Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг Жеоффрэй Хинтон "Google" компаниас гарч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр хөгжүүлэлтэд нь гар бие оролцсон технологийнхоо тухай, тэр тусмаа аюул заналхийллийнх нь тухай нийтэд дэлгэн ярихын тулд ажлаасаа гарч байгаа гэжээ.
Жеоффрэй Хинтоны олон ч ажил өнөө цагийн бүтээгдэхүүнүүдийн эх үүсвэр болсон. Тэр "Google" компанид 10 жилийн турш хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн чиглэлээр хагас цагаар ажиллажээ. "Би ердийн нэг шалтаг хэлээд л өөрийгөө тайвшруулдаг. Хэрвээ би хийхгүй бол өөр хэн нэгэн хийнэ гэж. Би ажлаасаа гарч байж л хиймэл оюун ухааны аюулын талаар ярьж чадна. Google бол маш хариуцлагатай ажилласан" гэж тэр хэлжээ.
Өөрөөр хэлбэл, тэр "Google"-ийг онцгойлон шүүмжлэлгүйгээр хиймэл оюун ухааны эрсдэлийг ярихын тулд ажлаасаа гарсан гэсэн үг юм.
"Google"-ийн ахлах эрдэмтэн Жэфф Дин хэлэхдээ "Хинтон хиймэл оюун ухааны үндсэн нээлтүүдийг хийсэн. Түүний 10 жилийн турш оруулсан хувь нэмэрт нь талархлаа илэрхийлье. Бид хиймэл оюун ухаанд хариуцлагатай хандсан хэвээр л байх болно. Шинээр гарч ирж буй эрсдлийг нь ойлгож, сурахын зэрэгцээ зоригтой шинэчлэлүүдийг хийж байна" гэжээ.
Хууль тогтоогчид, нөлөөллийн бүлгүүд болон технологийн салбарынхан хиймэл оюун ухааны талаар идэвхийлэн анхааруулах болсон цаг үетэй зэрэгцэн Жеоффрэй Хинтон ажлаа орхих шийдвэрийг гаргав. Хиймэл оюун ухааны талаар анхааруулж буй "Google"-ийн ажилтан Хинтоноор тогтохгүй. "Google" компани өнгөрсөн оны долдугаар сард хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар үг хэлсэн инженерээ ажлаас нь халсан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ