Өнгөрсөн сарын 5-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж эхэлсэн тохижилтын ажил олныг талцуулаад байсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамныхан ч уг асуудалд нухацтай хандаж, нийслэлийн ундны эх үүсвэр болсон ногоон тохижилттой газарт заавал дахин бүтээн байгуулалт хийх шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Харин нөгөө талд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс нийт талбайн заасан хэмжээ буюу таван хувьд багтах тохижилтын ажлыг KFC хийж байгаа гэсэн юм. Ямартай ч тус бүтээн байгуулалтын ажлыг зогсоогоогүй үргэлжилж байгаа бөгөөд тохижилтыг хүлээж авахад 15 хоног үлджээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн амралтын бүс нийт 973 га газартай. Харин "Таванбогд трейд" ХХК-ийн хэрэгжүүлж буй тус ажил 1,1 га талбайд нь хийгдэж буй.
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзулын хэлснээр "Тус төслийн зураг төсөл батлагдсан бөгөөд энэхүү ажлыг эхлүүлэх санал таван жилийн өмнө гарсан. Тодруулбал, тус төслийг хэрэгжүүлэхээр тухайн компани 2018 онд анх хандсан. Шаардлагатай төсвөө бэлдээд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зөвшилцөж зургаа эцэслээд, гэрээгээ албажуулаад эхэлсэн цаг хугацаа нь л одоо таарч байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс анх санал тавихдаа барилга барихгүй, хөшөө босгохгүй, худалдаа үйлчилгээ хийхгүй, жил бүр арчилгаагаа танай, манай хамтраад хийгээд явна, ногоон байгууламж хийнэ. Иргэдэд шаардлагатай орчин бүрдүүлнэ гэж тохирсон нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа төсөл.
Тавдугаар сарын 20-нд ажил нь дуусаад цэцэрлэгт хүрээлэнд хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгэж авна. Ажлыг зогсоох шийдвэр огт гараагүй.
Бүтээн байгуулалтын ажил эхлээд нэг сарын хугацаа өнгөрсөн бөгөөд одоогоор тохижилтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.
Холбоотой мэдээ