Энэ долоо хоногийн VS буландаа намуудын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх байр суурийг онцолж байна. ХҮН намаас гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийн тогтолцоог нэмэх талаар дуугарч ирсэн. Харин АН-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр сууринд санал нэгдсэн талаар мэдээлсэн билээ.
Л.Гантөмөр
АН-ын дарга
Холимог тогтолцоог ҮХ-д оруулахдаа 60 хувь тойргоос 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэсэн байр сууринд санал нэгдсэн. Холимог тогтолцоог нэвтрүүлэхгүй бол сонгууль болгоноор “хөдөлдөг”-өөс болоод парламент тогтворгүй болж байна. Үүнийг хуульдаа тусгах саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, хүний эрхийн чиглэлээр тодорхой саналыг гаргаж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой саналыг мөн гаргана.
ҮХНӨ-ийг явуулаад намар есдүгээр сард сонгууль явуулна гэсэн яриа гарсан. АН хоёр жил бужигналаа. Гишүүд тойрог дээрээ бэлтгэгдээгүй, очиж ажиллаагүй, уулзалт хийгээгүй байна. Энэ үед намар сонгууль болбол эрх баригчдад ашигтай гэх болгоомжлол байна. Гишүүдийн тооны талаар хэлэхэд жишээ нь 76 нь тойргоос юм бол жагсаалтад 60:40 гэхээр хэд болж гарч ирэх үү. Яг тэнцүү байх нь тогтворгүй байдал дуудаж магадгүй гэсэн болгоомжлол байна.
Т.Доржханд
ХҮН намын дарга
ХҮН нам шийдвэрээ гаргалаа. Төлөөлөх зөвлөлийн шийдвэр албажсан. ХҮН намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах саналуудаа албан ёсоор хүргүүлсэн. Одоо бидэнд цаг байхгүй. Энэ долоо хоногтоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтөө хийхгүй бол цаггүй боллоо. Хамгийн багадаа 45 хоног шаардлагатай. 45 хоногийн дараа Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж , батлах ёстой. Үүнийг зургадугаар сарын 20-ноос өмнө хийх ёстой. Тиймээс энэ долоо хоногт үүнийг эхлэх ёстой.
Том суурь өөрчлөлт хийх гээд монголчууд чадаагүй байдаг юм. УИХ-д суудалтай намуудын 2-3 кноп дандаа дутдаг. 57 кноп хүрээгүй байдаг. Үе үеийн эх орноо гэсэн төрийн түшээдүүд үүний төлөө байсан. 1992 онд Чимэд гуай хүртэл гишүүдийн тоог 102 байлгах ёстой гэж байсан. Тухайн үед дийлэнх олон нь эдийн засаг ийм муу байгаа үед наадахаа 51 болго гээд дунджаар 76 болгож байсан юм. Ингээд шинжлэх ухааны судалгаагүй, үндэслэлгүй, судлаачдын дүгнэлт дээр биш ийм шийдвэр гаргаснаар өнөөдөр Монголд авлигал хээл хахууль өндөр хөгжсөн. Пропорцианоль тогтолцоо буюу улсаа хөгжүүлдэг, бодлого ярьдаг, бодлогын улстөрчдийг бий болгодог парламент 30 жил байгаагүйн гол шалтгаан нь мажоритор тогтолцоо юм. Тойрог, тойргоо л усалдаг, би л гарч байвал болоо, манай нам л ялж байвал болоо гэж 30 жилийн өрсөлдөөний эцэст Монгол Улс ялагдсан. Үр дүнд монголчууд нийтээрээ өөрчлөлтийг хүсч байна. Үүнийг улам эсэргүүцэж байгаа, өнөөдрийн сонгуулийн систем, амьдрал сайхан байна гэж байгаа нөхдүүд шулуухан хэлэхэд өөрсдийгөө бодсон, увайгүй улстөрчид шүү. Тэр хүмүүс баян, УИХ-д 4-5 удаа сонгогдсон, нам нь ялсан байж магадгүй. Гэхдээ Монгол Улс ялагдаад байна. Эдийн засаг байхгүй. 30 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг 14 дахин өссөн бол төсөв, төрийн зардал 55 дахин өсчээ. Үр дүнд нь Монгол өр 70 дахин өсч байна. Өсөөд л байна. Сангийн сайд сая мэдэгдэл хийлээ. Арай л гэж өрөө төллөө шүү гэж байна. Энэ байдал үргэлжилнэ. Яагаад гэвэл бид мөнгөө төсвөөс шийддэг. Төсөв дандаа алдагдалтай. Өрийг өрөөр санхүүжүүлээд л явж байна. Африк 100 жил хойшоо шидсэн. Латин Америк 50 жил шидсэн. Хөгжсөн байдаггүй л байхгүй юу. Ийм болохоор Монгол өргүй, алдагдалгүй хөгжье гэж байна. Залуучууддаа боломж олгъё, ардчилсан улс байя гэвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо яаралтай хэлэлцэж эхлэх ёстой.
Холбоотой мэдээ