоор дамжуулаад Монголын бүх компанийг хог шороо болгоод хаяж байна. Томоохон бүтээн байгуулалтын ажилд орох сонирхолгүй боллоо. Энэ чинь Монголын хөгжилд маш хортой.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хамтдаа л аль нэг нам гэхгүйгээр зөв жишгээ тогтоох тал руугаа төвлөрвөл зүгээр байгаа. Хөгжлийн банкны зээлийг хувийн хэвшилд өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Дундуур нь бөөнөөрөө хувааж авах гээд тэгээд шалгуур хангадаггүй компани аваачаад асуудал гаргаад, дефольт болох эрсдэл үүссэн учраас ийм зүйл болсон. Хувийн хэвшил, хулгайн сэдэл хоёрыг хэдүүлээ ялгах ёстой. Энэ оон төрийн өмчит копманийн татан булгахыг нь буулгаад, IPO  хийлгэхийг нь хийлгэх ёстой. Энэ л хувийн хэвшлийг дэмжсэн дэмжлэг болно. Хувь хүн биш хууль засагладаг болох үед зарим нэг компанид давуу эрх олгоод байж болохгүй. Тэгш боломж олгосон цагт хувийн хэвшилд жинхэнэ дэмжлэг болно.

Гэтэл 10, 20 хувийн хувь хараад байхаар нэг компани нь том орд газар авдаг, банк бизнес рүү давхиад ордог, ард нь улстөрч байдаг. Тэгэхээр бусад компани нь яаж орох юм. Улс төрийн оролцоог багасгаж, давуу эрх олгож байгааг хязгаарлаж байж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Тэгэхгүй бол эргэн тойрны хэдхэн хүн тендер авдаг байх нь жам ёсны эрүүл орчин бүрдэхгүй.

Одоо байгаа байдлаар явбал хүндрэлтэй зүйл болно. Өмнөх бүх зүйлийг ярьж, улстөржөөд яах вэ. Чөлөөт өрсөлдөөн бий болгох. Хэзээ ч парламентын гишүүн ЖДҮХС -ийн зээл авдаггүй байхын тулд энэ төслийг батлах шаардлага байна.

17 : 01
2023-5-4

Л.Оюун-Эрдэнэ: Авлигын олон скандал гарахгүй байх хамгаалалт болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Төслийг хэлэлцэхтэй холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр “Хөгжлийн банкнаас эхлээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, нүүрс болон зэсийн хулгайд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, гэр бүл хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, иргэдийнхээ ирээдүйг хулгайлж байгаа үйлдэлтэй Засгийн газар хатуу тэмцсээр байна.

Авлигыг саармагжуулах зорилгоор төрийн өндөр дээд албан тушаалд томилогдох болон УИХ-ын сонгуульд өрсөлдөх, Засгийн газрын гишүүнээр томилогдох албан тушаалтанд сонголт өгөх зорилгоор Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” гэдгийг тодотголоо.

Мөн төрийн өндөр дээд албан тушаалтан нь ямар ч тендерт оролцох боломжгүй болно гэдэг нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх, Засгийн газрын гишүүнээсээ томилогдохоосоо өмнө гэр бүл, компанийн удирдлагуудтайгаар ярилцаж, бизнесээ сонгох уу, улс төрөө сонгох уу гэдгийг ярилцаж шийдвэр гаргах шаардлагатай болно.

Өмнө нь улстөрчид УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдож, томилогдохоо лобби боломж давуу тал гэж хардаг байсан. Одоо харин энэ хуулиар хязгаарлагдана. Хуулийн төсөл өргөн агуулгаар өргөн баригдсан. Гэхдээ УИХ эцэслэн шийднэ. Ингэж байж юм цэгцэрнэ, авлигын олон скандал гарахгүй байх хамгаалалт болно. Төрийн олон албан хаагч, төрийн түшээдийг олон эрсдэлд оруулахаас сэргийлж байгаа гэлээ.

 тэтгэдэг гээд бүх зүйл дээр эрхийг нь хязгаарлана. УИХ, Засгийн газрын гишүүн болохоос өмнө төрийн өндөр албан тушаалд болохоос өмнө сонголт өгч байгаа хуулийн төсөл юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, Ерөнхий сайд хариулт өгч эхэллээ. 

16 : 41
2023-5-4

АН-ын бүлэг Боловсролын ерөнхий хуулиар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед дэмжлэг авсан болон зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томъёоллоор санал хураалгах үед Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа.

Учир нь, чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураах үед Засгийн газрын гишүүд “тодруулах зүйл их байна” гэхчлэн асууж, зарим нь эсрэг байр суурь баримталсан зэргээс болж, төслийг судлах шаардлага үүслээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг долоон өдрийн засварлага хүссэнийг УИХ-ын дарга тав хоногоор өгөв.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. 

15 : 14
2023-5-4

"Алт мөнгөнөөс илүү боловсролтой Монгол хүн төлөвшүүлэх нь бидний үүрэг"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ журмаар зохицуулж болох олон зүйл заалтыг төсөлд оруулсныг ажлын хэсэг хасаасай гэж хүсч байна. Боловсрол бол гадаад хэл, тоо, физик биш ээ. Боловсролын ерөнхий хуульдаа хүүхдийг хүн болж төлөвших заалтыг оруулмаар байна. Гадаад орнууд ч гэсэн энэ тал дээр түлхүү ажилласан байдаг.  

Эх орноо хайрлах, хүн амьтныг энэрэн хамгаалахыг багаас нь төлөвшүүлэх нь нэн тэргүүний зорилго болохоос биш хүүхдийг тоогоор, гадаад хэлээр балбах нь нэн тэргүүний зорилт биш юм.

Нэг, хоёрдугаар ангиас нь англи хэл зааж болохгүй. Сургалтын хаөтөлбөрөөр нь явах ёстой. Сүүлийн 30 жилд боловсролд гадны гар хөл дэндүү дүрэгдсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:   

-УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг батлах болсонд хувь хүний хувьд их баяртай байна. Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын ирээдүйн эрх ашиг энд бий. Уул уурхай, алт мөнгөнөөс илүү боловсролтой Монгол хүн, амьдрах чадавартай Монгол хүнийг төлөвшүүүлэх нь эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг байх ёстой.

Хуулийн төслийг боловсруулахад гол ачаа үүрч ажилласан Боловсрол, шинжлэх ухааны яамны баг хамт олонд талхарал илэрхийлье. Маш хүнд нөхцлийг давж гарч ирсэн хуулийн төсөл. Үр дүн нь 10 жилийн дараа гарна.  УИХ-аар хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах нь Монгол Улсын эрх ашиг, бидний үр хүүхдийн эрх ашиг юм.

Одоо энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан, 70 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. 

14 : 03
2023-5-4

“Хэн намдаа үйлчилсэн нь захирал, эрхлэгч болдог тогтолцоо халагдана”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог улс төрийн намуудын савраас ангид байлгах заалт туссан уу гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

-Улсын хэмжээнд төрийн өмчийн оролцоотой 1700 гаруй сургууль, цэцэрлэг бий. 2017 онд Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын 1700 гаруй сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг халсан. Ажиллах нөхцөлийг нь хангаж, ажлын дарамтыг алга болгож байж, чанартай боловсролыг ирээдүй болсон хүүхдүүддээ олгох боломж бүрдэнэ. Тийм учраас дурын аймаг, сум, нийслэл, дүүргийн  Засаг дарга боловсролын байгууллагын удирдлагыг халж, сольдог тогтолцоог халах зорилгоор хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Тэр хүрээнд томилгоотой холбоотой заалт төсөлд бүрэн утгаараа сууж чадсан уу. Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг халж сольсноор ажлын байрны дарамт үүсч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд мянга, мянган багш хөдөлмөрийн маргаанаа шийдүүлэхээр шүүхэр явсан. Асар их сэтгэл зүйн дарамт үүрээд хохирч байгаа.  Тийм учраас мэргэжлийн байгууллага нь сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилдог босоо тогтолцоо үйлчлэх боломжоор хангагдсан эсэх дээр салбарын сайд хариулт өгөөч?

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: 

-Боловсролын салбарын зургаан том реформын нэг нь боловсролын засаглалын асуудал юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Боловсрлын хууль өргөн браигдахаас өмнө  мэргэжлийн бус томилгоонуудыг мэргэжлийн болгох энэ чиглэлийн хуулийн төсөл өргөн барьсан нь нэгтгэгдэж, батлагдах гэж байна. Энэ бол манай боловсролын салбарт хийх хамгийн том реформ болох юм. Тийм учраас Монголынхоо мянга мянган багш нарынхаа өмнөөс Г.Тэмүүлэн гишүүндээ талархал илэрхийлье. Одоо харин энэ хууль дээрх агуулгаараа батлагдаж чадах уу гэдэг асуудал, чадвал улстөрчдийн савраас боловсролын салбарын томилгоог салгах  тогтолцоо руу шилжинэ.  Цаашдаа хэн чаддаг нь, хэн туршлагатай нь, хэн чадвартай нь сургууль, цэцэрлэгээ удирдана. Өөрөөр хэлбэл, хэн тухайн сумынхаа намд үнэнч, хэн тухайн сумынхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэдгээр сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болдог бус хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, багш, сургалтын менежер нь шатлан дэвшдэг тогтолцоо руу орно. Ингэснээр улстөрчдийн үзэгний үзүүрээр шийдэгддэг, дарамт шахалт дээр цэг тавьсан хууль болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч ерөнхий боловсролын сургуулийнхаа захирлыг баталамжилдаг.  Тийм учраас Солонгос улс боловсролоороо дэлхийд тэргүүлж байна. Боловсролдоо ийм их ач холбогдол өгч байна. Гэтэл бид сум, дүүрэг, нийслэлийн Засаг дарга, намын үзэмжээр томилгоог хийдэг. Судалгаагаар УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болсны дараа маш их халаа сэлгээ хийдэг. Сүүлийн долоон жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн нийт удирдлагын 80 хувь солигдсон.  Одоо энэ хууль батлагдсанаар мэргэжлийн чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтаар захирал, эрхлэгч нар тодордог томилгоо руу нэг алхам урагшлах гэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЛУТ:

-Монгол Улс багшлах боловсон хүчний дутагдалд орж байна. Орхон аймагт 1-5 хүртэлх анги нь анги даах багшгүй байна.  Цаашдаа улам гүнзгийрэх шинжтэй. Багшийн их сургуулийн физикийн ангийг дөрөвхөн хүүхэд төгсч байна.  Бага ангийн багш, байгалийн ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэхэд бодлогын ямар дэмжлэг үзүүлэх вэ.

Орон нутагт ажиллаж байгаа багшид гурван жил тутамд тэтгэлэг өгнө, орон байрны дэмжлэг үзүүлнэ гэх. Мөнгөөр шийдэх юм уу.  Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийгддэггүйгээс  ирээдүйд ямар мэрэгжилтэн хэрэгтэй вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Ирээдүйд ямар мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй вэ гэдгээ яаж тодорхойлж гаргах вэ. Үүнтэй уялдуулсан заалт шийдэл гарц төсөлд суулгасан уу?

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

-Багшийн хомсдол бий болох чиг хандлага байна. Өнөөдрийн байдлаар багшийн хомсдолд орсон гэдэг нь гэнэн дүгнэлт. Хичээлийн шинэ жил эхлэхэд 2200 багш дутагдалтай байсныг гүйцээгээд явдаг тогтолцоотой. Цаашдаа хомсдолд орох төлөв байна. Тийм учраас богино болон дунд хугацааны шийдэл хэрэгтэй. МУБИС -ийн оюутнуудыг ажлын байран дээр ажиллуулаад, ажиллангаа төгсөх. Тэгэвэрт гарсан багш нарыг ажиллуулж байна.

Хоёрдугаарт, сургуулийнхаа бүтэц хэв шинжийг эргэн харах. 330 суманд 12 жилийн сургалттай сургууль байгаа. Гэвч 12 дугаар анги нь 8-9 сурагчтай сургууль нэлээд байна. Эдгээрийгээ нэгтгэх.  

Багшийн үнэлэмжийн асуудлыг шийдвэрлэх.  Энэ хуулиар багш нарын цалинг нэмнэ гэж хүлээлт үүсгэж болохгүй. Хөрөөний ир шиг болсон цалингийн тогтолцоог өөрчилье гээд Засгийн газар ажиллаж байна. Ур чадвартай, мэргэшсэн багш цалингаасаа илүү үр дүнгийн урамшуулал авдаг тогтолцоотой болъё гэж байгаа юм. Одоогоор үр дүнгийн урамшууллаар багш 25 хувийн нэмэгдэл авч байна.

Хамгийн сайн багш, хамгийн сайн ур чадвартай багш хамгийн сайн цалин авдаг тогтолцоо руу орох ёстой.

Ирээдүйн 5-8 жилд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 36 мянган инеженер техникийн мэргэжилтэн хэрэгтэй гэдэг судалгаа гарсан. Цаашдаа мэргэжлийн боловсрол, техникийн боловсролоо уян хатан болгож, ур чадварын эрэлт хэрэгцээнд нийцүүлнэ.

12 : 33
2023-5-4

Г.Дамдинням: Англи хэл үзэх ёстой юм уу гэх, орос хэл үзээд ирсэн юм даа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА:

-Боловсрол, шинжлэх ухааны сайд хувийн хэвшлийнхний саналыг хүлээж авч, хуулийн төсөлд тусгаж байсанд талархаж байна. Эмэгтэй гишүүд хувийн сургуулиудаа үзэн ядаж байгаад гайхаж байна. Хүүхдүүдээ аль сургуульд сургадаг юм болоо.  Ковидын үед маш олон хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. БНСУ-д хувийн сургууль байдаггүй гэж яриад байх юм.

Улаанбаатар хотод хот төлөвлөлт юу болсон билээ. Орон сууцны хотхонууд нэг ч сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа. Хүртээмжгүй үед амьдралаас тасархай зүйл ярьдагаа болио. Гэрээс шууд гараат хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгчих боломжгүй байна. Ийм үед хувийн сургуулиуд ачааллаас үүрэлцэж байна.

Англи хэлийг  зарим нь I ангиас заана , зарим нь III ангиас заана гэх.  Багшийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ.  Том, том хотхонуудад улсын сургуулийн бага анги нээж болохгүй юу. Хэдэн гудамж дамнаад зөөж явахаар?  

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:  

-Хувийн сургууль, төрийн өмчийн сургуультай холбоотой асуудал ажлын хэсэг дээр яригдсан.  Хуулийн төсөлд хувийн сургуулийг ялгаварласан зүйл заалт байхгүй. Ер нь бол тантай санал нэг байна. Одоогоор  65 мянга орчим суралцагч 5000 орчим багш нар энэ салбарт ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиараа чөлөөт зах зээл, иргэний нийгэм байгуулна,  өрсөлдөөнтэй байна гээд заачихсан учраас эндээс ухрахгүй. Ухрах ч ёсгүй.

Боловсрол бол нэг талдаа их үнэтэй бүтээгдэхүүн. Нөгөө талдаа боловсрол сонголттой байх ёстой.  Монгол Улсын Үндсэн хуульд иргэд хувийн сургууль байгуулж болно гэж заасан.

Та Солонгосын жишээ ярилаа, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй сургуулиудыг болиулсан. Түүнээс үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургууль нь бий.

Манай энэ Боловсролын ерөнхий хуульд үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуульд хувьсах зардал олгохоор заасан. Монгол хүнийг нэг стандартаар, нэг бодлогоор бэлдэх ёстой. Эцэг, эхчүүдээс гардаг нэг шүүмж байдаг.  Кембрижийн ч гэдэг юм уу, Япон, Финляндын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг ч үнэн юм уу.  Яг энэхүү хөтөлбөрөөр сургалтаа зааж байгаа юу гэдгийг хэн хянаж байгаа юм гэдэг, үнэн.

Боловсролын ерөнхий хуульд хоёр чухал заалт орсон. Нэгдүгээрх нь, сургуулиуд тухайн хөтөлбөрөө олон улсын стандартаараа магадлан итгэмжлэлээ хийлгэж, яам болон эцэг, эхэд нь тайлагнадаг байх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн сургуулийн эрхийг ярина.

Тухайн сургуулийн ТУЗ-д эцэг, эхийн төлөөлөл заавал орно. Тэд тухайн сургуулийн сургалтын төлбөрийн зардалтай танилцаж, олон нийтэд мэдээлдэг байхаар зааж өгсөн.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-Багш бэлтгэж байгаа УБИС-ийг дэмжих заалт байна уу. Ёс зүй сурч, сурч гараад иртэл өөр сургуульд сурсан нөхөр албан бусаар сертифкат аваад багшилбал яах вэ.

Англи хэл үндсэн хэл байна гэх. Баян-Өлгийд яах юм. Гадаад хэл нь монгол хэл байна гэх юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг, хар багаасаа харьчиж байна. Монгол хүн биш болно.

Хуулийн төсөлд өмчтэй байж болно, ашгийн төлөө байж болно гэж юу яриад байгаа юм. Ерөнхий боловсролоор ашиг хийгээд байх нь зөв юм уу. Мөнгөө төлж байгаа нь хувийн сургуульдаа, мөнгөө төлж чадахгүй нь захын сургуульдаа ор гэж байгаа юм уу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

-Өмчийн хэлбэртдээр Монгол Улс Үндсэн хуулиараа бүх төрлийн өмчийг зөвшөөрдөг ардчилсан улс. Хувийн өмч байна, төрийн өмч байна, төр, хувийн хамтарсан өмч ч байж болно. Олон улсын хөрөнгө оурулалттай ч сургууль байж болно гэсэн үг. Өмчийн хэлбэрийн хувьд ардчилсан зарчмынхаа хүрээнд хөрөнгө оруулалтын боломжийг татаж оруулж ирэх ёстой. Тэгж байж шийднэ.

Заавал төр үнэгүй сургана гэдэг зарчим байхад хувийн сургууль байх ямар хэрэгтэй юм бэ гэх. Төр дангаараа боловсролыг авч явдаг улсуудын татварыг та бүхэн хараарай. Финлянд, Герман 40-43 хувийн татвартай байгаа. Төр бүгдийг үүрч болно, тэгвэл татвараа л  нэмэх хэрэгтэй болно доо. Эдгээр орнууд 40 орчим хувийн татвартай байгаа. Гэхдээ Монгол Улс суурь зарчмын хувьд ардчилсан улс учраас хувийн хэвшлийг хориглох боломжгүй.

Заавал ангил хэлийг үзэх ёстой юм уу гэх. Заавал орос хэл үзээд ирж болсон юм даа. Дэлхий нийтийн эдийн засгийн, харилцаны, шинжлэх ухааны бүх хэл англи хэл дээр явж байна. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Олон улсын том их, дээд сургуульд тэнцчихсэн байгаа хүүхдүүдээ бид бахархаад дэмжээд шуугиад байдаг хэрнээ  яагаад тэнцэж байгааг бид харах ёстой. Тэд англи хэлтэй учраас тэнцээд байгаа.  Тийм учраас англи хэл оруулж ирж байгаа юм. Бусад хэл үзэх нь нээлттэй шүү.  Англи хэл үндсэн хэл гэж заасан нь төрийн бодлогоор дэмжинэ гэсэн санаа.

11 : 17
2023-5-4

УИХ: 15-аас дээш жил ажилласан багшийн нэг хүүхдийг их сургуульд үнэгүй сургана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Уг төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар зааж өгсөн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар төлөвлөөд байна. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэдэг байр суурь илэрхийлээд буй. 

Мөн өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт олгож буй хувьсах зардлыг суралцаж байгаа хүүхдийнх нь тоонд түшиглэн хуваарилж ирсэн. Харин дээрх төсөлд алслагдсан бүс нутагт суралцаж байгаа хүүхдэд ногдох хувьсах зардал, төвийн бүсийн сургуульд суралцаж байгаа хүүхдийн хувьсах зардал хоёр ялгаатай. Тодруулбал, алслагдсан бүс нутагт суралцаж байгаа суралцагчдад олгох хувьсах зардал илүү өндөр байхаар тогтоосон аж.

Боловсролын чанарыг сайжруулах хамгийн зөв арга бол сайн багш бэлтгэх. Тиймээс магадлан итгэмжлэгдсэн сургуульд багш бэлтгэх эрхийг өгөх. Ерөнхий боловсролын сургуулийн хамгийн сайн төгсөгч багш болохын тулд эдийн засгийн баталгаа өгөх ёстой гэж үзсэн аж. Иймээс цалинг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах заалтууд тусгасан. 

Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аад дээш жил ажиллаж байна.

10 : 26
2023-5-4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.04/ нэгдсэн хуралдаан эхлээд байна.

Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-д маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл орж ирэх нь. УИХ 152 гишүүнтэй болох нь.  Өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш би Ховд аймагт 60 гаруй удаа иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх үеэр “УИХ-ын гишүүдийн тоог 98-ээс хэтрүүлж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо нь сонгогчийн санал гээгддэггүй сайн тогтолцоо юм” гэдгийг хэлж явсан. Гэтэл Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр 152 гишүүнтэй болох нь. Ард түмэн бол 152 гишүүнтэй болохыг дэмжихгүй байгаа. Одоогийн 76 гишүүнээ яая гэж байж, 152 гишүүнтэй болно гэвэл 100 ямаанд 60 ухна тавина гэгч болно” гэж шүүмжилдэг.

Ирэх Даваа гаригаас гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө сонгогчиддоо танилцуулах нь. Энэ үер иргэд, сонгогчид байр сууриа маш тодорхой хэлэх хэрэгтэй” гэсэн юм.

Үүний дараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж