ҮАБЗ ойлголцлоо нэгтгэснээр ҮХНӨ-ийн төслөө Засгийн газар өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэ удаад зөвхөн тоо, тогтолцоо хоёрт өөрчлөлт оруулахаар болжээ.
Хүний үгийг дамжуулсан уу, өөрийнх нь байр суурь байв уу, ямартай ч ХҮН намын дарга Т.Доржханд “УИХ-ын гишүүдийг 152 болгох нь куб язгуураас гаргаж ирсэн тоо болохоос 99, 108 гэх шашины юм уу, азын тоо биш" гэв. Харин Ардчилсан нам одоогоор ямар нэгэн тодорхой тоо хэлээгүй, Даваа гаригт хэвлэлд өгсөн Х.Тэмүүжингийн мэдээллээс сонсоход МАН-ын дэвшүүлж, ХҮН намын дэмжиж байгаа 152 гэх тоон дээр санал нэгдэхгүй гэжээ. Эрх баригч МАН-ын тухайд парламентын гишүүд хэт цөөн болохоор нэг хүнд багагүй эрх мэдэл төвлөрдөг, тиймээс гишүүдийн тоог 152-оос дээш болгосон тохиолдолд парламентын чадамж, дархлаа сайжирна гэж тайлбарлаж байна.
ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцэхэд хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ҮХНӨ-ийг хэлэлцэх явцад парламентаар өөр асуудал хэлэлцэх ёсгүй. Мөн ҮХНӨ-ийг батлахад УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57 гишүүний дэмжлэг шаардлагатай юм.
1.
Манай улстөрчдийн жишээ болгож ярьдаг Японы парламентад ёс суртахуун, хариуцлага нэгд тавигддаг бол Монголын парламентад ёс суртахуун адагт ордог. Жишээ нь, саяхан Японы парламентын гишүүнийг чуулганы хуралдаанд суугаагүй гэх үндэслэлээр Ёс зүйн хорооноос нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Эсрэгээрээ Монголын парламентад чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүн цөөнгүй. Европын парламентын гишүүн, Грекийн улстөрч Эва Кайлиг авлига авсан, гэмт хэргийн бүлэглэлд оролцсон, мөнгө угаасан зэрэг хэрэгт буруутган өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулсан. Тэгвэл Монголын парламент авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ авч үлддэг, үүнийгээ парламентын дархлаа болон улс төрийн тогтвортой байдалтай холбож тайлбарладаг, ийм байдалд хүрснээ тогтолцоондоо тохдог. Тиймээс тогтолцоо болон хүнээ өөрчилсний эцсийн үр дүн нь Монголын парламентад ёс суртахуун тогтох ёстрй. Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны эцсийн зорилго нь УИХ-д өлдсөн ёс суртахуун, улстөрчдөд байхгүй ёс зүйг төлөвшүүлэх тухай юм.
Хэрэвзээ, парламентад ёс суртахуун төлөвшиж чадахгүй нөхцөлд гишүүдийн тоог нэмснээр “нэмэгдэхүүний байрлалыг сольсонтой” нэг их ялгаагүй. Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, холимог хувилбарыг Үндсэн хуульд суулгаж өгснөөрөө нэгд, улс төрийн намууд бүлэгтэйгээ хариуцлага тооцох чадамжтай болно. Хоёрт, нийгмийн бүх л төлөөлөл гарч ирэх нөхцөл бүрдэнэ.
Учир нь, жижиг мажоритори тогтолцоогоор сонгуулийг явуулснаар нийгмийн төлөөлөл гэхээсээ улстөр- бизнесийн бүлэглэл УИХ-д гарч ирдэг нь бичигдээгүй хууль болоод удаж байгаа билээ.
2.
Монголын парламент ардчилсан парламент мөн үү. Ардчилсан парламентад тавигддаг нийгмийн бүх төлөөллийг хангаж чаддаг уу. Олон нийтэд нээлттэй, ил тод байдаг уу. Иргэний хөдөлгөөн, эвсэл холбоодтой хамтран ажилладаг уу, сонгогчдынхоо өмнө ажлаа тайлагдаг уу, ёс зүйн хариуцлага хүлээдэг үү. Эдгээр асуултад хариулахад харамсалтай нь, Монголын парламентад нийгмийн бүх төлөөлөл гарч ирэх боломжгүй. Ёс зүйн хариуцлагыг Монголын парламентын танхимаас хайснаас өвсөн дотроос зүү хайх нь бараг амархан. Парламентын гишүүдийн тоо бага байх тусмаа авлигад өртөх, хуйвалдаанд оролцох магадлал өндөр болохыг судлаач Д.Бумдарь ярьжээ.
Тоог нэмснээр нэг хүнд төвлөрсөн эрх мэдэл хумигдах сайн талтай. УИХ-ын нэг гишүүн 2-3 Байнгын хороонд ажиллаж, 30 хүрэхгүй гишүүний кноп 3.4 сая хүний хувь заяаг шийддэг гэвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой. Ингэснээр парламентын босго давах хуулиуд чанаржина. Гадна, дотоодын улс төр, мөнгөний бүлэглэл УИХ дээр лобби хийхэд хүндрэлтэй.
Сөрөг тал нь төсвийн зардал өснө. Өнөөдөр нэг гишүүн дор хаяж гурван туслах, хоёр зөвлөхтэй гэвэл тэр тоогоор цалингийн цэс нэмэгдэнэ. Төсвийн “үрэлгэн” зардал өсөхгүй гэх баталгаагүй. Түүнээс нэг өрөөнд хоёр гишүүн суух тэдний асуудал болохоос иргэдийн асуудал биш.
3.
Парламентад суудалтай гурван нам зарчмын хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж үзэж буй. Гэхдээ 152 гэх хувилбарыг МАН, ХҮН дэмжиж АН эсрэг саналтай байгаа. Хэлэлцүүлгийн явцад 152 гэх тоо багасах магадлалтай, мэдээж үүнээс дээшээ өсөхгүй биз. Харин пропорциональ тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөхийг улс төрийн намууд жижиг, томгүй бүгд дэмжиж байгаа. Гол нь 50:50 гэсэн хувилбар дээр бас санал зөрөлдөж буй. Энэ удаагийн ҮХНӨ-өөр ганцхан асуудлыг хэлэлцэнэ. Эрх баригчид, сөрөг хүчин долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Учир нь, ахин, дахин гар дүрэх тусам Үндсэн хуулийн хямрал руу гулсана гэсэн үг. Тэр үед эргээд коммунизм байгуулах Н.Энхбаярын хүсэл биелэгдэж мэднэ шүү.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ