Украины инженерүүд "Himars"-аас бараг хоёр дахин хол тусгалтай "ард түмний пуужин" зохион бүтээжээ. Энэ нь Германы V1 пуужинтай ижил технологитой. Түүнчлэн пуужинг өдөр тутмын хэрэглээний янз бүрийн материал ашиглан хямд өртөгөөр үйлдвэрлэж байгаа гэж Оросын эсрэг тэмцэгч "Vidsich" бүлэглэл мэдэгдлээ. Пуужингийн украин нэрийг Трембита гэдэг.
Зохион бүтээгчид нэг машины гараажид гурваас дээш тооны пуужин угсарч байна. Энэ пуужин нь лазераар удирддаг пуужингийн системтэй адил нарийвчлалтайгаар цохилт өгөх боломжгүй ч дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг сөрж, хангалттай гүнд байгаа байг онох боломжтой аж.
Трембита пуужингийн байлдааны хошуу нь 20 кг жинтэй тэсрэх бөмбөг агуулах боломжтой. Энэ нь зорилтот байн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэх чадвартай гэв.
Украинчууд шинэ шийдлүүдийг идэвхтэйгээр боловсруулж байгааг НАТО-ийн командлагч асан Хамиш де Бреттон-Гордон сайшаажээ. Украины арми одоогоор ачааны машиныг пуужин харвагч болгон хувиргаж, алсаас удирддаг тэсрэх төхөөрөмж бүтээгээд байна. Түүнчлэн Оросын цэргүүд зүүн Украины нутгаас явахдаа тариалангийн талбайд их хэмжээний мина үлдээсэн. Энэ нь тариаланчдад хүндрэл учруулсан тул Оросын танкнаас салгаж авсан хамгаалалтын хавтангаар трактороо тоноглох арга бодож олжээ. Танк нь тэсэлгээг тэсвэрлэх чадвартай тул тариаланчид ийм арга боловсруулсан байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ