MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэх сүржин нэртэй ч анир чимээгүй оршин тогтнох нэгэн төв Монголын үндэсний олимпийн хорооны хоёрдугаар давхрын баруун жигүүрт, хаалттай шилэн хаалганы цаана бий. Наадам бүрээр бөхчүүд, бөх сонирхогчдын тэсвэр тэвчээрийг барж, оньсого таавар таалгадаг гэхэд хилсдэхгүй. Түүхийг нь сөхвөл, Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Улс дахь цорын ганц байгууллага билээ.
Өнгөрсөн сард Монгол Улсын начин Б.Ганхуягийн зүгээс допингийн эсрэг байгууллагад хандан өмнөх шинжилгээнүүдийнхээ хариугаа авах гэсэн боловч өгөөгүй гэнэ. Тэрбээр "Миний бие явцын шинжилгээ болон улсын их баяр наадамд нийтдээ гурван удаагийн шинжилгээ өгч байсан ба өөрийнхөө хариуг өөртөө авах хүсэлт допингийн эсрэг байгууллага дөрөвдүгээр сарын 17-ны өдөр гаргасан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл тоймтой албан ёсны хариуг надад гаргаж өгөөгүй л байна. Тус төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхболд хэлэхдээ "Үндэсний бөхийн холбоо хүсэлтэй манай байгууллагад өгвөл холбоонд чинь хариуг нь өгнө хэмээсэн. Эр хүн хэлсэндээ эмээлт морь хариасандаа гэдэг харж л байя даа" гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан допингийн эсрэг байгууллагыг зорьж, шинжилгээний хариуг хэзээ өгөх вэ гэдгийг тодруулахыг зорив. Тус байгууллага дээр долоо хоногийн зайтай хоёр удаа очсон. Эхний удаад хаалттай шилэн хаалга мөргөж, ямар ч тайлбар авч чадаагүй. Үндэсний олимпийн хорооны ажилтнуудын хэлснээр ажил дээрээ бараг ирдэггүй, ирэх нь өдрийн од шиг гэсэн юм. Долоо хоногийн дараа дахин очиход тус байгууллагын Д.Мөнхболд өөрийн биеэр хаалгаа тайлав. Түүнээс Б.Ганхуяг начны шинжилгээний хариуг хэзээ өөрт нь өгөх вэ талаар асуухад "Хариулт өгөх боломжгүй. Завгүй байна" гэв. Харин үндэсний бөхийн холбоонд бөхчүүдийн шинжилгээний хариуг хэзээ хүргэх вэ гэхэд "Зохих хугацаанд нь хүргүүлнэ. Санаа зовох зүйлгүй" гэж хэлээд хаалгаа хаасан.
Өмнө нь нэг бус удаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд допингийн эсрэг байгууллагыг зорьж, тайлбар авах гэсэн боловч дээрхтэй ижил хариулт авч байлаа. Энэ удаад ч нэг их ялгаа гарсангүй. Допингийн эсрэг байгууллага хэл ам дагуулж, шүүмжлүүлсээр эцэст нь үүндээ дасах шиг болжээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатараас Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн чуулганы үеэр тайлбар авах гэсэн боловч "Удахгүй хэвлэлийнхэнд сургалт явуулж, сонирхсон асуултад нь хариулна" гээд "бултсан".
Үндэсний аудитын газраас 2021 онд Монголын үндэсний олимпийн хороонд шалгалт оруулахад допингтой холбоотой дараах томоохон зөрчлүүд илэрч байлаа.
- 1.30 Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн дүрмийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан допингийн эсрэг МҮОХ-ны бодлого ба дүрэм, гишүүнчлэл, санхүүжилтийн шаардлага болон үр дүнгийн журмыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэмд нийцүүлж боловсруулах ажил хийгдээгүй байна.
- 1.32 Допингийн эсрэг үндэсний төвийн бие даасан байдлын шаардлагын дагуу Монголын Допингийн эсрэг төв 2007 онд үүсгэн байгуулагдсан байна. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд “Тамирчдыг спортын бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх, сургалт уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр бүртгэгдсэн нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдахгүй байна.
- 1.33 МҮОХ, БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн институтийн допингийн хяналтын төвийн хооронд 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг 5 жилийн хугацаатайгаар жилд 100 хүртэлх дээжийн шинжилгээний зардлыг чөлөөлж болохоор тохиролцож байгуулан хэрэгжүүлж ирсэн байна.
- 1.34 Уг санамж бичгийг 2011 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дахин 5 жилээр сунгасан нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.416 -н 20.4.3-т “Допингийн эсрэг үндэсний байгууллагын өөрийн улсын хэмжээнд бие даасан байдлыг хүндэтгэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нь нөлөөлөхгүй” гэж заасныг зөрчин Допингийн эсрэг үндэсний төвийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна.
- 1.35 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 39117 дүгээр тогтоолоор допингийн эсрэг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг өөрийн төсвийн багцдаа тусгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгасан байна.
- 1.37 Цаашид Допингийн эсрэг үндэсний төв, төр засгийн байгууллагатай хамтран хууль тогтоомжийн хүрээнд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
Ерөнхийдөө санхүүжилт, үйл ажиллагаа нь зөрчилтэй гэж гарчээ. Мэдээж санхүүжилтийг нь Засгийн газрын зүгээс Биеийн тамир спортын үндэсний хороогоор дамжуулан олгодог. 2020 онд л гэхэд 455 сая төгрөгийг улсын төсөв хуваарилсан аж. Мөн баяр наадмыг зохион байгуулах комиссоос тамирчдын шинжилгээний зардал гэж санхүүжүүлдэг. Жилд 100 сорьц үнэгүй шинжлүүлнэ гэсэн атлаа нэмж баяр наадмын комиссоос санхүүжилт татдаг нь хачирхалтай. Ингээд бодохоор багагүй мөнгө энэ байгууллагад бий.
2017 онд допингийн эсрэг үндэсний хяналт гэх төслийн хүрээнд 200 сая төгрөг төсвөөс авч байжээ.
Үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн тухайд Монгол Улс ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орж Монгол Улс спорт дахь допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн. Иймээс допингийн эсрэг байгууллагын хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүргийн хүрээнд төр үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй аж. Төр оролцвол юу болдгийг Оросын жишээн дээрээс харж болно. Төрийн зохион байгуулалттайгаар тамирчдынхаа допингийн хариуг нууж, өөрчилсөн тэд олимпийн наадамд туг, далбаа, төрийн дууллаа ашиглаагүй билээ.
Аудитын газрын гаргасан тайлангийн 1.37 дээр допингийн эсрэг үндэсний дүрэм батлуулах шаардлагатай гэжээ. Энэ дүрмийг батлуулах тал дээр Биеийн тамир, спортын улсын хороо, БСШУС-ын байнгын хороо, үндэсний олимпийн хороо, допингийн эсрэг байгууллага гээд бүгдээрээ хойрго хандаж, бараг л олимпод орох боломжгүй болох дөхсөн. Энэ дүрэм байгаагүй учир наадмаар допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ гэдэг маргаан дагуулсан. Бөхийн холбоо нэг өөр дүрэмтэй, Баяр наадмын хууль нь бас нэг өөр заалттай. Ингээд л асуудал үүсч, допингтой бөхчүүд шүүхэд хандаж, төөрөгдөл үүсгээд байсан юм. Харин удаан дуншсаны эцэст 2022 оны аравдугаар сард допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, цаашдаа бүхий л спортын холбоод үүнийг дагах болов.
Допингийн эсрэг байгууллагын асуудлыг тоочоод байвал дуусахгүй. Шинжилгээ авах, зарлах явцаас эхлүүлээд тайлан, дүрэм, үйл ажиллагаа нь тодорхойгүй, мэдээлэл хангалтгүй, хаалттай. Монголын тамирчдад допингийн талаарх мэдлэгийг олгож, үүнээс урьдчилан сэргийлэх, цэвэр шударга өрсөлдөх эрхийг нь хангах ёстой Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага нь өөрөө допингийн эсрэг тэмцлийн чөдөр тушаа болжээ. Тэдний үүрэг допингтой тэмцэх бус допингийн шинжилгээ авч, зарлах л болсон гэхэд буруудахгүй. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын үүргийг хэдэн бөхчүүд л биелүүлж, нийгэмд допингийн эсрэг дуу хоолой болж байна.
Холбоотой мэдээ