Биелэгдэшгүй даалгавар: Энхийн зуучлагч

Хуучирсан мэдээ: 2023.05.04-нд нийтлэгдсэн

Биелэгдэшгүй даалгавар: Энхийн зуучлагч

Биелэгдэшгүй даалгавар: Энхийн зуучлагч

Орос-Украины дайныг зогсоох олон улсын идэвх санаачлагыг 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг анхлан гарган тавьснаараа Хятад улс ахлахыг хичээж байна. Энэ хүрээнд Хятадын талаас энхийн төлөвлөгөөг оролцогч талуудтай зөвшилцөж, хэрэгжүүлэх хүнийг томилсон нь ОХУ-д 10 жил Элчин сайдаар ажилласан Ли Хуй юм. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа түүнийг онцолж байна. 


Хятадын санаачилсан энхийн төлөвлөгөөгөөр Орос-Украины зөрчлийг зогсоох нь "биелэгдэшгүй даалгавар" гэж олон улсын улс төрийн шинжээчид дүгнэж байна.  Тэгвэл биелэгдэшгүй даалгаврын эзэн болох Ли Хуй нь 2019 оноос хойш Евразийн асуудал хариуцсан Хятадын тусгай төлөөлөгчөөр ажиллаж буй туршлагатай нэгэн.

Түүнээс өмнө тэрбээр ОХУ-д 10 жил Элчин сайдаар ажилласан, оросоор чөлөөтэй ярьдаг гэдгийг эх сурвалжууд онцолжээ. Хэдийгээр Орост удаан ажилласан ч түүнийг Москваг налсан хэт туйлширсан хандлага гаргахгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцсаны дараа Хятадын гадаад хэргийн яамнаас "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахын тулд өөр талуудтай гүнзгий харилцах зорилгоор Ли Хуй төлөөлөгч Украин болон бусад улс орнуудад айлчилна" гэж мэдэгдсэн. Гэвч Бээжингийн зуучлал үр дүнд хүрэх эсэх нь Орос, Украины талууд хэр зэрэг буулт хийхээс шалтгаална.

Ямартай ч дэлхийн улс төр, эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой нөлөө үзүүлж буй зөрчлийг төгсгөхөд Хятад улс гол үүргийг гүйцэтгэхийг хичээж байна. 

Тэрбээр 1953 онд төрсөн ба Хэйлунжян мужийн уугуул.  Ли Хуй 1975 онд Хятадын гадаад хэргийн яамны Зөвлөлт холбоот улс болон Зүүн Европын асуудал хариуцсан хэлтэст ажилтнаар орсноор дипломат карьер нь эхэлжээ. Тухайн үед Бээжин, Москва хоёр дайнд ойрхон байсан бөгөөд Ли Хуй өөрийн бүх хүчин чармайлтаа Хятад улс болон ЗХУ, түүний залгамжлагч орнуудын хоорондын харилцааг зохицуулахад зарцуулсан байна.

1981-1995 оны хооронд Хятадын гадаад хэргийн яам болон ОХУ, Казахстан дахь Элчин сайдын яамдад хоёр болон нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллажээ. Дараа нь 1997-1999 оны хооронд Казахстанд суух Хятадын элчин сайдаар ажилласан.
Улмаар 2008 онд гадаад хэргийн дэд сайдын албан тушаалыг хашиж байгаад жилийн дараа Хятад улсаас Москвад суух Элчин сайдаар томилогджээ. Энэ цагаас 10 жилийн турш ОХУ-д ажилласнаар хамгийн удаан элчин сайдаар ажилласан хүн болсон. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Ши Жиньпин Москвад есөн удаа айлчилж, хоёр орны хооронд худалдааны эргэлт гурав дахин өсчээ. Тодруулбал, 2009 онд Хятад-Оросын худалдааны эргэлт 38.8 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 107 тэрбум ам.долларт хүрсэн байна.

"Орост 10 жил ажилласан нь Ли Хуйг 2019 онд тусгай төлөөлөгч болж дэвшихэд нь том нэмэр болсон. Түүний гадаад хэргийн дэд сайдын албан тушаал нь Бээжингийн захиасыг дамжуулахад илүү их ач холбогдол болно" гэдгийг Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос ба Төв Азийн мэргэжилтэн Ли Лифан мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, Ли Хуйн албан тушаал нь бусад орнуудад суугаа Хятадын элчин сайдуудаас илүү дээгүүр учраас хэлэх үг нь улстөрчдөд хүрч чадна гэж тооцож байна.

Мөн дайныг зогсоох хүчин чармайлтад нь Ли Хуйн орос хэлээр чөлөөтэй ярьдаг нь маш том давуу тал болно гэж үзэж байна. Ли Лифан хэлэхдээ, "Ли Хуй өнгөрсөн жилүүдэд Киев, Москва болон Европын бусад орны албаны хүмүүстэй санал солилцож, тодорхой хэмжээний харилцаа холбоо тогтоосон бололтой. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний орнуудад одоо ч орос хэлний нөлөө их байдаг тул Ли Хуйд хэлэлцээ хийхэд илүү амар байх болно" гэв.  ЗХУ-ын бүрэлдэхүүний орнуудад 40-өөс дээш насныхан ихэвчлэн орос хэлний мэдлэгтэй байдаг гэдгийг тэрбээр онцолжээ.

Ли Хуйг нутаг буцахаас өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр орны харилцааг сайжруулж, хөгжүүлэхэд  оруулсан хувь нэмрийг нь үнэлж, "Нөхөрлөлийн медаль"-аар шагнажээ. Тэрбээр 2019 онд "Тасс" агентлагт өгсөн ярилцлагадаа, "Пушкин, Лермонтов, Гоголь, Достоевский, Чехов, Толстой, Горький зэрэг Оросын суут зохиолчдыг биширдэг" гэж хэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж