Монголын бизнесүүдийн нэгдсэн холбоо гэгдэх МҮХАҮТ нь саяхан 60 жилийн ойгоо хийсэн. Бүтэн жаранг элээсэн энэ том байгууллагын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдож ажиллаад дөрвөн жил өнгөрчээ. Тэрбээр анх энэхүү суудлын төлөө эдийн засагч Б.Лхагважавтай өрсөлдөж байсан бөгөөд түүнийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болоход нь экс Ерөнхийлөгчийн дэмжлэг багагүй байлаа. Түүний бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа гуравдугаар сарын 1-ны өдөр дуусгавар болсон гэвэл МҮХАҮТ-ынхан шинэ ерөнхийлөгчөө сонгох цаг болсон гэсэн үг.
Гэтэл О.Амартүвшин, Т.Дүүрэн хоёрын хувьд албан тушаалаасаа салах дургүй байгааг бизнесийнхэн шүүмжилж байна. Улстөржилтөөс ангид, бизнесийнхээ малгай, толгой нь болж тэдний ашгийг Засгийн газрын бодлого шийдвэрүүдэд тусгах ёстой МҮХАҮТ-ын удирдлагууд болох О.Амартүвшин, Т.Дүүрэн нар эрх баригчдын утсан хүүхэлдэй болсон. Бизнесийн эрх чөлөөнд төр халдаж, хэн нэгний хувийн өмчийг хууль, шүүхгүйгээр булааж, нэр хүндэд нь халдах явдал хэрээс хэтэрсэн. Харамсалтай нь бизнесийнхнээ хамгаалах ёстой байгууллага нь таг, чиг дөрвөн жил боллоо.
МҮАХТ бол бизнесийнхний хамгийн том нэгдэл. Тэр ч утгаараа танхимын бодлого төрийн шийдвэрт тусгагдад байсан. Б.Лхагважав МҮХАТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа татварын орчныг сайжруулах, далд эдийн засгийг илрүүлэх үүднээс цөөнгүй ажил хийсэн. НӨАТ-ыг шинэчилж, татварыг бааз суурийг өргөжүүлсэн, түүний үед бизнесийнхний дуу хоолой нийгэмд тод сонсогддог байлаа. Харин өнөөдөр бизнесийнхэн айдастай, бизнесийн эрх чөлөө улам хумигдсаар байгаа. Нөгөөтэйгүүр, МҮХАҮТ-ын үгийг МАН-ынхан "гөлөөг" ч гэж сонсохгүй болсон. Урьд өмнө танхимын үг бол бизнесийнхний нэгдэлийн үг болж сонсогддог байсан юм. Төр, бизнес хоёрын гүүр болох ёстой МҮХАҮТ нь бизнесийнхэндээ ч, төрдөө ч хаягдсан байдалтай, тухайлбал МҮХАҮТ-ын тухай хуулийг УИХ дээр удаа дараа унасан. Иймээс төрд "нүүртэй", үгтэй байя гэвэл бизнесийнхэн малгай, толгойгоо өөрчлөх цаг болжээ.
МҮХАҮТ-ых дүрмийн 6-р бүлэгт, Үндэсний танхимын удирдах дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа хуралдах Их хурал байна гэж зааж өгсөн. Их хурал хуралдуулах хугацаа, төлөвлөгөөг Удирдах зөвлөл баталж, хурал эхлэхээс 30 хоногийн өмнө нийт гишүүдэд албан ёсоор мэдэгдэнэ. Их хурлын талаарх албан мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ гэж заажээ. Мөн дүрэмд, Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дарга байна. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заажээ. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн мөн 2019 оны 3 сарын 15-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусаад сар гаран болж буй. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар ээлжит их хурлаа хуралдуулахгүй байгаа учраас МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд байдаг зарим бизнесменүүд тэднийг огцруулах асуудлыг хөндөхөөр ярилцаад эхэлжээ. Учир нь танхимын дүрмийн 7.10.8-д зааснаар, Удирдах зөвлөл нь ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаас чөлөөлөх, Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувийг саналаар эргүүлэн татах эрхтэй байдаг аж. Бараа материал, тээврийн үнэ тэнгэрт хадаж, татвар, валютын ханшийн дарамтанд орж буй бизнесийнхэн өөрсдийг нь өмөөрч хамгаалах, төрд дуу хоолойг нь хүргэх үүрэгтэй МҮХАҮТ нь удирдлагаа өөрчлөхгүй бол урагшаа хөдлөхгүй болсон байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ