Сайн мэдээ: Өрийн дарамт буурав!

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Сайн мэдээ: Өрийн дарамт буурав!

Сайн мэдээ: Өрийн дарамт буурав!

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2023.05.01/ сайн мэдээ дуулгасан нь  2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондын үлдэгдэл 387 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар бүрэн барагдуулж дууссан тухай. Ингэсээр Засгийн газрын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан байна.

2021 оны нэгдүгээр сарын 25 буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нийтдээ зургаан багц бондын өрийг төлөх үүрэг хүлээжээ. Тиймээс өнгөрсөн хоёр жилд төсвөөс төлөхийг төлөх, төлөх боломжгүйг нь дахин санхүүжилт татах замаар шийдвэрлэж ирсэн байна.  Тухайлбал, "Кредит сервис" банктай хийсэн арилжааны зээл 60 сая ам.доллар.  "Мазаалай" бондын үлдэгдэл 132.6 сая ам.доллар, “Чингис” бондын 136.8 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын  368.4 сая ам.долларыг өрийг төлж дуусгасан байна.

“Чингис”, “Гэрэгэ” бондын өрийг төлөхдөө өнгөрсөн зургадугаар сард олон улсын зах зээлд "Сentury-1" төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтдээ нэг тэрбум ам.долларыг босгосон агаад энэхүү мөнгөөр өмнөх бондуудын өрийг төлсөн байна.

2012 оноос эхлэн Монголын Засгийн газраас нийтдээ долоон бонд гарсан. “Чингис” бондыг экспортыг дэмжих, импортыг орлох төсөв хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулсан бол 2017 онд гарсан “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” гэх бондоор өмнөх бондуудын өрийг дарсан болохоо Сангийн сайд мэдээлсэн юм.

Ердөө жилийн өмнө эдийн засгийн дефолт зарлах дээрээ тулж байсан Монгол Улс ийнхүү аюулын ардаа үдсэн нь нэг талаар экспорт, импорт сэргэсэн, нөгөө талаар төрд нүүрлэсэн авлигатай хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлсний үр дүн юм.  Хөгжлийн банкны хулгай, луйвартай тэмцэл хийсний үр дүнд чанаргүйд тооцогдож байсан нэг их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ.

Нөгөө талаар нүүрсний хулгайтай хийх тэмцлийн хүрээнд нүүрсний экспорт сайжирсан сайн мэдээ дуулдаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг шилэнжүүлж, тэнд БЭТ томилсноор орлого нь нэмэгдэж, тээвэрлэлийн зардал буурчээ. Онцгой дэглэм тогтоосон таван сарын хугацаанд тус компани 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.7 хувиар өссөн бол уул уурхайн олборлолт болон экспорт тэлснээр 2023 онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ. Үүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюутолгойн гүний олборлолт эхэлснээр уул уурхайн салбар эрчимтэй сэргэж гэж гадны экспертүүд тооцож байгаа аж. Уг тайланд дурдсанаар уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр  Монголын эдийн засгийн өсөлт 2024-2025 онд зургаан хувиас давж өсөх төлөвтэй байгаа аж.

Ийнхүү жилийн өмнө өрөө яаж төлөх вэ гэж сандарч, тэвдэж явсан Монгол Улс ямартай ч бондын өрнүүдээ цаг хугацаанд нь төлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсангүй. Дараагийн бондуудын төлбөр 2025 оноос хийгдэж эхлэх юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж