Засгийн газраас өнөөдөр /2023.05.03/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж, мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:
-УИХ -аас 2022 оны 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүллээ. Энэ удаад Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. УИХ нэг танхимтай, 76 гишүүн можаритор, 76 гишүүн пропорцианалаар сонгохоор өөрчлөн мэдүүллээ.
Үндсэн хууль бол хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилгыг хангах үндсэн үүрэгтэй. УИХ болон Гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрт хамааралтай хууль юм.
Өнгөрсөн хугацааг ижил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад Монгол Улсын хөгжил дэвшил, хүн амын амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна гэдэг дүгнэлтийг улс төрийн намууд, Засгийн газар, ард түмэн, улс төр судлаачдын зүгээс ярьдаг. Энэхүү томоохон өөрчлөлтийг авч ирэх сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, гишүүдийн тоог нэмэгдүүлэх төслийг өргөн барилаа. Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол шугамаа болгож чаддаггүй нь дан ганц сонгуулийн можариторт тогтолцоотой холбоотой явж ирсэнтэй холбоотой.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөл нь УИХ-ын гишүүний 50 хувь нь можаритор, 50, хувь нь пропорцианаль элементээр сонгодог сонгууль болохоороо онцлогтой.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтй ажиллаж ирсэн. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын үйл ажиллагаанд доголдол гарах, парламентын үйл ажиллагаанд доголдол үүссэнээр УИХ ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх асуудал нь нийгмийн сэдэв болж яригдаж ирсэн.
2022 онд Үндсэн хуулийн цэц 01, 02 тогтоол гаргахдаа Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүдэд нээлттэй болгосон. Нээлттэй байхын хажуугаар УИХ нь Засгийн газртаа хяналтаа тавих үндсэн үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцлийг биелүүлж байх ёстой. Олон улсын жишгийг харвал парламентын гишүдийн тоо хэт цөөнх байгаагаас энэ асуудал үүсч байна гэдгийг тогтоолынхоо үндэслэл хэсэгт дурдсан.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр парламентын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах давуу тал үүснэ.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснээр иргэд, сонгогчийн санал гээгддэггүй байх, сонгуулийн тогтолцоог шинэ шатанд гаргах эхлэл тавьж буйгаараа онцлог.
Сонгуулийн холимог тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. 2012 оны УИХ-ын сонгуулиар 76 гишүүний 48 нь тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгодог болъё. Парламентын гишүүдийн тоо хэт цөөнх байна, нэмэгдүүл гэдэг асуудал яригдаад 99 гишүүнтэй байя гэдэг санал гарсан ч дэмжигдээгүй.
2015, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санаачлага гарахад холимог системийн асуудал хөндөгдөж байсан. УИХ-аар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэхэд гишүүдийн тоог тухайн үеийн Ерөнхийлөгчийн инстиутээс 108 болгох. Ингэхдээ 54 гишүүн нь тойргоос, 54 гишүүн нь пропорцианлиар буюу холимог тогтолцоотой болгох хувилбар гарч, яригдаж хэлэлцэгдэж байсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд идэвхтэй судлагдсан, олон нийтийн дунд хэлэлцэгдсэн асуудал юм.
УИХ-ын 76 гишүүн хэт цөөнх байна гэдгийг иргэд, судлаачдын зүгээс олон өнцгөөс тайлбарладаг. Бүх талын төлөөллийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх нь эрх баригчдын үүрэг. Нийгмийн томоохон бүлгийг парламентад орох нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Эмч, багш, малчин, тариаланч, сэхээтнүүд, залуучууд, эмэгтэйчүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэргийг нийгмийн том бүлэг гэж үздэг. Тэдний төлөөлөл орох боломжийг олгосноороо онцлог.
УИХ 76 гишүүнтэй байх үед батлагдаж байгаа хууль чанартай байж чаддаг уу, амьдралтай хууль болж чадаж байгаа юу гэдэг асуудал яригдсаар ирсэн. Нэг Байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн гурван Байнгын хороонд харьяалагддаг.
Байнгын хороогоор өнөөдөр хуулийн төсөл хэлэлцэх болоход 11 гишүүн ирснээр ирц бүрдэж, 6 гишүүн кноп дарснаар хуулийн төсөл хэлэлцэгдэх болдог. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль батлагдах процесс эрс сайжирна.
Энэ ч үүднээс Засгийн газар иргэд олон нийтийнхээ саналыг үндэслэн судалсан. Парламентын засаглалтай улсуудын 150 -аас дээш гишүүнтэй парламентыг судалж үзсэн. Гишүүдийн тоо бага байхаар эрх мэдэл төвлөрдөг, хуйвалдаанаас эхлүүлээд олон сөрөг үр дагавар гардаг.
2012 онд Монгол Улс холимог системээр УИХ-ын сонгууль зохион байгуулсан. Яагаад энийг амжилттай болгож чадаагүй вэ гэдэг асуудал хөндөгддөг. Можаритор, пропорцианаль нь 50: 50 хувь байснаар үр дүн гардаг юм байна. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар 76 гишүүний 28 нь пропорцианаль системээр сонгогдсоноор улс орны хэмжээний бодлого хэрэгжүүлэхэд кноп дутаж байсан. Тийм учраас Засгийн газраас сонгуулийн 50:50 хувийн тогтолцоо оруулж ирлээ.
Эдгээр асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолын хэрэгжилт УИХ-ын 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүргийн дагуу энэхүү хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн. УИХ-аар хэлэлцүүлэгт орж, гурван удаагийн хэллцүүлэг явна. Ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь авна гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулж, УИХ-аас 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан байдаг.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл зэрэг. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийхээр байсан. Олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм.
Иймд эхний ээлжинд баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг гүйцээж байгаа юм. Олон жил хүлээгдсэн асуудал.
1992 онд УИХ-ын гишүүн 23,000 иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45,000 орчим иргэнийг төлөөлж байна. Тоо, тогтолцоотой холбоотой асуудлаар сүүлийн 15 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцээс хоёр удаа дүгнэлт гарч, сонгуулийн тогтолцоог өөрчилж байсан.
Олон намын төлөөлөл парламентад орох боломжийг нэмэгдүүлсэн холимог тогтолцооны хувилбарыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ