Загварын салбарын хамгийн том наадмуудын нэг “Met Gala2023” тавдугаар сарын 1-ний өдөр боллоо. Жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гаригт зохион байгуулагддаг уламжлалтай уг наадмын үеэр Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд хандив цуглуулдаг.
Энэ жилийн наадмын зочид 2019 онд 85 насандаа өөд болсон Германы загвар зохион бүтээгч Карл Лагерфельдэд хүндэтгэл үзүүлэх даалгавартай байсан. “Met Gala” наадамтай зэрэгцэн "Karl Lagerfeld: A Line of Beauty" үзэсгэлэнг нээжээ. Уг үзэсгэлэнд Карл Лагерфельдийн 150 бүтээлийг дэлгэсэн юм.
Алдарт загвар зохион бүтээгчийг нас барсны дараахан “Chanel” брэнд Парисын загварын долоо хоногийн үеэр түүнд хүндэтгэл үзүүлж байв. Тухайн үед үзэгчдийн суудал бүр дээр Лагерфельд, Коко Шанель нарын хөрөг зургийг байрлуулсан байсан. Зургийн дээд хэсэгт “Хэмнэл үргэлжилсээр байна…” гэж бичсэн байв. Шоуны эхэнд нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсний дараа танхимд Лагерфельдийн хоолой цуурайтаж, “Chanel”-тай хамтран ажиллаж байсан үе зэргээ дурсан ярьсан байна.
Тэр “Chanel”-ийн загварын ордныг 30 гаруй жил удирдсан юм. “Би амьсгалдаг шигээ л адилхан ажлаа хийдэг. Миний хийх ёстой зүйл бол загвар, гэрэл зураг, ном. Тэгээд л боллоо” гэж тэр хэлж байв.
Энэ жилийн “Met Gala” наадмын хамтран удирдагчаар дуучин Дуа Липа, теннисчин Рожер Федерер, жүжигчин Пенелопа Круз, Майкла Коэл нар ажиллана. Удирдан зохион байгуулах үндсэн хүн нь “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур юм.
Анна Винтур загварын хамгийн нөлөө бүхий “Vogue” сэтгүүлийг 1988 оноос хойш толгойлж байна. Тэр зөвхөн загварын салбараар тогтохгүй нийгмийн бүхий л салбарт танигдсан нэгэн.
Хүрэлцэн ирэх зочдоос нэрлэвэл Педро Паскал, Женна Ортега, Квинта Брунсон, Мэргот Роббие, Сидней Свийни зэрэг холливудын хүрээллийнхэн байгаагаас гаднахөгжмийн салбараас Бэд Банни, Лил Нас Х, Дуа Липа, Оливиа Родриго нар байна.
Шопетте нэртэй хүндэт зочин энэ жилийн наадамд хүрэлцэн ирнэ гэж найдаж байсан ч тийм зүйл болсонгүй. Шопетте буюу Хонгорхон гэсэн утга бүхий нэртэй уг зочин нь Карл Лагерфельдийн хайртай муур юм. Тэр 11 настай бөгөөд Карл Лагерфельдийн тэжээвэр амьтан гэхээсээ илүү хамгийн сайн найз нь байжээ. Энэ жилийн наадам Карл Лагерфельд гэсэн сэдэвтэй байна гэдэг сургаар түүний муурыг ирэх байх гэж олон хүн харж байсан. Шопетте муур инстаграм дээр 154 мянган дагагчтай. Хамгийн сүүлд л гэхэд дөнгөж орноосоо босч буй Шопетте муурны зураг түүний инстаграмд орсон. Зургийн тайлбар хэсэгт “Хүн бүхэн намайг Мэт Гала наадамд оролцоно гэж бодож байх үед би” гэсэн байжээ.
Шопетте эзнийхээ нэгэн адилаар дээд зэрэглэлийн тансаг амьдралаар амьдарч буй. Тэр хувийн онгоцоор нисч, сэтгүүлийн зураг авалтад оролцож, тансаг үдэшлэгүүдэд уригддаг. Түүгээр ч үл барам аялахдаа өөрийн гэсэн мөнгөн аяга таваг, сам сэлттэйгээ явдаг. “Chanel” брэнд Шопетте муурнаас санаа авч муурын зурагтай гар цүнхээ зохион бүтээж байжээ. Тансаг зочид буудлаар л байрлаж яваа харагддаг Шопетте өнгөрсөн оны наймдугаар сард супер моделуудын жишгээр төрсөн өдрөө тэмдэглэсэн байна.
“Met Gala” наадмын хүндэтгэлийн хивсний өнгө жил бүр өөр байдаг. Энэ жилийн хувьд пастел цэнхэр, улаан өнгийн судалтай зөөхий шаргал өнгөтэй хивс дэвсжээ. Өнгөрсөн жилийн наадам “Америкт: Загварын антологи” сэдэвтэй байсан бөгөөд хивс нь улаан, цагаан, цэнхэр өнгийн судалтай байв. Харин 2019 онд “Кемп: Загварын тухайтэмдэглэл” сэдвийн хүрээнд алдартнууд ялдам ягаан хивсэн дээгүүр алхсан. 2018 онд дундад зууны үеийн сэдвийн дагуухүрэн улаан өнгийн хээтэй хивсэн дээгүүр алхжээ.
Николь Кидман энэ үдэш Карл Лагерфельдийн зохион бүтээсэн даашинзаар гоёжээ. Уг даашинзыг Николь Кидман 2005 онд “Chanel N5” усны сурталчилгаанд тоглохдоо өмсөж байсан. “20 жилийн дараа өмсөхөд ч сайхнаараа байна. Өд шиг хөнгөн, уран зөгнөл мэт” гэж Николь Кидман хэлжээ.
Карл Лагерфельдтэй хэд хэдэн удаа хамтарч ажилласан супер модель Жизель Бундхен “Met Gala” наадамд хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр “Chanel” кампанит ажилд оролцож байх үеийн даашинзуудынхаа нэгээр гангарч ирсэн юм.
Ингээд дэлхийн алдартнууд, загвар өмсөгчид Карл Лагерфельдийг хэрхэн хүндэтгэн, дурсан санаж “Met Gala”наадамд хүрэлцэн ирснийг доор толилуулж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ