Сурвалжлага: Хуруу хүүхэлдэйгээр үлгэр уншдаг хүүхдийн зохиолч

Сурвалжлага: Хуруу хүүхэлдэйгээр үлгэр уншдаг хүүхдийн зохиолч

Сурвалжлага: Хуруу хүүхэлдэйгээр үлгэр уншдаг хүүхдийн зохиолч

“Би хөгширсөн хойноо өөрийнхөө авьяасыг нээсэн хүн дээ. Одоо нас 60 гарсан ч хүүхэд шиг дугарч, чоно шиг ульж, үнэг шиг зальжин зан гаргаж сууна” хэмээн өгүүлэх энэ хүнийг Надмидын Мандал гэдэг. Тэрбээр 60 гаруй зохиол бүтээлийн эзэн, хүүхдийн зохиолч. Түүнийг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна. Учир нь хүүхдийн зохиолч маань ерөнхий боловсролын сургуулиудаар явж, хуруу хүүхэлдэйгээр зохиол бүтээлээ амилуулж, тоглодог. Ингэснээр хүүхдүүдийг гар утастай биш номтой нөхөрлүүлэх эрхэм зорилгыг өвөртөлж яваа нэгэн.

Тэрбээр өдөрт 2-3 сургуулиудаар явна. Хотын нэг захаас нөгөө захын сургууль хүртэл хүүхэлдэйгээ цүнхэлээд, автобусаар очно.

Биднийг очиход Улиастай дахь 87 дугаар сургуулиас 13 дугаар хороололд байрлах 84 сургуулийг зорин ирсэн байв. Тус сургуулийн номын санчийн хүсэлтээр гуравдугаар ангийн 11 дүгээр бүлэгт хуруу хүүхэлдэйгээ тоглох гэнэ. Энэ анги нийт 52 сурагчтай. Ангийнх нь үүдээр хүүхдийн зохиолч орж ирмэгц тэд их л сонирхож, жүжиг үзэхээр яарч буй нь илт харагдана.

Хуруу хүүхэлдэйнүүдээ ширээн дээр байрлуулсан хүүхдийн зохиолч маань хүүхдүүдээс “Матар хөөрхөн үү, муухай юу”  гэж асуухад тэд нэгэн дуугаар “ Муухай” гэж хариулав.

Тэгсэн матар уйлж гарлаа. “Намайг муухай гээд байна” ийн ийн гээд л…Тэгтэл бяцхан сармагчин гарч ирээд “Манай эмээ сайхан сэтгэлтэй бол царай нь сайхан харагддаг гэж хэлдэг юм” гэхэд нь матар “Тэгвэл тэр сайхан сэтгэл чинь ямар өнгө, хэлбэртэй, хаана байдаг юм бэ” гээд сайхан сэтгэлийн эрэлд гарснаар үлгэр эхэлнэ.

Хүүхдүүд үлгэр дотроо орж, нүд ам нь ч хөдөлдөггүй хүүхэлдэйг амьд юм шиг харилцан ярилцах нь хөөрхөн. Зарим нь “Тэгж болохгүй шүү” гэж чин сэтгэлээсээ анхааруулж, загнана. 

"ЕРӨӨСӨӨ БИ ТОМ БОЛООД ЗОХИОЛЧ БОЛНО ОО"

Э.Шижир хүү “Хүүхэлдэйгээр үлгэр сонсохоор гоё байна. Би үлгэрээс сайхан сэтгэлтэй, хүнд тусалдаг хүүхэд болох хэрэгтэйг ойлгосон. Надад “Даашинзан алчуурт тохиолдсон явдал” үлгэр их таалагдсан. Арон даашинзан алчуурыг шив шинэ байхад нь угааж цэвэрлэлгүй хогийн сав руу хаячихсан. Ерөөсөө би том болоод зохиолч болно оо” гэв. Харин Б.Мишээл охин “Үлгэр сонсох гоё байна. Хамгийн гоё дүр нь сайхан сэтгэлтэй матар байлаа. Сайхан сэтгэл зүрх сэтгэлд хадгалаастай байсан. Би хааяа хүмүүст тусалдаг. Одоо байнга тусалдаг болно оо” гэлээ.

"Ангийнхан маань өмнө нь зохиолч, зураачтай уулзаж байсан. Харин энэ удаагийн зохиолчийн уулзалт маань хүүхэлдэйгээр тоглолт хийснээрээ онцлог байлаа.

Бага ангийн сурагчдад уран зохиол, унших бичгийн хичээл ордоггүй. Монгол хэлний хичээл долоо хоногт долоон цагаар ордог.

Монгол хэлнийхээ хичээлээр унших, ярих, ойлгох чадварыг хамтатган эзэмшүүлдэг. Сурах бичиг дээр үлгэр их цөөн байдаг. Бид ангиараа илүү цаг гаргаж, уншлага хийдэг” тухай ангийн багш Ш.Удаанжаргал ярьсан юм.

ХҮҮХДИЙН ЗОХИОЛЧ Н.МАНДАЛ 150 СУРГУУЛИЙН 5000 ГАРУЙ ХҮҮХЭДТЭЙ УУЛЗСАН

Хүүхдийн зохиолч Н.Мандал "Хүүхдийн зохиолчид улиралдаа 3-4 удаа сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулздаг. Тухайн сургуулийн удирдлага, номын санчийн урилгаар очиж, ном зохиолоо танилцуулна. Өнгөрсөн 2022 оны намар нэг цэцэрлэг намайг урьсан юм. Тэгээд би цэцэрлэгийн хүүхдүүдэд юу ярьж өгөх вэ гэж бодоод, гэртээ эд хогшилоо янзалж суусан чинь манай зээгийн хуруун хүүхэлдэй гарч ирсэн. Тэгээд нөгөө хүүхэлдэйгээрээ хүүхдүүдэд жижиг зохиол тоглож үзүүлье гэдэг санаа төрсөн.

 

Цэцэрлэг дээр очоод хүүхэлдэйгээрээ тоглосон чинь хүүхдүүд их сонирхох юм. Зохиол тоглохоор дүр дутаад зээгийнхээ хүүхэлдэйгээр дөрвөн дүр бүтээгээд тоглосон. Маргааш нь 14 дүгээр сургуулийн нэг бага ангийнхан намайг уриад, хүүхэлдэйгээрээ тоглосон чинь бүр дуртай. Тэгэнгүүт нөгөөхөө сайжруулж, энд тэндээс хүүхэлдэй худалдаж авч, янзлаад тоглож байгаа.

Энэ тоглолтоо хөгжимтэй, тайзтай болговол сайнсан. Даанч ганцаараа сургуулиудаар авч явахад хүнд юм билээ. Би чинь машин унаагүй автобусаар сургуулиуд руугаа явдаг болохоор цүнхээ үүрээд явахад амар байдаг.

Өмнө нь хүүхдүүдтэй уулзалт хийж, тэдэнд ном унших зөвлөгөө өгдөг байлаа. Яг хуруу хүүхэлдэй хийгээд зохиолоо амьдруулаад тоглосон чинь хүүхдүүд их дуртай хүлээж авсан" тухайгаа ярилаа.

Тэрбээр ерөнхий боловсролын 14, 1 дүгээр сургуульд гадаад хэлний багшаар 32 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Гавьяаныхаа амралтыг авсан хэдий ч хүүхдийн зохиолч мэргэжлээрээ ажиллаж, өнгөрсөн хугацаанд 150 гаруй сургуулийн 1500 ангийн 5000 гаруй хүүхдүүдтэй уулзсан байна.

"НАМАЙГ ХҮҮХДҮҮД “ЖҮЖИГЧИН ЭГЧЭЭ” ГЭЖ ДУУДДАГ"

Ингээд түүнтэй хуруу хүүхэлдэйгээ тоглож дууссаны дараа цөөн хором ярилцлаа.


-Та өдөрт хэдэн сургуулиар явж, хуруу хүүхэлдэйгээ тоглож байна вэ?

-Би чинь бас цаг нараа зохицуулна. Өглөө нь Хужирбулангийн зургадугаар сургууль дээр очсон бол үдээс хойш Толгойтын Баруунсалааны сургуульд очиж тоглоно. Цүнхээ үүрээд л явна. Орой нь гэртээ ядарч, хоолой сөөх шахам орж ирнэ. Заримдаа нэг сургуулийн 6-7 ангийг нэг зааланд оруулж, тоглоно. Хоёр гараараа хүүхэлдэй тоглодог учраас микрофон барих боломжгүй байдаг.

Тиймээс багш байж, чанга дугардаг байсны гавьяа одоо гарч байх шиг байна. Хүүхдүүдтэй өмнө нь ажиллаж байсан болохоор арай дөхөм байдаг.

-Сүүлийн үед хүүхдүүд ном уншихаас илүү гар утас их тоглож, үздэг болсон. Харин номын баатруудыг хуруу хүүхэлдэйгээр амилуулж, тоглохоор тэдэнд их сонирхолтой байх шиг байна?

-Би хүүхэлдэйгээ тоглож байхдаа хүүхдүүдийг ажигладаг. Хүүхдүүд маань намайг харж байна уу, хүүхэлдэйг харж байна уу гэдгийг. Би өөрийгөө харуулахгүйн тулд малгай өмсч, маск зүүдэг. Тэгэхгүй бол хүүхдүүд хүүхэлдэй рүүгээ анхаарахгүй шүү дээ. Хүүхдүүд тухайн үлгэр дотроо орж, нүд ам нь ч хөдөлдөггүй хүүхэлдэйг амьд юм шиг бодоод загнадаг. Хүүхдүүд их хөөрхөн хүлээж авдаг.

Номын бүтээлч уншлага гэж нэг талаасаа хэлж болно. Номыг уншихад их учир бий. Хүүхдээ ном унш гээд орхих нэг өөр.

Хүүхдэдээ номыг уншиж өгөхдөө гоё сонирхол татахуйцаар дуу хоолойгоо өөрчилж, сэтгэл хөдлөлөөр илэрхийлвэл илүү сайн ойлгоно. Багш нар хүртэл номыг ингэж гоё уншдаг юм уу гэдэг. Хүүхэлдэйгээр үзүүлэхээр жүжиг үзсэн дайтай болчихно. Намайг хүүхдүүд “Жүжигчин эгчээ” гэж дууддаг.

-Та бас өөрийнхөө ном зохиолыг хүүхдүүдэд танилцуулж, хямд үнээр борлуулдаг юм байна?

-Энэ авьяасаа сайхан хөгжүүлнэ гэж бодож байгаа. Надад их урамтай байна. Хамгийн гол нь би өөрийн шилдэг зохиол бүтээлээ хямд хэвлүүлээд, хүүхдүүдэд уншуулдаг. Өнөөгийн иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хүүхдүүд номонд хүрч чадахгүй байна. Яг хүүхдийн номнуудыг харахаар өнгөт зурагтай мөртлөө дотроо авах юмтай, авах юмгүй ч ном байна. Үнэ нь 10 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Тэр номыг нь захын хороолол байтугай төвийн хорооллын хүүхдүүд ч худалдаж авахад бэрх байдаг.

Хүүхдүүд маань адал явдалтай ном зохиолд их сонирхолтой. Манай хүүхдийн зохиолд аймшгийн зохиол ер байдаггүй.

Гадаадад хүүхдийн аймшгийн зохиол олон байдаг. Миний “Шид мангас” номонд хүүхдүүд их дурлаж уншдаг. Үнэ нь 3000 төгрөгийн үнэтэй байдаг. Сонирхсон хүүхдүүд нь худалдан авдаг юм.

-Таныг хүүхдийн нэрт зохиолч С.Надмидын охин гэж дуулсан. Аавынхаа зохиол бүтээлийг үргэлжлүүлж, хүүхдийн зохиолч болсон уу? 

-Тийм ээ. Аав маань Самбуугийн Надмид гэж хүүхдийн нэртэй зохиолч хүн байсан. Манай аав намайг мэдээ орсон цагаас хүүхдийн зохиол бичсэн. Нийт 30 гаруй номтой, “Гийнгоо” гэдэг кинотой, “Азар Базар, Тазар” гурав гэсэн хүүхэлдэйн кинотой. Бас том хүнд зориулсан олон зохиолтой, сайн зохиолч байсан. Хүүхдийн зохиолч учраас С.Эрдэнэ, Ч.Лодойдамбын хэмжээнд ярихгүйгээр орхигдуулдаг тал бий. Аавын зохиолууд их сайн үнэлэгдэж байсан, одоо ч зохиол бүтээл нь амьдарсаар байна.

Одоо хүртэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал уншиж судлах номын жагсаалтад аавын 6-7 бүтээл орсон. Мөн сурагчдын сурах бичигт бүтээлүүд нь байдаг. Аавын тайз, дэлгэцийн бүтээл ч олон бий.

Миний хувьд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, хүсэл мөрөөдлийг нь гүйцээж явна гэж боддог. Тийм ч үүрэгтэй. Аавынхаа зохиол бүтээлийг хүүхдүүдэд уншуулж, Самбуугийн Надмид, Загдын Түмэнжаргал нагацаа байнга дурсч, алдаршуулж мөнхжүүлэх ажлыг хийж байна гэж боддог.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-03 103.161.242.116

Хүүхдүүдийг ном унших хүсэлтэй болгож, номоор дамжуулж ухаарал, сургамж авах зэрэг энэ нийгэмд тулгамдаж байгаа хүүхдийг чиглэсэн энэ сайхан ажилд тань өндрөөс өндөр амжилт хүсье Мөн хүүхдийн зохиолч Н.Мандалыг урьж ийм сайхан яриа авсан танай редакцын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-05-03 202.131.225.242

Сайхан зүйл хийж байна мундаг. Монгол хүний сэтгэл дотор ийм л сайхан гэгээлэг зүйл олон байдаг. Сайхан нийтлэл байна баярлалаа. Цаашид ийм сайхан хүмүүсээ дэмжээд баймаар л байна.

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

gdni?

Avatar

_ OC - 2023-05-03 216.38.195.74

-=. ÷;

Avatar

Нэргүй 2023-05-03 103.57.92.25

сэтгэл байхад бүхий л зүйлс амьдарна аа, амжилт хүсэе.

Avatar

tokic 2023-05-03 216.38.195.74

¥ ¥;

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

U©?

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

XC∆?

Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

##-

0 0
Avatar

Нэргүй 2023-05-03 216.38.195.74

-π-;

Avatar

Boogii Bolormaa 2023-05-03 64.119.24.52

Хүүхдийн гэгээн ертөнцөөр аялж, хүүхдийг номонд дурлуулах сайхан ажлыг хийж яваа танд ажлын амжилт хүсье ээ

Avatar

Зочин 2023-05-03 59.153.113.220

Хүүхдийн сэтгэлд хүрч чадсан Охин маань бөөн баяр ирсэн. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье

Avatar

Ш. Удаанжаргал 2023-05-03 66.181.161.241

Хүүхдийн гэгээн ертөнцийг дэлгэж буй та бүхэнд ажлын амжилт хүсье ээ

Avatar

Нэргүй 2023-05-03 66.181.161.241

Зохиолч Н.Мандал д уран бүтээлийн улам их амжилт хүсье.

Avatar

zochin 2023-05-03 66.181.169.146

Holbogdoh dugaar n bnu

Avatar

зочин 2023-05-03 103.57.94.242

Яасан сайхан буянтай хүн бэ? Урт наслаарай. Уран бүтээл нь улам дэлгэрэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж