“Оюутолгой” компани өнөөдөр (2023.05.03) 2023 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүнийн уурхайн олборлолтын явцаа танилцууллаа. Тус компани эхний улиралд Оюутолгойн бүлэг ордын эрдсийн өндөр агуулгатай хэсгийг агуулсан гүнийн уурхайн олборлолтыг аюулгүй эхлүүлсэн. Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ олон улсын бусад уурхайн зарцуулдаг усны хэмжээнээс доод түвшинд хадгалжээ. 2023 оны нэгдүгээр улиралд 312 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулсан байна.
“Оюутолгой” компани 21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлснээр нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүнийн уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллах нөр их ажил өрнөж буй аж. Тус хамт олон 2028-2036 оны хооронд, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуур тэсэлснээр дээрх зорилтод хүрэх төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.
Оюутолгой уурхай Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн билээ.
"БИД ОДООГИЙН ТҮНШЛЭЛ, НЯГТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛНЭ"
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР:
-Бид 2023 оны эхний улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж, түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээлээ. Өнгөрсөн гуравдугаар сард бид хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газрын төлөөллүүд, орон нутгийн удирдлагууд, Оюутолгойн хамт олон, гэрээт ажилтнууд, бүхий л цаг үед хамтран ажилласан зөвлөхүүд, түншүүд болон орон нутгийн ард иргэдийн хамт Оюутолгойн Гүнийн уурхайн олборлолтын нээлтийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Бидний бүтээсэн энэхүү амжилт дан ганц бидний бус, харин "Оюутолгой"-д хүч хөдөлмөрөө зориулсан ахмад, дунд, залуу үе болон түншүүдийн маань их ажлын үр шим билээ. Цаашид бизнесээ үргэлжлүүлэн, аюулгүй, тогтвортой, ашигтай ажиллуулах арвин үйлс биднийг хүлээж байна. Бид цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллах болно. Гагцхүү бид одоогийн түншлэл, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласнаар тус амлалтаа биелүүлэх юм" гэв.
Үйл ажиллагааны тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.14 байжээ.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ус ашигладаг бол "Оюутолгой" нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 1-р улиралд 0.4 куб метр ус ашигласан) ус ашигладаг, дэлхийн усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм. 2022 онд Скэрн Ассосэйшн (Skarn Associates) хэмээх бие даасан судалгааны байгууллагаас ижил төстэй 157 уурхайн усны хэрэглээнд хийсэн судалгааны дүнд "Оюутолгой" нь усыг хэмнэлттэй ашигладаг зэс олборлогчдын эхний 25 хувьд багтсан. "Оюутолгой"-н уурхайн хэрэгцээнд “Гүнийн хоолой”-гоос татаж буй усны хэмжээг Ханбогд сумын байгаль орчны байцаагч, улсын байцаагчид сар бүр шалгаж, баталгаажуулдаг. Түүнчлэн "Оюутолгой"-н нийт ус ашиглалтыг Олон улсын санхүүгийн корпорацын нэрийн өмнөөс жил бүр хөндлөнгийн бие даасан байгууллага шалгаж, таван жил тутамд аудит хийдэг. Хамгийн сүүлийн таван жилийн аудитыг "Эрдэнэ Дриллинг" компани 2021 онд хийж дуусган, Оюутолгойн ус ашиглалтын мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулсан.
- Нийт ажилтны 97 хувийг монголчууд, мөн 23.1 хувийг ("Оюутолгой" ХХК-ийн) эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.98 тэрбум ам.доллар буюу 9.2 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан байна.
- Дөрөвдүгээр улирлын байдлаар 609 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 412 нь үндэсний ханган нийлүүлэгч байжээ. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулсан байна.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
2022 оны нэгдүгээр улиралд хийгдсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.49 хувь ба 0.40 хувь) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны нэгдүгээр улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 41 хувиар өссөн. Өнгөрөгч улиралд гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба тус хугацаанд 1.36 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.7 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.43 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.6 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
Гүний уурхайн төслийн мэдээ
- Нэгдүгээр улиралд бид Панел 0-ийн олборлолтыг эхлүүлсэн. Нэгдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 36 хүдэр буулгуур тэсэлсэн ба тэдгээрийн 17-г энэ улиралд тэсэлжээ. Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, гуравдугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 503 болон 623 метрт тус тус хүргэсэн байна. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1148 болон 1149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Дээрх хоёр босоо амыг 2024 оны эхний хагаст буюу 2020 онд батлагдсан шинэчилсэн зардал болон хуваарийн тооцоололд зааснаас 15 сарын дараа ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
- Хүдрийн биетийг гүнийн уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж буй ба 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажлын хүрээнд гүйцэтгэгч компаниудыг сонгож, гэрээ байгуулжээ.
- Панел 1 болон 2-ын судалгааны ажил үргэлжилж, 2023 оны эхний хагаст дуусгах юм байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлсний үр дүнд үүссэн агааржуулалтын урд болон хойд амны ажил хойшилсонтой холбоотойгоор үүдэх агааржуулалттай холбоотой нөлөөллийг тусган оруулах аж.
- Улирлын явцад "Рио Тинто", "Оюутолгой"-н зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаар ажилласан ба тогтоолд дурдагдсан голлох ажлууд шийдвэрлэгдсэн. Талууд татварын асуудлаар зөвшилцөлд хүрэхээр ажилласаар байгаа тул олон улсын арбитрын шүүхэд үүссэн татварын маргааныг түр түдгэлзүүлсэн хэвээр байна.
Холбоотой мэдээ