Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2023.05.03/ тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форумыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт оролцогчдоос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Монголд нээлттэй байгаа эсэх талаар байр суурийг тодруулан хүргэж байна.
НИЙГЭМД ҮГ ХЭЛСЭН, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХААЖ БООДОГ
МУБИС-ийн захирал доктор, профессор Ж.БАТБААТАР:

-Ардчилсан нийгмийн гол шалгуур бол иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай асуудал. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Монголд хараахан энэ орчин бүрдээгүй байна гэдэг дүгнэлт гарсан. 2000-аад оны эхээр Монгол Улс бүрэн эрх чөлөөт хэвлэлтэй орны тоонд орж байсан бол сүүлийн жилүүдэд ухарсаар байгаа үзүүлэлттэй гарч байна.
Өнгөрсөн жилийн тухайд авч үзвэл энэ онд хэвлэлийн эрх чөлөөгөөр бид 22 байраар ухарсан. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулж байгаа бодит баримт.
Түүнээс гадна нийгэмд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хааж боодог, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд халддаг, хууль эрх зүйн орчин нөхцөлөөр хязгаарлахыг оролддог тогтолцоо үүсээд байгаа.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ГЭДЭГ БОЛ АРДЧИЛЛЫН ТУЛГУУР БАГАНА
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.ХУНАН:

-2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд сэтгүүлчтэй холбоотой нийт 199 эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 146-г нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ юуг хэлж байна вэ? гэхээр хэрэг үүсгэх шаардлагагүй тохиолдолд заавал хэрэг бүртгэл үүсгэх замаар үг хэлэх эрхийг хязгаарлах, залхаан цээрлүүлэх үйлдэл байж болзошгүй.
Ардчилсан иргэний нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдэг бол суурь тулгуур багана болж байдаг.
Иргэний мэдэх эрхийг бататгаж, мэдэх эрхийг хангаж байдаг зүйл бол чөлөөт хэвлэл мэдээлэл. Тиймээс бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах ёстой.
МОНГОЛ УЛСАД ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ БАЙНА
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.ГҮНЖИДМАА:

-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол нийгмийн орон зай руу орж байгаа учраас тодорхой хэмжээнд бодохыг шаарддаг зүйл. Тухайлбал, бид үг хэлэхдээ амаар, бичгээр, техник хэрэгслээр шууд нийгмийн орон зай руу орж байна.
Миний хувьд Монгол Улсад үг хэлэх эрх чөлөө нээлттэй байна гэж хардаг. Гэхдээ сайжруулах шаардлагатай.
Хэдий эрх чөлөөтэй мэт боловч хязгаарлагдсан хүчин зүйлс ч бий. Тиймээс тэр бүхэнд шаардлагатай зохицуулалтыг хийх нь зүйтэй.
ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАДАГ
МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.УУГАНБАЯР:

-Хэдэн жилийн өмнөөс эхлээд Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтах болсныг дотоодод болон гадаадад дүгнэх болсон. Энэ эрх чөлөө улам хумигдсаар байгаа жишээ бол 2022 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсан байраас харж болно.
2023 онд ч хэвлэлийн эрх чөлөөгөөр дахин байр ухарч болзошгүй эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагууд болоод дотоодын судалгаанууд харуулж байна.
Учир нь улс төрчид, эрх мэдэлтнүүд аливаа хуулийг санаачлахдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, мэдээлэл авах эрхийг заагласан жижиг зохицуулалтуудыг оруулж өгдөг. Энэ нь эргээд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах төдийгүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумиж байгаа шалтгаан. Тиймээс мэргэжлийн байгууллагууд асуудлыг хөндөж, хэлэлцэж, гаргалгааг бий болгох нь чухал байна. Ардчилсан улсад хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол тэр улсыг ардчилсан гэж тодотгох боломжгүй. Тэгэхээр хууль санаачлагчид хатуу зохицуулалттай Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Сэтгүүлч мэдээлэл бичсэнийхээ төлөө ял авна гэдэг утгагүй.
ЭРХЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛЖ БАЙЖ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛНЭ
МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З. БОРГИЛМАА:

-Хэвлэлийн хүрээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд гурван хүчин зүйлээр хязгаарлагдаж байна. Нэгдүгээрт, эдийн засаг буюу санхүүжилтийн асуудал. Хоёрдугаарт, төр өөрөө мэдээллийн эх сурвалж болж хоёр талын байр суурийг хязгаарлаж байгаа явдал. Гуравдугаарт, эрх зүйн зохицуулалт.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухарч байгаа нь олон шалтгаантай ч эдгээр гурван хүчин зүйл голлон нөлөөлж байгаа болов уу.
Хамгийн эхэнд эрхзүйн зохицуулалтыг оновчтой сайжруулах нэн шаардлагатай гэж харж байна. Ингэснээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болж чадна.
Холбоотой мэдээ