Жүдо бөхийн ДАШТ тавдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Катар улсын Доха хотноо ганцаарчилсан болон багийн төрлүүдээр болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 99 орны 667 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Хамгийн анхаарал татсан нь Орос, Беларусийн тамирчид IJF буюу Олон улсын жүдогийн холбооны нэрэн дор оролцоно.
УКРАИН БОЙКОТ ЗАРЛАВ
Орос, Беларусийн тамирчдыг ДАШТ-д оруулна гэх мэдээллийн дараа Украины жүдогийн холбоо үүнийг эсэргүүцэж, бойкот зарлав. Тус хоёр улсаас нийт 20 гаруй тамирчин барилдах гэнэ. Олон улсын олимпийн хорооноос дайны дэмжээгүй, сурталчлаагүй Орос, Беларусийн тамирчдыг дундын статустай тэмцээнд оруулах зөвлөмжийг спорт холбоодод хүргүүлсэн билээ. Гэтэл энэ шийдвэр нь Украинд таалагдсангүй.
Украины жүдогийн холбооны мэдэгдэлд "Бид энд төвийг сахисан байдал, тэгш нөхцөл байдлыг "энх тайвны гүүр" гэж харахгүй байна" гэжээ. Олимпийн хүрэл медальт Украины жүдоч Дарья Билодид ч дээрх шийдвэрийг эсэргүүцжээ. Тэрбээр "Өдөр бүр украинчуудыг хөнөөж байгаа террорист улсын цэргийн албан хаагчдыг олон улсын тэмцээнд оролцуулах нь байж боломгүй гэж би бодож байна. Энэ бол спортын үнэ цэнийн тухай огт биш" гэж инстаграм хуудсандаа бичжээ.
Харин олон улсын жүдогийн мэдэгдэлд "Олимпийн мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй жүдо бөхийн бүх тамирчдад шударга оролцох, тэгш боломжийг олгох хэрэгтэй" гэж мэдэгджээ.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
Монголоос нийт 18 жүдоч өрсөлдөнө. Хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн 60кг, 66кг эмэгтэйчүүдийн 48кг, 52кг-ын тамирчид өчигдөр/2023.05.02/ Дохаг зорилоо. Шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -60 КГ
- Э.Ариунболд
-66 кг
- Б.Эрхэмбаяр
- Ё.Басхүү
-73 кг
- Ц.Цогтбаатар
- Б.Эрдэнэбаяр
-81 кг
- Г.Болор-Очир
-90 кг
- Г.Алтанбагана
-100 кг
- Б.Гончигсүрэн
+100 кг
- О.Цэцэнцэнгэл
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -48 КГ
- Г.Наранцэцэг
- Б.Баасанхүү
-52 кг
- Л.Сосорбарам
- М.Нандин-Эрдэнэ
-57 кг
- Л.Энхрийлэн
- М.Ичинхорлоо
-70 кг
- Б.Ням-Эрдэнэ
-78 кг
- О.Хүслэн
+78 кг
- А.Адъяасүрэн
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, гавьяат тамирчин Г.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нар ажиллах бол эмч, терапистаар Масатоши Нишикидо ажилна.
ДАШТ-ээс алтан медаль хүртвэл 10 сая төгрөг, мөнгөн медаль хүртвэл 5 сая төгрөг, хүрэл медаль хүртвэл 3 сая төгрөгөөр урамшуулахаар жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням мэдэгджээ.
ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДЭЭС ХЭН ИРЭХ ВЭ?
Мэдээж дэлхийн аварга гэдэг утгаараа улс орон бүр хүчирхэг тамирчдаа илгээсэн. Японы шигшээд Наохиса Такато, Хифүми Абэ, Жоширо Марүяама, Соичи Хашимото, Таканори Нагасэ, Үта Абэ, Вакана Кога, Акира Сонэ зэрэг жин бүрийнх нь шилдгүүд багтжээ. Харин Гүржээс Лаша Шавдатуашвили, Илья Суламанидзе, Тато Григалашвили нар оролцох бол Францаас Ширине Букли, Романе Дико, Марье Эве Гахье, Амандине Бушард зэрэг өнөө цагийн шилдэг эмэгтэй жүдочид барилдана. Мөн жүдо сонирхогчдын эчнээ танил Нидерландын Рой Майер, Бразилын Рафаэла Силва, Хорватын Барбара Матич, Бельгийн Маттиас Кассе, Канадын Криста Дэгүчи, Косовогийн Красник Дистриа, Солонгосын Лий Харим, Унгарын Река Пап, Италийн Мануэль Ломбардо, Тайванийн Ян Юн Вэй, Францын Теди Ринер, Оросын Мадина Таймазова нар өрсөлдөнө.
Холбоотой мэдээ