“Ё.Баатарбилэгт 1 сая доллар өгсөн гээд хэлчихвэл хорихоос гаргана гэдэг байсан”

Хуучирсан мэдээ: 2023.05.03-нд нийтлэгдсэн

Live“Ё.Баатарбилэгт 1 сая доллар өгсөн гээд хэлчихвэл хорихоос гаргана гэдэг байсан”

18 : 49
2023-5-3

“Ё.Баатарбилэгт 1 сая доллар өгсөн гээд хэлчихвэл хорихоос гаргана гэдэг байсан”

Хөгжлийн банкнаас НВЦ ХХК-д олгосон зээлтэй холбоотой асуудлаар шүүх хурал үргэлжиллээ.

НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг бусдад хахууль өгөх, мөнгө угаах гэсэн зүйчлэлээр буруутгаж, яллаж байгаа аж.

Улсын яллагч: Таныг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбад 2017 оны аравдугаар сарын 11-нд 1,440,000 төгрөгийн үнэтэй хэтэвч хахуульд өгсөн гэх үйлдлээр яллаж байгаа.Б.Даажамбын байрнаас таны худалдаж авсан хэтэвч илэрсэн байдаг. Яаж яваад хэтэвч Б.Даажамбад очсон юм бэ?

Ц.Баатарбилэг: Би Б.Даажамбатай уулзаж байгаагүй, хэтэвч ч өгч байсан удаагүй. Түүнийг энэ танхимд л анх харсан.

Улсын яллагч: Ганжаргал гэх хүн таны жолоочоор ажиллаж байсан уу?

Ц.Баатарбилэг: Тийм ээ, 2016-2018 оны хооронд Ганжаргал жолооч хийж байсан. Хөгжлийн банкнаас зээл авахад жолоочоор ажилладаг байсан.

Улсын яллагч: Таныг УИХ-гишүүн Ё.Баатарбилэгт жолоочоороо дамжуулж 100,000 ам.долларын хахууль өгсөн хэмээн буруутгаж байгаа. Гэрчүүд ийм мэдүүлэг өгсөн?

Ц.Баатарбилэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт мөнгө өгч байгаагүй. Жолооч намайг гүтгэж байна шүү гэдгийг би  Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газарт хандсан боловч шалгаагүй. Намайг хорьсныхоо дараа “Нэг сая доллар өгсөн гээд хэлчихвэл чамайг эндээс гаргалаа” гэдэг байсан. Тухайн үед эрүүдэн шүүх асуудал ч гарсан. Би 92 хоног хоригдсон. 

Шүүх хуралдааныг өндөрлүүлээд байна. Маргааш 08.30 цагт шүүх хуралдаан үргэлжилнэ. 

17 : 41
2023-5-3

“АТГ-ын мөрдөгч “Хүүхдийг чинь хорино” гэж дарамталж байсан”

Хөгжлийн банкинд холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Болор шүр” компани нь 2017 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 2.4 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн байна.

Улмаар сар гаруйн дараа дахин 4.9 тэрбум төгрөгийн зээл хүсэхэд Хөгжлийн банкны Зээлийн хороо нь “Болор шүр” компанид 2.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан байсан аж.  Энэ зээлийг үе шаттай олгохоор шийдвэрлэсэн.

Гэхдээ Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтан “барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй байна, зээл олгох боломжгүй” гэдэг дүгнэлт эхэлж гаргаж байсан. Ахин зээлийг нь судалсны үндсэн дээр барьцаа хөрөнгөд нь тааруулж, зээл олгохоор шийдвэрлэжээ.

Мөн тус компанийн хувьд Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 1.1 тэрбумыг барьцаа хөрөнгөөр барагдуулсан бол бусдыг нь мөнгөн хэлбэрээр төлжээ.

Улсын яллагч: Я.Батцэцэг та “Атимос трейд” компанитай ямар хамааралтай хүн бэ?

Шүүгдэгч Я.Батцэцэг:-Захирал.

Улсын яллагч: Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Дарга зөвшөөрөхгүй байгаа.

-Шүүгч: Хөгжлийн банк, өмгөөлөгч нараас асуух асуулт байна уу.

-Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: Я.Батцэцэг та яагаад ийм асуудал үүссэн талаар дэлгэрүүлээд өгөөч?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Намайг ОХУ-ын Эрхүүгийн нүдний эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээнд байхад Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч н.Мөнхцэнгэл гэж хүн утасдаад “Болор шүр” компанийн санхүүгийн баримт олж ир гэсэн. Эхлээд би “Атимос трейд” –тэй холбоотой баримт шаардаж байгаа юм болов уу гэж бодоод “Манайх барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамааралгүй” гэж тайлбарласан. Гэвч өдөрт вайбараар 2-3 удаа дарамталж, “Хүүхдийг чинь барина, хорино. Яаралтай ир, эмчилгээгээ зогсоо. Таныг очиж барьж хорино” гээд учир нь олдохгүй юман дээр байнга дарамталж байсан. Долоо хоног нэхсэн. Арга буюу би интернетээр нэвтэрч, уурхайг урьд удирдаж байсан нас барсан хоёр хүний баримтыг хуулж санхүүгийн баримтыг нь цэгцэлсэн. Тэр явцад Д.Арвин гэж хүний нэрээр төлбөр төлөгдөж байсан баримт олдсон. Түүнийг нь цэгцэлсэн. Тэр баримтууд нь гол төлөв бензины баримт л байсан. Тэрхүү баримтуудыг Эрхүүгийн Улаан-Үдийн вокзал орж, явуулсан. Энэ бүхнээ би мөрдөгчид мэдүүлсэн. Д.Арвин гэж хүний гарын үсгийг дуурайлгаад зурсан асуудал байхгүй. Сангийн яамнаас баталсан орлого, зарлагын баримт л байсан. Түүнийг нь цэгцэлсэн.

Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: Хүүхдийг чинь хорино гэж мөрдөн байцаагч хэлсэн гэлээ. Хүүхдийг тань хорьсон уу?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Хориогүй.

Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: Таныг цагдан хорьсон уу?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Намайг хагалгаанд ороод Монголд ирүүт л н.Мөнхцэнгэл мөрдөгч дуудаад өмгөөлөгчгүйгээр шууд байцаагаад,  тэр өдрөө шууд хорьсон.

Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: Тухайн үед шалгасан асуудлаараа зүйчлэл, яллах дүгнэлт үйлдсэн үү?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Мэдэхгүй ээ, нэг юм яриад л байдаг байсан.

Өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: Яллах дүгнэлт дээр зүйчлэл байгаа юу?

Шүүгдэгч Я.Батцэцэг: Байхгүй.

Улсын яллагч: Ц.Содхүү та “Болор шүр” компанитай ямар хамааралтай вэ?

Ц.Содхүү: Захирал.

Улсын яллагч: Та хэзээнээс энэ компанийн захирал болсон бэ?

Ц.Содхүү: 2017 оны есдүгээр сард захирал болсон. 100 хувийн эзэмшигч.

Улсын яллагч: Та “Болор шүр” компанийн захирал болохоос өмнө хувь эзэмшиж байсан уу?

Ц.Содхүү: 49 хувь эзэмшдэг байсан.

Улсын яллагч: 51 хувийг хэн эзэмшдэг байсан бэ?

Ц.Содхүү: Өмнөх удирдлага нь н.Чулуунбаатар гэж хүн байсан.

Улсын яллагч: Төлбөр төлсөн үү?

Ц.Содхүү: Төлсөн, тоог нь тодорхой санахгүй байна.

Улсын яллагч:  “Болор шүр” компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

Ц.Содхүү: Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Улсын яллагч: Зээлээ зориулалтын дагуу ашигласан уу?

Ц.Содхүү: Зориулалтын дагуу зарцуулсан.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

15 : 30
2023-5-3

“Ган хүдэр орд” компани 1.6 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй

Хөгжлийн банктай холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Энэ удаад Хөгжлийн банкнаас “Ган хүдэр орд” компанид олгосон 5.1 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар шүүгдэгчдээс асуулт асууж байна.

“Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мандахбаярын тайлбараар бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ буцаан төлөхөд асуудал үүссэн шалтгаан нь цар тахлын үе таарснаас хил хаагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болсон. Мөн дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасан. Гэсэн хэдий ч тус компанийн хувьд 5.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Одоо 1.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэхүү үлдэгдэл зээлийг барьцаа хөрөнгөөрөө барагдуулах хүсэлт гарган, өнгөрсөн онд Хөгжлийн банкинд хүргүүлсэн ч одоог болтол шийдвэр гараагүй байна. Мөн 2022 оны долдугаар сард 500 гаад сая төгрөгийн төмрийн хүдэр ачуулж, экспортод гаргасан ч мөнгө нь орж ирэхгүй өнөөдрийг хүргэсэн. Энэ мөнгө ороод ирвэл зээлийн үлдэгдлийнхээ талыг ч болов барагдуулах боломжтой юм байна.

Улсын яллагчийн зүгээс “Ган хүдэр орд” компанийн төсөл нь Хөгжлийн банкнаас тавьж байсан нөхцөл шаардлага хангаагүй. Мөн тус компани нь арилжааны банкнаас авсан зээлээ төлөөгүй байхад Зээлийн хорооноос зээл олгох шийдвэр гаргасан” гэж буруутгаж байна.

“Ган хүдэр” ХХК-д зээл олгох шийдвэр гарах үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаяр ажиллаж байсан аж. Гэрчүүд “Ган хүдэр орд” компани нь зээлийн нөхцөл шаардлага хангахгүй байхад захирал Б.Батбаяр шуурхай асуудлыг нь шийдвэрлэ” гэж шахдаг байсан” гэж мэдүүлжээ.

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

12 : 45
2023-5-3

Б.Махбал: Зээл олгох шийдвэр гаргаснаа санахгүй байна

Хөгжлийн банкинд хамаарах шүүх хурал үргэлжилж байна.  

Улсын яллагч: Б.Махбал таныг 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ний Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн “Монгол драйл милк” компанид зээл олгох асуудалд дэмжсэн үндэслэлээр яллаж байгаа. Та энэ хуралд биечлэн оролцсон уу?

Яллагдагч Б.Махбал: Сайн санахгүй байна, хавтаст хэрэгтэй танилцаагүй.

Улсын яллагч: ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэлд таны гарын үсэг байна лээ. Та “Монгол драй милк”  компанийн зээл хүссэн материалтай танилцаж байсан уу?

Яллагдагч Б.Махбал: Санахгүй байна.

Улсын яллагч: Шүүгдэгч н.Оюунчимэг та ТУЗ ийн 2017 оны дөрөвдүгээр сарын 20 ны хуралдаанд биечлэн оролцсон байдаг зээлийн материалтай танилцсан уу?

Шүүгдэгч н.Оюунчимэг: Энэ өдрийн хуралдаанд зээлийн шийдвэр гаргуулахаар биш танилцуулахаар оруулж ирсэн байна, хурлын тэмдэглэлээ харлаа.  Би энэ төсөлтэй холбоотой асуулт асууж, тодруулах зүйлээ тодруулаад анхаарах зүйлүүдээ хэлсэн байна.  Хурлын тэмдэглэлд “Төслийн талаар ТУЗ-ийн бүх гишүүдээр тойруулж санал авсны дараа тогтоол гаргая” гэсэн байна. Тогтоолын төслөө уншаагүй, тийм л тэмдэглэл харагдаж байна.

Улсын яллагч:  Та саналаа өгсөн гэлээ. Ямар санал өгсөн юм бэ?

Шүүгдэгч н.Оюунчимэг:  Зөвшөөрсөн санал өгсөн, анхааруулж байсан зүйлүүдээ шаардлага хангуулах гэдгээр дахин хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Байр саваа засах, эрүүл ахуйн шаардлага хангуулах, стандартчлалыг мөрдөж ажиллах гэдэг дээр саналаа хэлж байсан. Буцаагаад зээлийн хороонд нь үүрэг өгөөд яв гэсэн. Эрсдэлтэй гэсэн зүйлүүдээ бас хэлж байсан.

Улсын яллагч: ТУЗ -ийн хуралд хэчнээн гишүүн оролцсон бэ?

н.Оюунчимэг: Гурван хүн оролцсон.

Улсын яллагч: ТУЗ-ийн шийдвэр зургаан хүн орж байж, хүчин төгөлдөр болдог.  Асууж дууслаа.

Улсын яллагч: Б.Даажамба та хариулт өгөөрэй. Монгол драйл компанитай холбоотой зээлийн асуудлыг хэлэлцэх дараалалд хэрхэн оруулсан бэ?

Б.Даажамба:  2017 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдөрТУЗ-ийн хурлыг товлоод хуралдсан. Төсөл нь танилцуулга гэдэг байдлаар орж ирсэн. Мэргэжлийн хүмүүс нь танилцуулаад тодорхой асуулт, хариултууд явагдсан байх. Миний санаж байгаагаар төсөл нь санхүүжүүлэх хэлбэрээр явах юм байна. Хүнс хөдөө аж ахуйн салбарт цоо шинээр төсөл хэрэгжүүлье гэж зорьж байгаа төсөл, тодорхой эрсдэлүүд байгаа юм байна. Хууль дүрмийнхээ дагуу нийцэх, ерөнхий утгаараа улс оронд хэрэгтэй төсөл юм байна гэж үзээд хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан болов уу.

Энэ өдрийн хурал дээр шийдвэр гараагүй, дүгнэлт зэрэг нь бүрэн дүүрэн байгаагүй байх.

Шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл завсарлуулаад байна. 

10 : 09
2023-5-3

Х.Бат-Эрдэнэ:  Б.Батбаяр, Б.Даажамба нарыг таних ч шахалт үзүүлээгүй

Хөгжлийн банктай холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.05.03/ 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Хөгжлийн банкнаас 2017 оны тавдугаар сард ""Алтай констракшн" компанийн “Монгол драй милк” буюу “Монгол хуурай сүү” төсөлд 42.6 тэрбум төгрөгийн зээл олгосон ч цаг хугацаандаа зээл эргэн төлөгдөөгүйгээс асуудал үүсч,  хэрэг шүүхэд шилжсэн нь энэ юм.

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ та Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр, Б.Даажамба нарыг таньдаг байсан уу. Таньдаг бол ямар харилцаатай байсан бэ?

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Ерөнхийд нь бол танина. Танина гэдэг нь Монголд биенээ танихгүй хүн байхгүй. Би бизнесийн салбарт 25 жил явж байгаа болохоор энэ нь Б.Даажамба, энэ нь Б.Батбаяр гэж гадарлана л даа.

Улсын яллагч: Энэ албан тушаалтнуудад та зээлийг шуурхайлах талаас ямар нэг байдлаар нөлөөлсөн, танилын нүүр халуун гэдэг байдлаар хандсан зүйл байна уу.

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Байхгүй.

Улсын яллагч: Яагаад би энэ асуултыг тавьсан бэ гэхээр гэрчүүд “Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкинд хэд, хэдэн удаа ирж, удирдлагуудтай уулзсан. Удирдах албан тушаалтнууд мэргэжилтнүүд рүү хандан “Монгол хуурай сүү” төслийн зээл хүссэн дүгнэлтийг яаралтай гарга гэж шахдаг байсан” гэж мэдүүлсэн?

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны удирдлагуудыг шахсан зүйл байхгүй.

Улсын яллагч: “Монгол хуурай сүү” төсөл хуульд заасан нөхцөл шаардлага хангаагүй байхад Хөгжлийн банкнаас зээл олгосон. Зээлийн материалтай та танилцаж байсан уу?

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Танилцах шаардлага байхгүй. Ямар төсөл Хөгжлийн банкны зээлийн шаардлага хангахыг би мэдэхгүй. Арилжааны банкны шаардлагыг бол би мэднэ.

Улсын яллагч: Ямар шалтгаанаар үйл ажиллагааны түүхгүй шинэ компани байгуулж, өөр хүний нэр дэр шилжүүлж байгаад энэ төслийг хэрэгжүүлсэн юм бэ? 

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Э.Эрдэнэбилэг сүүний чиглэлийн төсөл хэрэгжүүлэхэд надаас илүү туршлагатай байсан. "Монгол драй милк" компани нь Монголд анх удаа байгуулагдсан.

Улсын яллагч:  "Монгол драй милк" ХХК зээл авах үед таны хамаарал бүхий хуулийн этгээд Хөгжлийн банк, Төрийн банк, яамдын аливаа нэгэн сангаас хэдий хэмжээний зээл авсан байсан бэ? 

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: Миний хамаарал бүхий этгээд хаана, ямар зээлтэй байх энд ямар ч хамаа байхгүй шүү дээ. Та нарын яриад байгаа зүйлээр хэдэн хоног олон нийтийн сүлжээгээр шүүмжлүүлсэн.

Би 25 жил бизнес хийхдээ 27,28 компаниа өөрөө удирдаад явж байна. Миний бүх компани руу үсчих гэж байгаа бол нээлттэй хэл. Би бүгдийг нь гаргаад тавиад өгье. Дутуу мэдээлэлтэй зүйлийг хөндлөнгөөс оруулж ирж байгаа нь над руу хандсан үйлдэл болж байна. 

Улсын яллагч: Дорнод аймагт нүүрсний уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Меланж"  компанийг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан. Энэ тусгай зөвшөөрлөөр "Монгол драй милк" компанийн зээлийн барьцааг хангуулах боломжтой юу, Барьцааны гэрээ хүчингүй болсон уу? 

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ: "Меланж" нь нүүрсний экспортоо эхлүүлээд явж байгаа уурхай учир яаж боломжгүй байх вэ дээ. Хүчингүй болсон асуудлыг би мэдэхгүй. Хөрөнгөө барьцаалуулсны төлөө 2019 оноос хойш намайг иргэний хэргийн шүүхээр шалгаад явж байгаа.

Асуулт, хариулт үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж