"Надад урвуулан ашиглах бүрэн эрх байгаагүй"

Live"Надад урвуулан ашиглах бүрэн эрх байгаагүй"

Хөгжлийн банктай холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.05.04/ 14 дэх өдрөө үргэлжилж байна.


 

17 : 35
2023-5-4

Өмгөөлөгч:

-Та санал дүгнэлт гаргадаг байсан уу?

Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Л.Мягмаржав:

-Санхүүжилт болон зээлийн тайлангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Манай хэлтсээс зээлийн үйл ажиллагааны судалгаа болон дүгнэлт гаргах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байгаагүй.

Өмгөөлөгч:

-Газ-Импорт компанид зээл олгох асуудлыг хэлэлцсэн үү?

Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Л.Мягмаржав:

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулах талаар ярьсан.  

Улсын яллагч:

-Та Хөгжлийн банкнаас нийт хэдэн удаа зээл авсан бэ? Яаж шийдэгдсэн бэ?

Инжир ХХК-ийн захирал Б.Батбаатар:

-2013 онд Чингис бондын “888” төслийн сонгон шалгаруулалт хоёр удаа болоход шалгарч, 2014 онд анхныхаа төслийг Хөгжлийн банканд өгсөн. Хүсэлт гаргаад хүлээгээд байж байтал Засгийн газар огцорсон. Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоёр хуваагдсан. Асуудал шийддэг яам нь хоёр хуваагдаад жил тойрон болсон. Тэгээд 3 тэрбум 525 сая төгрөгний зээл авах шийдвэр гарсан. Барилга хот байгуулалтын яаман дээр 18 оролцогч байснаас Евро стандартын модон байшин гэдэг төсөл хэрэгжүүлэхээр 84 хувийн комиссын шийдвэрээр сонгогдсон. Тэгээд л арилжааны банкаар дамжуулаад Хөгжлийн банканд хандсан. 2016 онд хоёр дахь удаагаа хандсан. Судлаад л Эрдэнэтийн 49 хувь гээд банк зээлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Тэгээд 2017 онд дахин хүсэлтээ гаргасан. Тэгээд тэндээс явж эхэлсэн. Зургаан сар хүлээсний эцэст гэрээгээ байгуулсан.  Дунд нь буцаасан.

Улсын яллагч:

-Барилга хот байгуулалтын яамнаастанай төслийг дэмжиж байна гэж Хөгжлийн банканд албан бичиг хүргүүлжээ. 2017 оны тавдугаар сард тантай уулзсан юм байна. Эндээс ямар шийдвэр гаргасан бэ?

Инжир ХХК-ийн захирал Б.Батбаатар:

-Эхний шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамнаас Хөгжлийн банкнаас бичиг явуулсан. Дараа нь Хөгжлийн банкнаас зээл авсны дараа Дархан-Сэлэнгийн районд цогцолбор байгуулна гээд тогтоол гаргаад сайд Хөгжлийн банканд хүргүүлсэн. Хөгжлийн банк миний авсан 3 тэрбум 525 сая төгрөгийн төслийн хэрэгжүүлнэ гэсэн. Харин Евро стандартын байшингийн төслийг дэмжих боломжгүй гэсэн.

Улсын яллагч:

-Шаардлага хангаагүй байхад зээл олгосон байна л даа. Хөгжлийн банкнаас өөр арилжааны банкнаас зээл авах гэж хүсэлт гаргаж байсан уу?

Инжир ХХК-ийн захирал Б.Батбаатар:

Гаргаж байсан. Голомт банк, Төрийн банк. Эх үүсвэр байхгүй л гэдэг байсан.

Улсын яллагч:

-Модон байшингийн төсөл хичнээн төгрөгөөр хэрэгжих байсан бэ?

Инжир ХХК-ийн захирал Б.Батбаатар:

-3 сая 470 мянган ам.доллар. 50 хувийг нь банк, 50 хувийг нь өөрөө гаргана гэсэн.

Улсын яллагч:

Зээлийн судалгааг Билгүүн гэх мэргэжилтэн хийжээ. Танайх зургаан шаардлага хангахгүй байна гэжээ. Хэзээ тэгсэн бэ?

Инжир ХХК-ийн захирал Б.Батбаатар:

-Анхны хүсэлт тавиад дөрвөн хоногийн дараа шаардлага хангахгүй байна гэсэн. Түүхий эдийн гэрээ, импортын тоног төхөөрөмж нь бэлэн байсан. Бусад нь бэлэн биш байсан. Бэлэн болгохоор би хөөцөлдсөн. Хөгжлийн банкнаас ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ хийлгэчихсэн. Тоног төхөөрөмж, түүхий эдийн гэрээ бэлэн байна. Тиймээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах гэрээ, нарийвчилсан үнэлгээ, барьцаа алга байна гэсэн. Би өөрөө Хятад, Орос явж энэ асуудлыг ярьсан.

16 : 53
2023-5-4

"Зээлээ зориулалтын дагуу 100 хувь ашигласан"

Улсын яллагч:

-Таны санхүүжилт яг төсөл хөтөлбөртөө зарцуулагдсан уу?

Газ-Импортын хувьцаа эзэмшигч Мягмардорж:

Зарцуулсан. 4.9 тэрбум төгрөгнөөс 4.8 тэрбумыг нь авч, зарцуулсан.

Улсын яллагч:

-2.5 тэрбум төгрөг зарцуулалтын бус зарцуулсан гэнэ. Энэ дээр тайлбар байна уу?

Газ-Импортын хувьцаа эзэмшигч Мягмардорж:

-Тэр зарцуулсан биш шилжүүлсэн баримт. Солонгос руу шилжүүлсэн баримт, бэлэн авсан баримт хоёр байгаа юм. Солонгосууд бэлэн авна гэсэн. Тийшээ мөнгө шилжүүлэхээр бидэнд алдагдалтай байна гэсэн. Ерөнхий захирлын тамга тэмдэгтэйгээ баримтыг АТГ-д өгсөн чинь алга болгочихсон гэсэн. Санаатай эсвэл санамсаргүй гэдгийг нь мэдэхгүй ч алга болсон.

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны зээлээ төлсөн баримт бий юу? Ямар шалтгаанаар төлөхгүй байгаа юм бэ?

Газ-Импортын хувьцаа эзэмшигч Мягмардорж:

-Байхгүй. Энэ төсөл маань дуусаагүй байгаа.

Өмгөөлөгч:

-Зээлээ зориулалтын дагуу ашигласан уу?

Газ-Импортын хувьцаа эзэмшигч Мягмардорж:

-100 хувь ашигласан.

 

14 : 56
2023-5-4

"Надад урвуулан ашиглах бүрэн эрх байгаагүй"

Өмгөөлөгч:

-Та яллах дүгнэлтээ уншсан байх. Ойлголтын зөрүү байсан. Та хувийн эрх ашгийнхаа төлөө албан тушаалаа урвуулан ашигласан юм уу? Эсвэл албаны эрх ашгийн төлөө ашиглаагүй гээд байгаа юм уу? Яг юу гэж мэдүүлэг өгөөд байгаа юм бэ?

Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүн Ж.Оюунчимэг:

-Хуульч биш болохоор надад хүнд байсан. Бүрэн эрх гэхээр хууль дээр зээлтэй холбоотой бүрэн эрх надад байхгүй. ТУЗ-ийн бүрэн эрх гэхээр бас л тийм бүрэн эрх байхгүй. Надад урвуулан ашиглах бүрэн эрх байхгүй байгаа юм. Албан тушаал, албан үүргээ гэх үгнүүд байсан. ТУЗ-ийн гишүүний хувьд хурал зарлахаар очих ёстой, материалтай танилцах ёстой. Өөрийнхөө итгэл үнэмшил, танилцуулсан материал, хууль дүрмийн хүрээнд бие даан саналаа өгөх хэрэгтэй. Яг процессыг нь бодоод байхаар би санал авах хуудсан дээр “Дэмжсэн”, “Зөвшөөрсөн” , “Зөвшөөрөхгүй” гэдгээр л миний албан үүрэг дуусаад байгаа юм. Өөрийнхөө төлөө ашиглаж байсан юм байхгүй. Бусдын төлөө гэхээр энэ яригдаж буй зүйлүүд дээр би хэнийг нь ч танихгүй. Зарим компаниудын нэрийг мэдэх төдий. Нөлөөлөлд автах, хэн нэгэн надаас хууль бус зүйл хүсэх боломж байгаагүй. ТУЗ дээр бид хууль дүрмийнхээ дагуу юмаа ярьдаг. Хамгийн гол нь том төсөл хөтөлбөрөө яаж хөдөлгөх вэ гэж ярьдаг байсан.

Улсын яллагч:

-Монгол мах экспо, Монгол эм импекс гээд Бишрэлт группын хамаарал бүхий аж ахуй нэгжүүд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Эдгээр төслүүд нь шаардлага хангаагүй. Мах экспортлох зөвшөөрөл байгаагүй. Дамжуулан зээлдэгч гээд чанаргүй зээлийн ангилалд орсон. Яагаад ийм байхад нь зээл өгсөн юм бэ?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Нэг экспортыг дэмжих, нөгөөх нь импортын хамаарлыг арилгах хоёр өөр төсөл байсан. Төслүүд дээр холбогдох нэгжүүд нь судлаад амжилттай хэрэгжих төсөл гэж үзсэн учир хэлэлцээд дэмжих санал өгсөн. Асуултууд гарахад нь хариултууд өгсөн. Монгол Улсын эдийн засагт аль аль нь хэрэгтэй. Импортын 60-аас дээш хувийг хангадаг аж ахуй нэгж байсан. Энэ өөрөө эмийн импортыг бууруулна гэж үзсэн. Нөгөө зээл нь махны экспорттой холбоотой.

Улсын яллагч:

-Эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэн үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-2019 оны тавдугаар сарыг хүртэл намайг ажиллаж байхад тухайн төслүүдтэй холбоотой үе шатны ажлууд явж байсан. Эмтэй холбоотой төсөл нь явж байна гэсэн. Харин махтай холбоотой нь тодорхой хэмжээний сааталтай байна гэсэн. Сааталтай байсан учир үе шатны санхүүжилт нь олгоогүй гээд эргэн дуудах нөхцөл байдал үүссэн.

Улсын яллагч:

-Өмнөх зээлийг чинь төлөөгүй эрсдэлтэй байхад дахиад зээл олгож болох юм уу? Хөгжлийн банк гэлтгүй банк санхүүгийн салбарт байж болох зүйл үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Компани өөрийн Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулдаг. Групп компанийн тухайд олон компанитай байдаг. Манайхтай харилцагч 20 гаруй компанитай гэж хэлж байсан. Толгой компани нь санхүүгийн асуудал үүсэхээргүй байсан. Нэг компани нь нөгөө компаниа татан унагаах магадлалгүй, эрсдэлгүй байх гэсэн шаардлагыг бид тавьсан.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

 -Монгол мах экспо компанийн ТУЗ-ийн шийдвэр бий. Энэ шийдвэр дээр таны тусгайлан тавьсан шаардлага байна. Энэ ТУЗ-ийн шийдвэр заавал биелэгдэх ёстой баримт бичиг мөн үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-ТУЗ-ийн холбогдох хуульд дүрмэнд мөрдөгдөж гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Энэ шаардлага биелсэн үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хэрхэн биелсэнийг дотоод аудитын хороо байнга шалгадаг. Миний санаж байгаагаар гүйцэтгэх захирал ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэдэг асуудал ТУЗ дээр яригдаж байгаагүй.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Та энэ шаардлагыг хангуулсан гэж үзэж байна уу?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-ТУЗ бүхий л шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж, үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилт, эргэн төлөлтөд байнгын хяналт тавихыг гүйцэтгэх захирал Б.Батбаярт даалгав гэж байгаа юм. Гэтэл хувь хүмүүсийн данс руу ороод, хадгаламж руу орж, банкнаас хүү аваад явсан байна. Төслөө хэрэгжүүлээгүй. Энэ мөнгө өөр тийшээ явсныг та мэдсэн үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Явцын хяналтыг хоёр янзаар тавьдаг. Зээлийн холбогдох асуудлыг байнга хянадаг. Мөн Хөгжлийн банкны өөрийнх нь бүтцэд хяналт шалгалтын нэгж бий. Энэ нь гэнэтийн шалгалт хийдэг. Энэ шалгалтаар тухайн зээлдэгч, зээлэгчийн эрх үүрэг зөрчигдсөн тохиолдолд тухайн зээлийг зогсоох, эргэн дуудах, хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг. Энэ ч утгаараа байнга шалгадаг байсан. Зээлийг эхнээс нь дуустал зээлийн мэргэжилтэн хариуцдаг. Зээлийн асуудлыг холбогдох захирал, газрын дарга нь хариуцдаг. Зээлийн удирдлагын хороо зөрчил дутагдлыг шийдвэрлэдэг.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Та 100 хувь дүрэм журмаа хэрэгжүүлсэн гэлээ. Гэтэл Монгол мах экспорт, Монгол эм импекс нь хоёулаа хэрэгжээгүй. 100 хувь ажлаад ийм үр дүн гарсан гэсэн үг үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банкны дамжуулан зээлийг оруулбал 2-3 мянган харилцагчидтай. Үндсэн 80-100 зээлдэгч бий. 100 орчим зээлдэгч дээр 30 орчим мэргэжилтэн хариуцаад шалгаад явдаг. Энэ үйл ажиллагаанд би гүйцэтгэх захирлын хувиар хяналт тавьж ажилладаг. Хангуулж байх эсэхийг зээлийн газар болон дотоод хяналт шалгалтын газар хянадаг. Зөрчил гарвал холбогдох арга хэмжээг нь авдаг.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Гэмт буруутай гэж үзвэл та бус тэр зээлийг хариуцсан мэргэжилтэн, хорооны гишүүн хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хуулиараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 13 үүрэг хүлээж байгаа. Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, банкыг ашигтай ажиллуулах гэх мэт бий. Жил болгон ТУЗ-ийн бизнес төлөвлөгөөг хамгаалаад явж байсан.

Хөгжлийн банкны өмгөөлөгч:

-Тусгай зөвшөөрөл нь байхгүй байхад та зөвшөөрөл нь байх ёстой гэдэг үү? Эсвэл ороод л ирсэн бол дэмждэг байсан уу?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Баримт бичгийг хэн боловсруулж, хэн хяналт тавиад ямар шаттай явахыг мэддэг байх. Хэлтсийн захирал, гүйцэтгэх захирал гээд таван шатаар дамжаад зургаа дахь шатандаа танилцуулга хийж байгаа юм.   

13 : 26
2023-5-4

"Хууль, шаардлага хангаагүй байхад яагаад зээл дэмжсэн юм бэ?"

Улсын яллагч:

-Пирамид Ордын зээл таны судалсан хэд дэх зээл байсан бэ?

Хөгжлийн банкны ажилтан:

-Барилгын анхны зээл. Өмнө нь “Алт” хөтөлбөрийн хүрээнд зээл судалж байсан.

Улсын яллагч:

-Таныг туршлагатай гэж бодож байсан ч анхны томоохон зээл байжээ. Зөв үү?

Хөгжлийн банкны ажилтан:

-Би 2005 оноос хойш зээлийн хянан шалгагчаар арилжааны банкуудад ажиллаж байсан. 2014 оноос эхлэн Хөгжлийн банкны санхүүгийн эрсдлийн шинжээчээр ажиллаж байсан. 2015-2017 оны хооронд зээлийн эрсдлийн шинжээчээр ажилласан. Хөгжлийн банкны томоохон төслүүд дээр эрсдлийн шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргаж байсан. Энэ ч утгаараа барилгын зээлийг яаж судлах, шинжлэх дээр туршлагатай байсан.

Улсын яллагч:

-Таны Хөгжлийн банкны ажил, албан тушаал юу билээ?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-2012 онд төрийн удирдах зөвлөлийн дарга, 2016-2019 он хүртэл гүйцэтгэх захирал.

Улсын яллагч:

-Пирамид Ордын зээл 2017 оных учир таныг гүйцэтгэх захирал байх үед гарсан зээл байна. Тийм үү? Та яагаад энэ зээлийг дэмжсэн бэ? Хууль, шаардлага хангаагүй байхад яагаад дэмжсэн юм бэ? Хөгжлийн банкны эрх ашгийн төлөө хийсэн үйлдэл мөн үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банкны анхны хууль 2011 онд батлагдсан. 2017 онд шинэчлэгдэн батлагдсан. 2011 оны хуулиараа Хөгжлийн банкны долоон үйл ажиллагаа бий. Хамгийн эхнийх нь зээл авах, өгөх. 2017 оны хуулин дээр зээл олгох гэсэн ганц ч үг, үсэг байхгүй. Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа гаргах, гаднаас зээл авах, хөрөнгө оруулах, хувьцаа авах гэсэн үйл ажиллагаа бий. Та харин надаас зээл олгосон уу гэж асуугаад байна. Төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн шүү. Санхүүжүүлэх шаардлагыг заачихсан байгаа. Долоон тайлбар бий. Шаардлагуудыг нь дэлгэрэнгүй тайлбарласан.

Улсын яллагч:

-Албан үүргээ биелүүлж, хэрэгжүүлж чадсан уу л гэж асуугаад байна.

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хуулин дээрээ зохих шаардлагыг хангасан байна гэж заасан байгаа. Хуулийн заалт дээрээ санхүүжүүлэхээсээ өмнө зургаан шаардлагыг хангасан байх ёстой.

Улсын яллагч:

-Та албан үүргээ зүй ёсоор нь хэрэгжүүлж чадсан уу? Цагаан дээр хараар бичихдээ ийм шаардлагуудыг хангаагүй бол санхүүжилт гарахгүй гэж ойлгоод байна. Гэтэл та журмаараа ажилласан гэж тайлбарлаж байна. Тийм үү?

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банкны 2011 оны хуулийг 2017 он хүртэл мөрдсөн. Би 2017 онд батлагдсан хуулийг 2019 оны тавдугаар сарын 19-н хүртэл Хөгжлийн банканд ажиллах хугацаандаа 100 хувь мөрдсөн гэж ажилласан.

Улсын яллагч:

-Гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргаад байгаа юм уу? ТУЗ нь шийдвэр гаргаад байгаа юм уу? Өр төлбөртэй байсан компанид зээл өгсөн байна.

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр:

-Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Хувьцаа эзэмшигч эзгүй үед түүний эрх үүргийг ТУЗ. ТУЗ-өөс эрх олгосны үндсэн дээр гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа. Яг ямар хүрээнд гаргах вэ гэдгийг дүрмэнд заасан байгаа. Тодорхой дүнгээс дээшээ гарсан бол ТУЗ. ТУЗ-ийн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх захирлын тушаал гарсны дагуу  хэрэгжиж байгаа. Та хаана шийдвэр гаргаж байна гэж байна. Эцсийн шийдвэр зээлийн удирдлагын хороо түүнээс гарсан ТУЗ-ийн зөвлөлийн дүгнэлт дээр үндэслэн зээлийн гүйлгээг хийж баталгаажуулж байгаа.

12 : 36
2023-5-4

Г.Санжмятав: АТГ-ын шаардлагын дагуу авсан мөнгөө тооцоонд оруулаагүй

Улсын яллагч:

-МоАХ-нд шилжүүлэх ёстой 47 орон сууцны мөнгийг таны эцэг, эх, таны нэрээр гэрээ байгуулаад шилжүүлсэн гэж байна. Харин та мэдүүлэгтээ худалдаж авсан авсан гэсэн. Танд тайлбар байна уу?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Манай эцэг, эх өөрсдөө урьд нь амьдарч байсан хоёр өрөө байраа зараад мөнгийг нь байршуулсан. Манай аав Сонсголонгийн тэнд ажилладаг. Ажилтайгаа ойрхон гэдэг утгаараа тэндээс байр авсан. МоАХ-ны хамааралтай байр эсэхийг нь тухайн үед мэдээгүй.

Өмгөөлөгч:

-Таныг дансаараа 305 сая 56 мянган төгрөг авсан гэж прокурор тогтоожээ. Эгч Г.Байгалмаагийн хууль бус үйлдэлд оролцсон, мөнгө угаасан гэж буруутгаад байгаа. Зарцуулалтыг чинь магадлагаараа тодруулаад байгаа. Пирамид Орд компанийн гүйцэтгэх захирал Хонгормаагийн данснаас 204 сая 900 мянган төгрөгийг таны данс руу шилжүүлжээ. Энэ ямар учиртай мөнгө вэ?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Би Пирамид Орд компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ мөнгийг ажил гүйцэтгэлийн мөнгө гэж ойлгон захиран зарцуулсан. Би АТГ-д зургаан жилийн дансны хуулгаа өгөөд тодруулсан.

Өмгөөлөгч:

-Хавтаст хэрэгт Пирамид Орд болон туслан гүйцэтгэгч компани тооцоо нийлсэн баримт байна. Та үүн дээр гарын үсэг зуржээ. 324 сая төгрөгийн авлагатай гэх тооцоо гарчээ. Үүнийг Пирамид Орд компани зөвшөөрсөн үү?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Тооцоо гүйцэт нийлж дуусаагүй байсан. Мөрдөн шалгах явцад АТГ-аас тооцоо нийлж ир гэсэн. Тиймээс тооцоогоо нийлүүлэхэд ийм авлагатай гарч ирсэн.

Өмгөөлөгч:

-Тооцоо нийлсэн актын доод талд жич гэж байгаад “Г.Санжмятавын данс руу шилжүүлсэн 204 сая 900 мянган төгрөг нь энэ тооцоонд ороогүй” гэж дурджээ. Харин та ороод ирсэн мөнгө гэж тайлбарласан. Энэ яагаад тооцоо ороогүй юм бэ? Шалтгаан нөхцөл нь юу байсан бэ?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-АТГ-аас тооцоо нийлж ир гэж хэлэхдээ энэ мөнгийг тооцоонд оруулахгүй шүү гэсэн.

Өмгөөлөгч:

-Тэгэхээр АТГ-ын шаардлагаар авсан мөнгөө тооцоонд оруулаагүй гэсэн үг үү?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Тэгэж ойлгож болно.

Өмгөөлөгч:

-Ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу төлбөр авахдаа бартерын байр авч байсан уу?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Авч байсан. Мэдүүлэгтээ ч ярьсан. Нийт найман байр бартераар авсан.

Өмгөөлөгч:

-Пирамид Орд компанийн гүйцэтгэх захирал Хонгормаа, нягтлан Ундармаа нар таны данс руу компанийн данснаасаа хичнээн төгрөг шилжүүлж байсан бэ? Та буцаагаад мөнгө шилжүүлж байсан баримт бий юу?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Пирамид Орд компаниас ажил гүйцэтгэлийн мөнгө гэж миний данс руу 500 гаруй сая төгрөг шилжүүлсэн байдаг. Буцаагаад 200 гаруй саяыг нь шилжүүлж байсан. 200 гаруй сая төгрөг нь зээл, банк бусын л асуудал байгаа.       

Өмгөөлөгч:

-Та мэдүүлэгтээ 15 сая төгрөг давхцсан байна. 290 сая 56 мянган төгрөгний асуудал байна” гэжээ. Энэ мөнгө МоАХ-ны төлбөр мөнгө юм уу? Эсвэл ажил гүйцэтгэх гэрээний мөнгө юм уу? Энэ мөнгийг Пирамид Орд ХХК яаж олсон талаар мэдээлэл байна уу?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Над руу гүйлгээ хийж байгаа мөнгөний эх үүсвэр нь ямар гэдгийг би мэдэхгүй. Ажил гүйцэтгэлийн мөнгө л гэж ойлгож байгаа.

Өмгөөлөгч:

-Энэ мөнгөнүүдийг яаж зарцуулсан бэ?

Г.Байгалмаагийн дүү Г.Санжмятав:

-Гэрээнийхээ дагуу барилгын бараа материал, ажилчдын цалин хөлс гээд зарцуулсан. Дансны хуулганаас харж болно.

12 : 00
2023-5-4

Г.Байгалмаа: Би гарын үсэг зурсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн

Улсын яллагч:

-Таныг баримт бичиг хуурамчаар үйлдэж, ашигласан хэрэгтэй яллагдагчаар татсан. Та мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн зөвшөөрсөн үү?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Би гарын үсэг зурсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Улсын яллагч:

-Газар нь байж барилга нь барьцаа шаардлагаа хангадаг. Та “Би гарын үсэг зурсан юм. Тэгээд яах юм бэ? Юу нь буруу байгаа юм бэ?” гэсэн. Энэ байж болох үзэгдэл үү?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Би шинээр юм зохиож зураагүй. 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 04 тоот тогтоол дээр үндэслэн зурсан. Шалтгааныг нь тайлбарлах уу?

Улсын яллагч:

-Та өөрийнхөө бус хүний гарын үсэг зурсан. Үүнийг юу гэж бодож байна вэ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Тайлбарлах гэхээр буруутгаад байх юм. Ямар учраас өөрийгөө зөвтгөөд байгаагаа тайлбарламаар байна. 2015 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор орон сууц бариулах, газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гарсан. Энэ тогтоолыг удирдах зөвлөлийн гишүүд албажуулж гаргасан. Зээл хөөцөлдөх үеэр газар шилжүүлэх эрхийг “Пирами Орд” компанид өгсөн гэдэг байдлаар хурлын протоколоо, тогтоолоо, газар эзэмших гэрчилгээтэй нь өгсөн. Зээлжих шатанд нь “Дарга нь зөвшөөрсөн гэх юм алга гэсэн” гэсэн. Удирдах зөвлөлд нь дарга нь багтаж байгаа гэсэн. Гэтэл заавал даргын гарын үсэг байх ёстой гэсэн. Тэгэхээр нь удирдах зөвлөлийн тогтоолыг хэн нэгэн дарга, гүйцэтгэх захирал, тамгын газрын дарга нь байна уу хамаагүй бүгдээрээ л биелүүлэх ёстой. Заавал нэг хүний гарын үсэг ямар хэрэгтэй юм бэ гэдгийг хэлж байсан. Шийдвэр гаргах үед дарга оролцож байсан учир би зурчихсан юм гэдгийг хэлээд байна.

Улсын яллагч:

-Ямар учраас хоёр янзын гэрээ байгуулсан юм бэ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Манайх нэг л гэрээ байгуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ний өдөр байгуулсан. Гэрээний нөхцлөө нийт барилгалжилтын 15 хувь, 85 хувь гэж хийсэн. Нийт орон сууцны м.кв нь 3000. Ийм л гэрээ байдаг. 2013 оны хийсэн гэрээ барилгын материалын үнэ, валютын ханш гээд 50, 50 хувийн эрсдлийг даах нөхцөл тусгасан. Хөгжлийн банканд би шаардагдах материалыг л бүрдүүлж өгч байсан. Тэрнээс биш ямар материалыг яаж өгснийг мэдэхгүй. Тухайн үедээ Г.Цолмон захирлын бүрдүүлж өгсөн материалд 10 байр гэсэн юм байна лээ. Эхний мөнгөө би өөрийн нэр дээр болон өөрийн хамаарал бүхий этгээд дээр шилжүүлж авсан юм байхгүй.

Улсын яллагч:

-37 орон сууцны урьдчилгаа таны данс руу л орсон байна лээ. Таны эцэг, эх гурван өрөө орон сууцанд орсон байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Өөрийн дансандаа байршуулсан гэж байна. Би урьдчилгаа төлбөр, нөхцлийг гэрээ хийж аваагүй. Г.Цолмон захирал өөрөө хүүгүй лизинг өгсөн гэж ярьсан. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 325 мянгаас нэг сая төгрөгний сар болгон төлдөг түрээс миний дансанд орж байсан. Энэ төлбөр 202 сая төгрөг хоёр жилийн хугацаанд цугларсан. 2021 онд гурван ширхэг нэг өрөө байрыг худалдан авсан. Үүнд нэр бүхий партизануудаа оруулсан. 2022 онд таван ширхэг байр аваад нэр бүхий хүмүүст олгосон. Миний эцэг, эх хоёрын байрыг яагаад МоАХ-тай холбоод байгааг би мөрдөн байцаалтын шатанд ч хэлж байсан. Манай ааваас ч мэдүүлэг авсан.

Улсын яллагч:

-ТББ-ын албан тушаалтан байж ТББ-ын нэрээр гэрээ байгуулаад хувийн зорилгодоо ашигласан байна. Энэ ямар учиртай юм бэ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Би итгэмжлэл олгогдсоны дагуу үйл ажиллагаа хийсэн. Мэдүүлэг дээрээ ч ашгийн бус байгууллага ашгийн үйл ажиллагаа явуулж байгаа мэт энэ хуримтлалыг үүсгэх боломжгүй байсан. Хэрхэн энэ асуудлыг шийдэх нь надад олгогдсон гэж ойлгож байгаа.

Өмгөөлөгч:

Прокурорын зүгээс өөрийн болон ойрын этгээдийн дансаар мөнгө авсан гэх асуудлыг ярилаа. Энэ мөнгийг буцаагаад зориулалтын дагуу ашиглаж чадсан уу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Бүрэн дүүрэн чадсан.

Өмгөөлөгч:

-Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан уу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

25 байрны сар бүрийн хүүгүй лизингийн мөнгө орж ирдэг. Тухайн үед өөрийн мөнгөтэй энэ сар болгон орж ирж байгаа мөнгөө холилдуулахгүй гээд түр байршуулаад байраа олоод захиран зарцуулж таван ширхэг байр авсан.

Өмгөөлөгч:

-Байртай холбоотой бүх данснуудаас аваад үлдсэн мөнгө бий юу? Арван төгрөг авч үлдсэн үү?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Байхгүй.

Өмгөөлөгч:

-Пирамид Орд компани МоАХ-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон гэдгийг дүгнэсэн гэдэг нөхцөл байдал байдаг уу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Одоогийн байдлаар дүгнэж амжаагүй байгаа.

Өмгөөлөгч:

-Прокурор сая асуухдаа МоАХ-ны байрны төлбөрийг өөрийнхөө болон дүү, хамтран амьдрагчийнхаа дансаар авсан гэдэг асуулт, тодруулга авчихлаа. Та миний үйлчлүүлэгч Г.Санжмятавын дансаар МоАХ-ны байрны төлбөрийг авсан уу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Тийм юм хийгээгүй. Авч байгаагүй. Тийм шаардлага ч байгаагүй. 

Өмгөөлөгч:

-Г.Санжмятавын гэгдээд буй байр МоАХ эсвэл Г.Байгалмаатай хамааралтай юу?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа:

-Хамааралгүй.

 

09 : 16
2023-5-4

Г.Цолмон: Зээлээ төлөх оролдлого хийж ч болохгүй байна

Capture

Хөгжлийн банктай холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.05.04/ 14 дэх өдрөө үргэлжилж байна.

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны эрсдэлийн газрын дүгнэлтээр танай компанийн барьцаа хөрөнгө шаардлага хангахгүй байсан юм банйа. Ном журмаараа зээл авсан гэдэг нь хэр бодитой вэ. 10 тэрбум төгрөгийн зээл гарч, Хөгжлийн банкны албаныхан судлаад энэ хүний барьцаа хүрэхгүй байгааг дүгнэсэн байна. Та нийт 15 тэрбум төгрөгийн зээлээ энэ төсөлдөө зарцуулсан уу?

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Би төслийн зарцуулалтаа танилцуулгаар харуулсан шүү дээ. Нийт 70 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн барилга, дээр нь хоёр давхар 76 машины гражтай энэ бүхэнд л зээлээ зарцуулсан. 

Улсын яллагч:

-Та барилгадаа 15 тэрбум төгрөгийг зарцуулсан юм байна тийм үү. Хэргийн материалтай танилцсан байх тэ. Танай компанийн төсөл хэрэгжүүлэгчийн гаргаж өгсөн материалыг үндэслэж, санхүүгийн магадлагаа гаргаж өгсөн. Нийт 6.9 тэрбум төгрөгийг  зориулалтын бусаар зарцуулсан байна гэсэн. Үүнд тайлбар байна уу?

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Тайлбар байна. Энэ 6.9 тэрбум төгрөгийг хаанаас үндэслэснийг мэдэхгүй юм. Надад санхүүгийн хоёр ч дүгнэлт байна. Энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй гэдгийг барилгын гүйцэтгэл харуулна. 

Улсын яллагч:

-Таныг мөнгө угаасан байна гэж үзэн яллагдагчаар татсан байгаа. Та мэдүүлэг өгөхдөө уучлалт гуйх шиг болсон. Туслан гүйцэтгэх компани чинь мөнгө төгрөгөө өгөхгүй байна гэх гомдол ярьсан байсан. 

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Хэрэгт холбоогүй асуулт асууж байна.

Улсын яллагч:

-Та нийт 15 тэрбум төгрөгөөс хэдийг нь өнөөдөр төлчихөөд байна вэ. Зургаа дахь жилдээ явж байна. 

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Би 789 сая төгрөг төлөөд зогсоосон. Зээлээ төлөх боломжтой байхад зогсоосон. 48 сарын хугацаатай зээл авсан. Хэрэг маргаантай холбоотойгоор прокуророос зогсоосон

Улсын яллагч:

-Хэрэг маргаантай холбоотойгоор прокуророос зогсоохоос өмнө зээлээ төлөхгүй байсан юм биш үү. Гэрээний дагуу 2021 оны эхээр төлж дуусгах үүрэг хүлээсэн байсан. Графикийн дагуу 2020 онд прокуророос зогсоосон гэх хүртэл төлж байсан тийм үү. Яг хуваарийн дагуу төлж байсан уу?

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Зээлээ төлж байсан баримт байгаа. Би орсныг нь өгч байсан. 

Улсын яллагч:

-Танай компанийн орон сууцанд айлууд орчихсон юм билээ. Тэр орсон орлого бүхэн өнөөдөр Хөгжлийн банк руу орох ёстой юм биш үү. Таны зээлийн хуваарь дууссан шүү дээ. Баримт нь байна. Та Г.Байгалмаатай хоёр янзын гэрээ байгуулсан. МоАХ-ын газрыг ашигласны төлөө ес болон 27 байр буюу 3000 м.кв өгнө гэж гэрээ хийсэн. Тэрнээс 27 орон сууц Г.Байгалмаад өгсөн.

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Урьдчилгаа төлбөрөө өгсөн, өгөөгүй ч айлууд бас байгаа. Би Г.Байгалмаад байр өгөөгүй. Эсэргүүцэж байна. 

Улсын яллагч:

-Танай охин мэдүүлэг өгөхдөө Г.Байгалмаад 27 орон сууц өгсөн гэж хэлсэн шүү дээ.

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч:

-Эсэргүүцэж байна. Г.Цолмонг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татаж байгаа. "Пирамид Орд" ХХК-ийн МоАХ-тай байгуулсан гэрээний асуудал огт яригдахгүй байгаа. Бизнесийн үйл ажиллагаа шүүх хуралд хамааралгүй. 

Улсын яллагч:

-Г.Байгалмаа хоёр гэрээ байгуулж, 27 орон сууц өгсөн. Хөгжлийн банкинд өгсөн гэрээнд есөн орон сууцыг газрын төлбөрт өгнө гэж 1.2 тэрбумаар газраа үнэлж, барьцаанд өгсөн байдаг тийм үү. Тэгэхэр энэ есөн байрны гэрээ нь Хөгжлийн банкны газрын төлбөрт явах юм байна. 

"Пирамид Орд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цолмон: 

-Би наад хоёр гэрээг хийгээгүй. Та 3000 м.кв талбай өгөөрэй гэсэн. МоАХ-ын газар 1.2 тэрбумын үнэтэй байсан. Тэр мөнгөө яаж барагдуулах вэ гэхээр нь байраар барагдуулъя гэсэн. Одоо Хөгжлийн банкны гэрээг яаж барагдуулахыг улсын яллагч та мэдэж байгаа шүү дээ. Бараг хоёр жил компанийн үйл ажиллагаа зогслоо. Би бүх хөрөнгөө барьцаалчихаад яаж төлөх юм бэ. Банкны захирал нь тав, зургаан удаа солигдсон. Миний асуудлыг авч хэлэлцээгүй. Төлөх оролдлого хийж ч болохгүй байна.

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны хэрэг 2022 оны аравдугаар сард шалгагдсан. Тэр хугацаа хүртэл таны хөрөнгө битүүмжлэгдээгүй байсан. Та Хөгжлийн банкнаас зээл авахаас өмнө Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дээр шалгагдаж, маргаантай асуудал үүссэн байсан.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-05-04 102.89.46.162

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

zochin 2023-05-04 203.91.115.243

ulsiin zaan Gochoosurengiin huuhduud shoron shaajee

Avatar

Нэргүй 2023-05-04 103.212.117.85

Ээ харал гэж дээ ! Дооёо зааны хүүхдүүд гэж шуналын туламнууд идээд идээд ил яваад байдаг, Гооёо зааны хүүхдүүд болохоор зээлээд зээлээд далд ороод байдаг, яаядаа байз !

Avatar

Нэргүй 2023-05-04 174.23.170.5

Шүүх хурлаас их юм сурч болох гь ээ

Avatar

Нэргүй 2023-05-04 122.201.24.238

мөнгө угаасан нь илт..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж