"Монголд эгшиглээгүй дэлхийн алдартай бүтээлүүдийг тоглоно"

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

"Монголд эгшиглээгүй дэлхийн алдартай бүтээлүүдийг тоглоно"

"Монголд эгшиглээгүй дэлхийн алдартай бүтээлүүдийг тоглоно"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын отгон удирдаач Ц.Тэлмүүн-Очиртой ярилцлаа.


-Театртаа өмнө нь хийлч хөгжимчнөөр ажиллаж байсан гэсэн үү. Удирдаач мэргэжлээр суралцах болсон тухайн сонирхож болох уу?

-Анх намайг цэцэрлэгт суралцаж байхад Хөгжим бүжгийн сургуулиас хийл хөгжмийн багш ирж, хүүхдүүдийн сонсгол, ритм, авьяасыг нь шалгаруулсан. Тэгээд шалгарсан хүүхдүүдийнх нь эцэг эхэд нь мэдэгдэж, би тэр дунд санамсаргүй байдлаар тэнцсэн. Хуучнаар Хөгжим бүжгийн сургууль дээр дахин шалгалтуудаа өгч, хийл хөгжмийн ангид орсон.

Миний хувьд хийлийн ангийг бэлтгэлээсээ 11 дүгээр анги хүртлээ суралцсан. Мөн оюутны дөрвөн жил болон бакалаврын зэрэгтэй суралцаж, төгссөн.

Харин театртаа 2012 онд хийл хөгжимчнөөр 2018 оны сүүлч хүртэл ажиллаж байгаад БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуулийн удирдаачийн ангид тэтгэлэг авч, тэнцсэн. Тэгээд Өмнөд Солонгос улсад удирдаачийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо 2023 оны нэгдүгээр сараас эхлэн театртаа удирдаачаар ажиллаж байна.

-Хөгжимчин, удирдаач хоёрын ялгаа гэвэл?

-Хөгжимчин хүн маш олон цагаар бэлтгэл сургуулилалт хийдэг. Хөгжимчин хүний гар хуруу  форумтай байх, тодорхой хэмжээний бие физологитой холбоотой мэргэжил учраас тэр тал дээр анхаарна. Хамгийн гол нь хөгжимчин байхад оркестрынхоо хөгжимчидтэй эвсэн тоглох, удирдаачийн хэлэмж, манлайллыг зөв дагахад илүү анхаардаг.

Харин удирдаач болсноор хамт олныг өөрөө манлайлах шаардлагатай.

Тэрнээс гадна хөгжмийн бүтээлийг яг энэ олон хүнийг өөрийнхөө хөгжмийн зэмсэг болгож, дотоод мэдрэмж, туршлага, сурсан ур чадвараа бүрэн зориулж тухайн хөгжмийн зохиолыг амилуулах үүрэгтэй байдаг. Ингэхийн тулд маш эртнээс хөгжмийн зохиолтойгоо танилцаж, гүн судалж, урт хугацааны төлөвлөгөө гаргаж, уран бүтээлчидтэйгээ хурдтай ажиллах сорилтууд тулгарсан. Хоорондоо их том ялгаатай.

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 60 жилийн ойгоо угтаж, тун завгүй байна. Энэ удаа симфони оркестрын уран бүтээлчид тоглолтоороо үзэгчдэд бэлэг барих гэж байна?

-Манай театрын түүхт 60 жилийн ойн хүрээнд маш олон ажлыг зохион байгуулж байна. Хамгийн сүүлд "Макбет" дуурийг Монголд анх удаа тайзнаа тоглож, өлгийдөн авсан. Симфони оркестр маань тун завгүй ажиллаж, тэр том дуурийг амжилттай тоглосон. Энэ удаа тавдугаар сарын 13, 14-нд ДБЭТ-ын Симфони найрал хөгжмийн тоглолтыг үзэгдчэд хүргэхээр бэлтгэлээ базааж байна.

Тоглолтын хөтөлбөрүүдээ гаргаж, сургуулилалтыг хийж байна. Үндсэндээ бэлтгэл 30-40 хувьтай үргэлжилж буй.

Симфони оркестрын уран бүтээлчдийн хувьд өмнө нь хэд хэдэн тоглолтыг хийж байсан. Дуурийн театрын симфони оркестрын маань 100 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хугацаанд ойн тоглолтуудыг хийж байсан. Харин ойрын хоёр, гурван жилдээ дан симфони оркестрын тоглолтыг хийгээгүй байсан.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу байх вэ. Монголын тайзнаа өмнө нь эгшиглэж байгаагүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглоно гэсэн үү?

-Манай театрын симфони найрал хөгжим маань ихэвчлэн дуурь болон балетын хөгжмийг тоглосоор ирсэн бол энэ удаа тайзнаа цэвэр симфони найрал хөгжмийн номер, дэлхийн алдартай удиртгалууд, цөөхүүл хөгжим, гоцлол хөгжим, орчин үеийн хөгжим гээд сонирхолтой хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ.

Тэр бүтээлүүд дунд Монголд анх удаа тоглогдож байгаа олон шинэ бүтээлүүд бий.

Жишээлбэл, симфони оркестрын томоохон удиртгалаас гэвэл Чехийн алдарт хөгжмийн зохиолчийн "Оттело" удиртгалыг тоглоно. Үүнээс гадна орчин үеийн маш сонирхолтой зохиолууд, Монголд төдийлөн тоглогдоод байдаггүй гоцлол номерууд бас байгаа.

-Симфони оркестрын тоглолтын онцлог гэвэл?

-Манай театрын симфони оркестрын бүрэлдэхүүний хувьд 54-56 хүнтэй ажиллаж байна. Бид энэ онд маш ачаалалтай ажиллаж байгаа. Театрт маань олон жил ажилласан гарамгай хөгжимчид болон сургуулиадын төгсөгч залуу уран бүтээлчид, хөгжмийн багш нар нийлж, ажилладаг. Симфони оркестрын тоглолтыг харахад нүдэнд ил харагдахгүйгээрээ онцлог. Хөгжимчдийн өмнө удирдаач удирдана.

Тэгэхээр юугаараа онцлог вэ гэхээр хүн олон янзын хөгжим сонсч, сэтгэл хөдлөл, гоо зүйн мэдрэмж авна.

Хүн тэр хөгжмийг сонсч, төсөөлөн бодож, хөгжимд автаж, хүний уран сэтгэмж, далд ухамсартай илүү холбогддог учраас онцлог тоглолт байдаг болов уу. Гоцлол хөгжимчдийн номер их байгаа. Хөтөлбөр эцсийн байдлаар батлагдаагүй, хөгжимчдөөсөө сонгон шалгаруулалт хийж, шилдэг бүтээлийг нь батлах юм.

-Энэ тоглолт таны хэд дэх тоглолт вэ?

-Энэ бол манай дуурийн театрын хөтөлбөрт тоглолт. Миний хувьд удирдаачаар оролцож байгаа зургаа дахь тоглолт.

-Хэр догдолж байна вэ. Үзэгчдээс ирж буй урам, таашаалыг хэрхэн мэдэрдэг вэ?

-Тухайн нэг уран бүтээлийг бүтээхэд театрын маш олон хүний хүч хөдөлмөр шингэдэг.  Тэгэхээр үүнийг манлайлж авч явах, уран бүтээлчид удирдаачийнхаа хүссэн илэрхийлэмж, хөгжмийн өнгө аяс тэр бүхнийг яг хүссэнээр илэрхийлэх нь маш сайхан мэдрэмж байдаг.

Мэдээж уран бүтээлийн тоглолтоо алдаа мадаггүй маш сайхан тоглож дуусаад үзэгчдийн алга ташилт, урмын үгс уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал байдаг.

Миний бодлоор удирдаач хүн гурван төрлийн ур чадвартай байх ёстой. Яг байгалиас төрсөн авьяас билэгтэй, хөгжмийн өндөр боловсролтой, манлайлах ур чадвар тэр дундаа харьцааны соёл, урмын үг, хэзээ бухимдах вэ гэдэг ур чадвар байна. Миний хувьд одоогийн байдлаар отгон удирдаач гэж хэлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж