Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Өнөөдрийн Засгийн газрын хуралданаар Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийг бууруулахад ажлын хэсгээс ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл хийсэн. Бидний тавьж байгаа зорилт бол сайн засаглал, хүний эрх, хууль дээдлэх чиглэлээр Монгол Улсын нэр хүндийг дэлхий нийтэд дээшлүүлэх үндсэн зорилготойгоор ажлын хэсэг ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, үндэстэн дамнасан байгууллага, судалгааны төвүүдээр дамжуулж Монгол Улсын авлигатай тэмцэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах зэрэг зорилготой ажиллаж байна. Авлигын индексээр Монгол Улс өнгөрсөн жил 33 оноотойгоор 116 дугаар байрт жагссан. Авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд тухайн байгууллагаас өнгөрсөн 2022 онд зөвлөмж өгсөн. Үүнд
- Байгалийн баялгийн хуваарилалтыг шийдэхдээ ил тод болгох /олборлох салбарын ил тод байдлыг сайжруулах хуулийг амилуулах/,
- Төрийн албан хаагчид нийтийн ашиг сонирхолоос илүүтэй хувийн ашиг сонирхолоо чухалчилж ажиллах хандлагаа өөрчлөх /төрийн болон олон нийтийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах/,
- Бүх шатанд ил тод байдлыг нэвтрүүлэх
- Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах
- Гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийг олон нийтэд тайлагнах.
Үүнтэй холбогдуулан бид Шүгэл үлээгчийн хуулийн төсөл, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авалтын тухай хуулийн төсөл зэргийг УИХ-д өргөн барьсан.
Тус байгууллагаас өгч буй зөвлөмж, шалгуур үзүүлэлтүүдийг хангавал манай эдийн засаг эрүүлжих, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх боломжтой.
Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас өгсөн зөвлөмжөөр цагдаа, хуулийн байгууллагад ажиллаж байгаа болон суралцаж байгаа оюутнуудад хүний эрхийн хичээлийг олон багц цагаар орохыг хүссэн. Эцэст нь гадаадын зээл тусламжтай холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулах зөвлөмж өгсөн. Цаашид энэ мэтчилэн ажиллахын тулд үндэсний 2030 гэсэн шинэ стратеги боловсруулна.
Холбоотой мэдээ