Эдгээр театрт нийт 7000 орчим хүн ажилладаг гэх тоо сонсогдоно. Харамсалтай нь сарын 400-900 мянган төгрөгийн цалинтай театр, чуулгуудад ажиллах хүн олдохоо байжээ. Энэ асуудал дан ганц соёл урлагийн салбарт бус нийгмийн бусад салбарын ч "шүдний өвчин" болсон.
"Херо" студийн найруулагч Б.Баатар 2022 онд "Тамгагүй төр" жүжгийг тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзэж, 4.2 тэрбум төгрөгийн орлого олсон. Гэтэл улсын нэг театрын шинэ уран бүтээл тавихад өдий хэмжээний ашиг олж, чаддаг бил үү. Бараг зардлаа ч нөхөж чаддаггүй "шатдаг" гэхэд хилсдэхгүй. Яагаад улсын юм бүхэн үнэ цэнэгүй байх ёстой юм бэ.
Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Салбар яамтай болсны хэрэг одоо л гарах ёстой. Эс бөгөөс улсын театруудаа хувьчиъя.
Нэг жишээ татахад, Үндэсний урлагийн их театрын морин хуурч Б.Эрдэнэжаргал “Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр театртаа ажилд орсон. Гэтэл өнөөдөр миний цалин амьдралд минь хүрэлцэхгүй, ажлынхаа хажуугаар барилгын ажил хийж, ачаа буулгаж, төмс хурааж байна. Амьдралд хаана ч хүрэхгүй цалинг яаж ч хичээгээд дүүргэж болохгүй шүү дээ. Би театраасаа гараад хүүхдүүдэд морин хуур хөгжим заах боломжтой. Ердөө гуравхан хүүхдэд хичээл заахад нэг сарын цалинтай болно. Би долоо хоногт хоёрхон удаа хичээл заахад л хангалттай. Элдэв төрийн тоглолт, өглөөнөөс орой болтол гадуурх тоглолт гээд цаг наргүй байдаг. Ингээд л харьцуулахад маш хэцүү" гэдгийг хэлж байв.
"Энэ хэдэн хонийг Шадав нь авна уу, Готов нь авна уу. Би л аавыгаа асрах минь” гэдэг шиг соёлын салбарыг сайд нь аварна уу, үхүүлнэ үү. Уран бүтээлчид өөрсдийн уран бүтээл, авьяасаараа тодрох цаг нь болсон. Үзэгчид үнэхээр авьяаслаг уран бүтээлчийг дэмжиж, сонгосоор ирсэн. Өнөөдөр үзэгчид 20 мянган төгрөгөөр Улсын филармонид тоглолт үзэхээс илүүтэй 80 мянган төгрөгөөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Зууны манлай дуучин Б.Сарантуяаг үздэг болсон. Тэд өөрсдийн сонирхол, хүсэл таашаалд нийцсэн уран бүтээлд мөнгөө хайрлахаа больсон. Дэлхийг шуугиулж яваа "The Hu" хамтлагийн тоглолтыг ч эх орондоо үзэхээр тэсэн ядан хүлээж буй.
Холбоотой мэдээ