Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2023 оны тавдугаар сарын 2-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1,2 хувиар өсч, өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй гарсан байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0,7 хувиар өсчээ.
Тухайлбал, нийслэлд нарийн ногоо, махны үнэ 1,5-3,2 хувиар нэмэгдсэн байна. Харин автобензин, гурил, цагаан будаа, талх, нарийн боовны үнэ тогтвортой гарчээ. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо 0,4-3,5 хувиар өссөн байна. Харин автобензиний үнэ 4,1 хувиар буурсан болохыг ҮСХ-ноос мэдээллээ.
Импортын барааны үнэ тогтвортой байгаа ч дотоодын үйлдвэрлэлтэй холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож, үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа юм. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянадаг. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж.
Өнгөрсөн сарын хувьд Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас гурав хүртэлх хувиар, өмнөх долоо хоногоос 0.1-0,5 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөнийг доорх инфографикаас та бүхэн харж болно.
Холбоотой мэдээ