ОХУ-ын арми арванхоёрдугаар сараас хойш 20 мянган хүнээ алдсан гэж Цагаан ордноос тооцоолжээ. Энэ тоог нууцын зэрэглэлтэй тагнуулын мэдээлэлд үндэслэж гаргасан гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлсэн байна. Эдгээр 20 мянган хүний тал нь "Вагнер"-ын цэрэг гэв. "Оросууд ийм их хүчин чармайлт гаргасан хэдий ч стратегийн ач холбогдол бүхий газар нутгийг булаан авч адаагүй. Тэд цэрэг, зэвсгийн нөөцөө шавхсан. Украин бол хохирогч тал учир Цагаан ордны зүгээс тэдний хохирлын хэмжээг тооцоолж өгөөгүй. Орос бол түрэмгийлэгч" гэж Жон Кирби хэллээ.
Цагаан ордны энэхүү тооцооллыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үгүйсгэв. "АНУ-ын засгийн газарт Оросын алдагдлыг тооцоолсон ямар ч мэдээлэл байхгүй, тэд энэ тоог оргүй хоосоноос гаргаж ирж байна" гэж тэр хэлжээ.
АНУ өнөөдөр /2023.05.03/ Украинд 300 сая ам.долларын батлан хамгаалахын тусламж үзүүлнэ. Энэ удаагийн тусламжийн багцад богино тусгалтай агаараас хөөргөгч "Hydra 70" пуужин багтжээ.
Түүнчлэн Ромын пап Францис өнгөрсөн амралтын өдрүүдээр Орос, Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөнд оролцсон гэж хэлсэн. Пап лам Унгарт айлчлаад буцахдаа сэтгүүлчдэд "Би хийх ёстой бүхнийг хийхэд бэлэн байна. Одоо даалгаврын шатандаа явж учир нийтэд ил болох хараахан болоогүй. Цаг нь болохоор би илчлэнэ" гэж хэлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энхийн төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй гэсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA