Сүлд дууллын утга санаа: Аливаа улс орны (бидний нэрлэж заншсанаар төрийн) Хотол түмнийх нь дуулал (National Anthem)-д тухайн улс үндэстнийхээ түүхэн замнал, онцлог, тусгаар тогтнолын бахархал, хүндэтгэл, түмэн олны эрх чөлөө, эв нэгдэл, чин хүсэл эрмэлзлийн талаарх төр ард олны нэгдмэл санаа, төрийн бэлгэдлийн талаар голчлон өгүүлсэн байдаг. Тухайн дуулал нь энэ утгаараа улс үндэстнийхээ талаар дэлхий нийтэд таниулах, иргэд нь эх орноороо бахархах, хөгжил цэцэглэлт, эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэх зэрэгт соён гэгээрүүлгийн чухал ач холбогдолтой ажгуу.
Монголын төрийн дууллын үгийн түүхэн жимээс товчхон: Монголчууд түүхэн цаг үеүдийг туулахдаа төрийн дууллын янз бүрийн хувилбарыг сонгож иржээ. Чингис хааны үеэс хэмээгддэг “Эртний сайхан”-аас авахуулаад, хожим Богд хаант монгол улсын үеийн “Зуун лангийн жороо луус”, 50-иад оны эхэн, дунд үе хүртэлх “Монгол интернационал” дуунууд нь төрийн дуулал хэмээгдэж байжээ. Ардын уран зохиолч Ц. Дамдинсүрэн гуайн зохиосон төрийн дууллын үгийг засварлаж, зохиолч Ц. Гайтав, Ч. Чимэд нарын оруулгаар шинэчилж 1950-1961 онуудад “ачит Ленин, Сталины заасан зам”-ыг эрхэмлэх, 1961-1991 онуудад “ачит нам алсыг гийгүүлж…зөвлөлт оронтой заяа холбож…мандах коммунизмыг цогтой зорьж…” байгаа тухай утга шингээж өөрчлөн дуулалдаж байв. Ц. Дамдинсүрэн гуайн зохиосон төрийн дууллын үгийг үндэс болгож 2006 онд дахин засварласан нь төрийн дууллын өнөөгийн үг. Төрийн дууллын үгийг орчин цагийн өнгө аястай нийцүүлнэ хэмээн ийнхүү зарим өөрчлөлт оруулсан хэдий ч энэ нь дийлэнхдээ агуулгын өөрчлөлт гэхээсээ илүүтэй үсгийн толгой холболт, үгийн чамирхалд автсан, бадаг хоорондын утгын авцалдаа тааруу болсоны сацуу дэлхийн улс орнуудыг шударга, шударга бусаар ангилж “шударга”-тай нь л “хамтрах, эгнээг бэхжүүлэх” тухай дуулалдсаар.
Монгол төрийн дууллын үг, түүнийг шинэчлэх учир шалтгаан: Монголын төрийн дууллын үгэнд үндэсний хэмжээнд нэн эрхэмлэх эрхэм нандин гол зүйлүүдээ төдийлөн онодоггүй, төр улсынхаа үүсэл, үүх түүх, туулсан замналын тухай тусгахаас эмээдэг, цаг үеийн явуургүй үзэл сурталд автаж байсны сацуу уран сайхны халил, үсгийн толгой холболт, чамирхсан хэллэгт голлож, нийтээр дуулалддаг энэ чухал сэдэвт олон түмнийхээ санаа бодлыг сонсдоггүй, цөөн яруу найрагчдын дунд уралдаан зарлаж үгийг нь зохиолгож төр батлаад, нийтээр дуулалд хэмээдэг, агуулга, утгагчлал талыг нь хэрхэн анхаарч шүүн тунгаасан нь бүрхэг байсны улмаас төрийн дууллын үгийг дахин дахин өөрчлөх шаардлага гарч байсан бизээ.
Төрийн дуулалд үгийн сонголт, агуулга талд шүүмжлэлтэй хандаж өөрчлөх тухай олон түмний дунд яригддаг сэдвийн нэг юм.
Төрийн дууллын үгийн алдаа мадаг ба зохицлын талаарх цөөн жишээ: Төрийн дууллын агуулга хэллэгийг нэрнээс нь л эхлэн тунгаах ёстой боловуу. Учир нь: Энэ дууллын албан ёсны нэршлийг дэлхий нийтэд “National Anthem” гэсэн хэллэгээр заншсан бөгөөд аль ч улсынхад “State Hymn” гэсэн үг хэллэг хэрэглэдэггүй. “National Anthem” гэсэн албан ёсны нэршлийг Britannica, Cambridge, Охford, Wikipedia Collins зэрэг толиудад “тухайн улс орон, үндэстний хувьд онцгой ач холбогдолтой бахархалт үйл явдалд зориулж бүх нийтээр, эсхүл хэсэг бүлгээр дуулалдахаар албан ёсоор зөвшөөрөгдсөн …улс үндэстнийхээ түүх, уламжлал, өвөрмөц онцлогийг магтсан, бахархсан, олон нийтийнхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн бүх нийтийн дуулал..”хэмээн үндсэн агуулга нэршлийг нь нийтлэг тайлбарласан байдаг. Ерөөс “national” гэдгийн үндсэн утга нь “нийт үндэстэний”, “иргэдийн”, “бүх нийтийн”, “орон даяарх”, харин “anthem” гэдэг нь “нийтээр, бүлгээр, үндэстнээрээ дуулалдах” гэсэн утгатай үг ажээ.Үүнээс үзвэл тухайн дуулал нь зөвхөн төрийн гэхээс илүүтэй төрөөс албан ёсоор батламжилсан үндэсний хэмжээний бүх нийтийн дуулал гэсэн агуулга илэрхийлж, дотооддоо хийгээд дэлхий нийтэд тухайн орныхоо үүх түүх, үндэсний бахархал, иргэдийнхээ хүсэл тэмүүллийг өгүүлэн таниулагч хэрэгсэл хэмээн үзэж ч болох юм.
Монгол Төрийн өнөөгийн дуулал дахь “тусгаар улс” гэсэн хэллэг нь бидэнд “тусгаар тогтносон” гэж албадан ойлгогдох л байх. Энэ нь тусгаар тогтнол (independence) гэхээсээ илүүтэй ямар нэг зүйлээс салан тусгаарласан (separated, isolated) мэт агуулгатай тул бидний бодож дуулалддаг утгаар харь хэлнээ буудаг эсэх нь эргэлзээтэй. “Дархан… улс”, “хайртай…орон”, “далай их дээдэс”гэх мэт хэллэг нь болхи, эдгээр хэллэгийг харь хэлэнд яг энэ утгаараа бус тэс өөр ухагдуун болж буусан байдаг. Монголчууд дархан аварга, дархан бэр, дархан мэх хэмээн хэлж ярьдаг ба “дархан улс” гэх нь ховор. “Далай их дээдэс” гэжээ. Энэ нь түүхэн гавьяат өвөг дээдсүүд маань нэгэн төрлийн зүйлээс бүтсэн үл тоологдом далай мэт ганц том цул зүйл юм шиг ухагдуун болжээ. Гэтэл “дээдэс” гэдэг нь дуудах нэр алдар, тоолж тоочиж болох тэргүүнтэй (их бус, олон) хүмүүний тухайд хамаарна. Тэгээд ч “их дээдэс- very much ancestors” бус, “ихэс дээдэс, аугаа дээдэс-great ancestors” гэж ярьдагсан. Мөн “голомт” хэмээх хэллэг нь энд тийм ч яруу сайхан сонгомол утгатай бус. Учир нь Монголчууд аль нэг өөр улс үндэстний үлдэц, эсхүл үгүй болсон, нүүж одсон улс үндэстний голомтыг өвлөж буйрийг нь сахигч буурай дорой хэсэг нь бус, хөх түрэгийн үеэс л эртний түүхт Монгол улс өнөөгийн монгол хэмээх нэрээр үргэлжлэн оршсоор буй. Нэгэнт “гал голомт” гэсэн хоршоо үгээр бус тул “голомт” хэмээх нь саар зүйлийн илэрхийлэл ч болдог. Тухайлбал: дайны голомт, өвчний голомт, түмрийн голомт гэх мэт. Иймд энэ үг туйлаас бишрэгдэж төрийн дуулалд заавал орох хэллэг гэж бодомгүй. “Хайртай Монгол орон“ гэдэг нь “любимая родина” гэсэн хуучнаар ЗХУ-ын төрийн дууллаас махчилж орчуулсан хэллэг бололтой. Монголчууд “хайртай” хэмээх хэллэгийг гол төлөв хүмүүний харилцаанд хэрэглэдэг агаад эх орон, элгэн нутаг, унасан газар, угаасан ус зэрэг унаган монгол хэллэг бийсэн.
Төрийн дуулалд өдгөө “Үндэс язгуур… өвлүүлнэ” хэмээсэн нь утгын алдаатай зүйл хэмээн боддог. Учир нь:Төрөөс хэрэв монголчууд “үндэс язгуур”-аа өвөл хэмээн дуулалдахыг уриалж буй аваас монголчуудын үндэс язгуур гэдгийг шинжлэх ухааны үүднээс хөдөлшгүй тогтоовол зохилтой. Аль XIV зууны эхээр бичигдсэн хэмээгддэг Судрын чуулганд “Монголчууд хөх түрэг угсаатан бөгөөд тэд тэнгэрийн таалалд багтсанаас хойш дөрвөн зуу орчим жилийн туршид өдий төдий салаа салбар болоод бусад бүх ард түмнээс тоогоор давсан амуй….Түрэгийн олонхи нь Монгол гэгдэх болж…” хэмээн дурджээ. Гэхдээ энд зориуд “Хөх түрэг” хэмээсэн нь гурван тэнгисийн дундах өнөөгийн Турк -эд хамааралгүй гэсэн саналтай нэг болой. (Г. Акимийн орчуулга: Шашдирын чуулган, тэргүүн дэвтэр, 2018 он, 35 дахь тал). Монголчуудын үндэс язгуурыг өнөө хир нь яв цав тогтоосон зүйл үгүй. Монгол нутагт оршин тогтнож байсан Дунху, Сяньби, Жужан, Сүмбэ, Нирун, Тоба, Түрэг, Уйгар, Киргиз, Хятан зэргээс чухам алинаас нь өнөөгийн монголчууд бид үндэс язгууртай хэмээн “үндэс язгуураа өвлөх” тухай дуулалдах билээдээ? Аль нэгнээс нь монголчууд үндэс язгуур нэгтэй хэмээн тогтоолоо ч түүнийг өвлөх асуудал өнөө цагт боломжтой юу? “Үндэс язгуур” гэдгийг үндэстэн хэмээн ойлговол бүр ч будилаантай. Хүн амын тооллогын статистикаар манай улсад 30 гаруй үндэстэн байдаг ба нийт хүн амын 83.8 хувийг халх, 4.6 хувийг дөрвөд, баяд, 1.4 хувийг буриад, үндэстний цөөнх бусад 20 гаруй үндэстэн байдаг. Хууль ёсоор манай улсын иргэншилтэй орос, хятад зэрэг бусад үндэстэнүүд 6.8 хувийг эзэлдэг байна. Мөн тооллогод дурдсанаар Казак, Киргиз зэрэг түрэг угсаатанууд ч манай хүн амын тодорхой хэсэг хэмээжээ. Монголчууд “үндэс язгуур” гэдгийг “үндэстэн” гэдгээр ойлговоос “үндэс язгуураа өвлөнө” хэмээх нь жалга довын үзэл дэвэргэж ч болзошгүй. Хэрэв цусаар “үндэс язгуур” –“угсаа гарвал”-аа өвлөнө гэвэл монгол нутагт “цэвэр монгол цус”-ныхан, эсхүл үндэстэн, ястнаар хөөвөл цэвэр халх, цэвэр дөрвөд, баяд, торгууд үндэстэн гэх мэтээр ялгарна гэх үү? Энэ нь үндэс язгуур, угсаа гарвалаар нь ялгаварласан, хүний эрхийн болон монгол орны үндэстэн, ястан, угсаатан хоорондын эмзэг асуудал ч болж мэднэ. Монгол улсад хууль ёсоор оршин сууж буй хэн ч гэсэн ундэс угсаа үл харгалзан гэр бүл болох нь хүний эрх бөгөөд Монголчууд ч мөн бусад улс оронд үүнтэй нэгэн адил. Иймд Монголчууд “үндэс язгуур өвлөх” тухай дуулалдахаас илүүтэй үндэсний хэл, соёл иргэншлийнхээ охиудыг өвлөх тухай ярих нь бодитой. Мөн дуулалд улс орнуудаас “шударга”-тай нь л харилцах агуулгатай үг хэлэг туссан байдаг тухай дээр өгүүлсэн билээ. Аливаа улс оронд бүрд өөр өөрийн үнэт зүйл, зовлон, жаргал, давуу тал, хүндрэл бэрхшээл, үзэл бодол, шүтлэг бишрэл байгаа. Үүнээсээ хамаарч өөр бусадтай санаа бодол нийлэх, нийлэхгүй асуудал үүсдэгээс нь болж энэ нь шударга зөв, эсхүл буруу, шударга бус хэмээх нь зохистой бус. Иймд Монголчууд улс үндэстнийг ”шударга, шударга бус” хэмээн ангилах бус, эрх тэгш, энх тайванч харилцахыг эрмэлзэх нь чухал.
Монголчууд төрийн дууллаараа “зоригт”, “золтой” гэх зэргээр өөрсөддөө хийсвэр чимэг зүүх, биеийн хүч тэнхээ, эсхүл ямар нэг хувь тохиолд найдах тухай өгүүлэх бус, бодит зүйл-хөдөлмөр, бүтээмж, оюун санааны эрчимээ нэмэх, эрх чөлөө, эв нэгдлээ эрхэмлэж аж төрөх цагийг мэдэрч дуулалдая. Аль ч улсын төрийн дуулалд “өндөр төр”, “ивээгч”гэх мэтээр төр хэмээх ухагдууныг түмэн олны дээр тавьж дөвийлгөсөн, хүн амаа “түмний минь заяа нь түшнэ” гэх мэт хийсвэр зүйлд итгүүлэх, назгайруулах өнгө аястай үг хэллэг үгүй. Төрийг ард түмэн байгуулж үйл ажилагааг нь хянадаг ба тухайн улсад төрийн “өндөр”, “нам” байх нь тогтолцооных нь хэлбэр жаяг, хууль эрх зүйн оновчлол, хэрэгжилтийг нь үйлчлэгч сүбьектүүдээс хамаарна. Үсгийн толгой холболт, үгийн чамирхал, уран сайхны хэт халил, ижил утгатай үгсийн давхцал төрийн дуулалд энэ мэт цөөн бус. Ганц мөрд гэхэд л ”дандаа”, “үүрд”, “мөнх” гэсэн ижил утгатай гурван хэлллэг давхацсан зэргийг дурдваас төрийн дуулал дахь оноогүй хэллэг, агуулга талаас багагүй нуршина. Энэ мэт молхи хэллэг нь төрийн дууллын үгийг бусад хэлнээ ташаа буухад ч хүргэдэг. Нийтлэг толиудад тусгагдсан Монгол улсын төрийн дууллын үгийн орчуулга нь үндсэн агуулгаараа бүрэн бууж чадаагүй, ойлгогдомгүй байдаг юм билээ. Няхуур шүүрдвээс манай төрийн дууллын 4 бадгийн агуулга өөр хоорондоо уялдаагүй, энд тэндээс түүвэрлэсэн ойм цойм санаа, мөр бүрд нь үг хэллэгийн алдаа мадагтай тухай олон нийт шүүмжилдэгийг энд давтан нурших нь илүүц.
Олон улсын жишиг, онцлогоос: НҮБ-ын гишүүн орнуудын албан ёсны нийтийн дуулал (National Anthem)-аас нийгэм улс төрийн янз бүрийн тогтолцоотой 40 гаруй орныхыг тив бүрийн төлөөлөл болгож түүвэрлэн, шашин, хүн амын тоо, тивийн байршил, хөгжлийн түвшин, жижиг, дунд, их гүрний төлөөллөөр нь авч үзэхэд төрийн дууллууд нь тухайн улс үндэстнийхээ нийгэм-төрийн тогтолцоо, засаглалын хэлбэр, дэлхийн хүчний тэнцвэрт нөлөөлөх цар хүрээ, тогтвортой баримталдаг үндэсний язгуур эрх ашиг, эрхэмлэдэг үнэт нандин зүйл, шашны төрөл зэргээсээ хамаарч өвөрмөц хийгээд хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн үг хэллэг, агуулгатай, бас өвөрмөц онцлогуудтай ажээ. Жишээ нь: АНУ-ын “төр”-ийн дуулалд ялалтаараа бахархаж хүчирхэг нэгдмэл гүрэн бий болгосон, эрх чөлөөний ертөнц гэдгээ товойлгосон агуулга голлосоны сацуу тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ялалт бүхэнд таван хошууд бүхий төрийн далбааныхаа хамт, түүгээр бахархаж ирсэн тухай дурдсан байх жишээтэй. Япон, Английнхад хаант засаглалынхаа онцлогийг голлож илэрхийлэхийн сацуу улс орны сүр сүлдний илэрхийлэл-эзэн хаан, хатан хааныгаа эрхэмлэн үзсэн агуулгатай. Хятадын “төр”-ийн дуулалд гол төлөв үндэстнүүдийнхээ бат цул эв нэгдэл нягтрал, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн сүрлэг уриа марш хэлбэртэй байх жишээтэй. ОХУ-ынх орос орны өргөн уудмаар бахархсан, эцэг өвгөдийнхөө мэрган ухаанд биширсэн, бурхнаас заяамал газар шороо гэх мэтийг дурдсан байдаг. Унгарын “төр”-ийн дуулал гэхэд тогтвортой удаан жил болж буй агаад осман, монголын довтолгооноос авахуулаад тус улсынхаа оршин тогтнол, түүхэн замнал, тэмцэл, ялалт, ялагдал, уй гашуу зовлон зүдгүүр амсалт, түүний шалтгаан, эрх чөлөөний талаарх түүхэн дурдатгал зэргийг дэлгэрэнгүйдүү агуулсан байдаг. Шинэ Зеланд “төр”-ийн хоёр төрлийн дуулалтайгаар онцлог ажээ. Цөөн бус улсын “төр”-ийн дууллын нийтлэг тал нь өөрийн үүх түүх, төрөлх эх орноор бахархаж, газар шороогоо байршил төрхөөр нь дурдан магтахаас гадна хамгийн гол нь орон бүрд эрх чөлөөг нэн эрхэмлэсэн, төрийн бэлгэдлийг хүндэтгэсэн агуулга юм. Он цагийн урт удаан түүхэн үеүдэд дэлхий нийтийн хийгээд улс орнуудын улс төр, нийгмийн амьдралд асар их өөрчлөлт орсон хэдий ч олон улс орнуудын төрийн дууллын үг агуулга нь нэн тогтвортой, жишээ нь Францынх 1792, Японых 1880-аад, Английнх 1750-иад оны үеэс дуулагдсан үгийн утга агуулга нь өнөөг хүртэл өөрчлөлтгүй хадгалагдсаар байдаг ажээ. Энэ нь “төр”-ийн дуулал зөвхөн уран сайхны халилт чамин хэллэгтэй шүлэг төдий зүйл бус, тухайн улс үндэстнийхээ түүхэн замнал, язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, төрийн бэлгэдлийн бахархал, хүндэтгэл, төрийн алсын хараа, түмэн олны чин хүсэл эрмэлзлийг илэрхийлэхэд улс төрийн ач холбогдол өгдөг тул энэ дууллын үг нь тогтвортой байдаг бололтой.
Нийгмийн шилжилт хийсэн хөгжиж буй улс орнуудын жишгээс харахад эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрхэмлэсэн дэлхийн улс түмний нийтлэг жишиг, эрх ашиг хийгээд үндэстнийхээ түүхэн замнал, өвөрмөц онцлог зүйл, төрийн алсын харааны талаар товчлон тусгах байдлаар төрийн дууллаа шинэчилжээ. Жишээ нь: Казакстаных гэхэд өмнөх түүхэндээ хүнд хатуу сургамж, сорилт амссан хийгээд улс үндэстнийхээ хэл, соёл, тусгаар тогтнолыг үеийн үед хадгалж, казак улс бүх нийтэд нээлттэй байж, эв найрамдлын төлөө байх тухай, мөн төрийнхөө далбаанд дүрсэлсэн эрх чөлөө, сүр хүчний бэлгэ тэмдэг хэмээгдэх-бүргэдийн тухай онцолж дурдсан агуулгатай.
Дэлхийн улс орнууд бүхэлдээ энэхүү дууллаа зөвхөн үндэсний хэмжээний буюу бүх нийтийн дуулал “national anthem” гэж нэрлэж заншсан тухай дээр дурдсан билээ. Иймд “төрийн дуулал” гэсэн нэршлийг “Монгол түмний сүлд дуулал”, эсхүл “Монголчуудын хотол түмний дуулал” хэмээн эх хэлнээ буулгаваас нэр томъёолол нь олон улсын нийтлэг ойлголт, зөв агуулгаараа болохсон билээ. “Үндэсний” (national) гэсэн үгийг эрх мэдэл талаас ч, өмчлөл, эрхшээлтийн хувьд ч зөвхөн “төрийнх” хэмээн ташаа ойлгомооргүй ажээ.
Монгол “төр”-ийн дууллын шинэчлэлийн агуулга ба хувилбарын тухайд: Монголчууд төрийн зүгээс өргөн олонд зориулсан сүлд дууллын үгийг Үндсэн хуулийнхаа агуулга, улс орныхоо алсын хараатай уялдуулан хянаж шинэчлэх нь зохистой боловуу. Ингэхдээ “үгэн дотор үг, үхэрт гиван”-г санаж ”Төрийн дууллын үг бүхэн нь бодит утга илэрхийлсэн, бадгууд нь зөв эрэмбэтэй, гадаад хэлэнд төвшин буух хэллэгтэй байж, он удаан жил наслахаар ”үхрийн махыг үнхэлцгэнд нь багтааж” дор дурдсан дараалал бүхий утга агуулга шингээмээр.
Нэгд, Монгол улсынхаа тулгар төрийг 2230 гаруй жилийн тэртээгээс үүсэлтэй хэмээж, тулгар төрийн ойг Их Монгол улс анх 1206 онд байгуулагдсаны, тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний, 1921 оны ардын хувьсгалын ойнуудтай хамтатган тэмдэглэхдээ энэ тухай төрийн тэргүүний албан ёсны үг илтгэлд дурдсаар байдаг. Бөмбөрцгийн энэхүү хөрст талбар, агаар мандал, бусад бүхий л баялаг бүхэн нь эрхэс тэнгэрээс монголчуудад эвээж заяасан унасан газар шороо, угаасан ус мөн. Иймд Монгол эх орон, тулгар төр, улсынхаа үндэс суурь, үүсэл тогтнолын цаг хугацааг мянгадаар тоологдом түүхтэйг төр нэгэнт хүлээн зөвшөөрдөг аваас төрийн дуулалдаа энэ тухай товч илэрхийлмээр. Монгол улсыг анхлан байгуулж тулгын чулууг нь тулж төвхнүүлэгч нь мянганы суут хүн- эзэн Чингэс хаан билээ. Иймд элдэв эд барааны шошгонд эзэн хааны нэр оруулах, эсхүл энд тэнд янз бүрийн хөшөө олноор босгохоос илүүтэй сүлд дуулалдаа эзэн хааныхаа тухай шигтгэх нь нэн хүндэтгэл, бахархал болохсон билээ.
Хоёрт, Монголчууд бидний “оройн дээд онголсон шүтээн” бол ямар нэг бурхан, хийсвэр зүйл бус, үе үеийн өвөг дээдсийн амь биеэ зольсон тэмцэл, ялалтаар олдсон юугаар ч үл орлуулам улс орны тусгаар тогтнол мөн. Иймд төрийн дуулалдаа одоогийнхоор үг “харамлаж” зөвхөн “тусгаар” гэх бус ”тусгаар тогтнол” гэсэн бүтэн хэллэг оруулж “Тунхаглаж онголсон оройн дээд шүтээн-Тусгаар тогтнолоо бадрааж дархлаажуулах тухай тусгавал ямархан бол?.
Гуравт, Бусад орнуудын нийтлэг жишгээс харахад тухайн улс үндэстний төрийн дууллын бас нэг гол агуулга нь төрийнхөө бэлгэдэл, ялангуяа төрийн туг далбааныхаа тухай тусгасан байдаг. Монгол төрийн бэлгэдлийн нэг гол онцлог нь төрийн далбааны сацуу цэргийн хар сүлд, есөн хөлт цагаан сүлдтэйгээр онцлог. Энэ үүднээс дэлхийн бөмбөрцөгт Монгол орныхоо газар зүйн байршлын онцлог, мөн НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн мөнийг илэрхийлсэн үг хэллэг, төрийн сүлд туг, далбааныхаа тухай энэ дуулалдаа оруулахад илүүц биш боловуу.
Дөрөвт, Хууль дээдэлж аж төрөх нь хүн төрөлхтөний байнгын нийтлэг хэм хэмжээ, дэг жаяг билээ. Манай орны хувьд төрийн бодлогын уртын урт хугацаны амин чухал асуудлын нэг нь энэ яах аргагүй мөн. Зөвхөн 2016-2020 онуудад гэхэд л Монголд 150 мянган удаагийн гэмт хэрэг гарсаны дотор хүний амьд явах болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 44 мянган удаа гарсан гэсэн статистик байгаа. Үүнийг цаг үеийн шинжтэй үзэгдэл мэт ойлгож үл болно. Гэхдээ асуудал зөвхөн энд дурдсан хэдэн тоо баримтдаа ч биш. Хууль ёсыг дээр доргүй ямагт сахиж, аж амьдралын байнгын хэм хэмжээ болгох нь аль ч улс орны төрийн бодлогын амин чухал асуудал, түмэн олных нь баримтлах ёстой хэзээ ч орхигдууламгүй мөнхийн дагуул болой. Иймд Монгол улсад иргэдийнхээ эрх ашигт бүрнээ нийцсэн хууль засагладаг шударга тогтолцоог дээдэлдгийн сацуу үндэснийхээ хэл, соёл иргэншлийн давуутай бүхнийг уламжлан өвлөх чин эрмэлзлийг илэрхийлэх.
Тавд, Хөгжил дэвшлийг зөвхөн э материаллаг баялгийн төдийгүй өргөн агуулгаар үзүүштэй. Монголчууд хөдөлмөрлөн бүтээх гол нь үндэснийхээ бүтээмжийг нэмэгдүүлэх, оюун ухааныг эрчим болгох, оюун санааны “хувьсал” хийх шаардлага тавигдах боллоо. Иймд энэ дуулалдаа “хөдөлмөр, бүтээмж, оюун ухааны эрчмээр” хөгжиж дэвжих агуулгатай хэллэг хэрэглэе. Мөн Монглчуудын алсын хараа болох Үндсэн хуулиар тунхагласан “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоох” тухай энэ дуулалд товч тусгаж болмоор.
Зургаад, Монгол улс дэлхийн улсуудаас зөвхөн “шударга” гэгдэхтэй нь бус жижиг, том, сүпер аль нь ч ялгаагүй тив тивийн бүхий л улс гүрнүүдтэй эрх тэгш, энхийн харилцааг эрхэмлэдэг, эх орноо хөгжүүлэх, амар амгалан, аз жаргалд тэмүүлэгч улс үндэстэн гэдгээ илэрхийлж дуулалдая.
Долоод, Монгол улсын иргэд эх орныхоо эрх чөлөөт эзэд, эрх чөлөөг эдлэж, бусад улс үндэстэнтэй хийгээд өвөр хоорондоо эв эеийг эрхэмлэдэгийн сацуу, эх орноо өнөд мандуулах хүсэл эрмэлзлийг оюун санаандаа тээгчид гэдгээ илэрхийлж дуулалдмаар.
Наймд, Монголын бүхий л материаллаг ба оюун сананы бүх суурь баялаг, боломж потециал бол өнөөгийн дууллын хэллэгээр хөгжлийн “түлхүүр” нь бус харин суурь нь болой. Тэрхүү хөгжиж дэвжих түлхүүрийг хүн ард, төр хэрхэн зөв олж тааруулахаас хөгжил дэвшил, мандал бадрал хамаарна. Эдгээр чиглэлд тулгуурлан санал болгож буй төрийн дууллын үгийн доорх төслийн агуулга ньҮндсэн хуулийн оршил хэсэгт тунхаглсан агуулгатай зохицолдоно хэмээн үзнэ.
Дэлхийн улс орнуудын үндэснийх нь нийтийн (бидний заншсанаар төрийн) дууллын нийтлэг шинж дараах хоёр багц агуулгатай нь ажиглагддаг. Нэгд: тухайн орныхоо бахдам төрх байдал, өвөг дээдсийнх нь тэмцэл ялалт, үүх түүх, аугаа сайхнаар болон тусгаар тогтнолоороо бахархсан, тусгаар тогтнол, төрийн бэлгэдлийн талаар дурдсан; хоёрт: ард иргэд нь нийтээр зорьж тэмүүлж буй сайн сайхан үйлсийн талаар илэрхийлсэн, нийт хүн амыг эх орныхоо мандал бадралын төлөө уриалан дуудсан агуулгыг багтаасан нь нийтлэг. Монгол төрийн дууллын үгийн энэхүү санал болгож буй хоёр хувилбарт агуулгын энэ нийтлэг талууд, бас улс орныхоо онцлогийг харгалзав.
Монгол улсын Төрийн дууллын үг хэллэгийн шинэчилсэн төсөл-санал/ жишээ/:
МОНГОЛ ТҮМНИЙ СҮЛД ДУУЛЛЫН ҮГ /Эхний хувилбар/
“Хүннү гүрэнт төрийн түүхийн хэлхээс
Хөхөмдөг уудам Монголын сайхан орон
Мөнх тэнгэрийн эвээлт бидний эх нутаг
Мянга мянганы шашдирт манай төр улс.
Эзэн Чингэсийн эмхэлж төвхнүүлсэн
Их Монгол улсын төрийн залгамж
Эртнээс эдүгээх зуун зуунд өртөөлөн
Эгнэгт бат оршин тогтноостой.
Төр улсаа тэмцэл, ялалтаар байгуулсан
Түүхэн гавъяат дээдсийн аугаа үйлс-
Тунхаглаж онголсон оройн дээд шүтээн-
Тусгаар тогтнолоо бадраан дархалсаар.
Хараа алст хар сүлднийхээ жавхаанд
Хамаг монголчуудын хийморь бадраастай
Цараа өргөнт цагаан сүлднийхээ цэнгүүнд
Цадиг түүхийн товчоогоо зузаалсаар.
Улс Монголынхоо алтлаг соёмбот далбааг
Уудам Азийн нарлаг энгэр дээр
Улс түмний нийтийн шилтгээнд
Угтах ирээдүйд урин намираасаар.
Өргөн түмнийхээ эрх ашигт таацалтай
Үндсэн хууль, эрх зүйт ёсыг дээдэлсээр
Үндэсний хэл, соёл иргэншлийнхээ охиудыг
Үеийн үедээ дамжуулан өвлүүлсээр.
Хөдөлмөр, бүтээмж, оюун ухааны эрчмээр
Хөгжлийн оргилд хотлоор хүрцгээж
Хөвчин дэлхийн улс түмэнтэй эгнэн
Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооном.
Тив тивийн улс гүрнүүдтэй
Тэгш журам, энх тайвныг эрхэмлэсээр
Тэнгэрлэг цоглог монголчууд бид
Түмэн үеэрээ жаргалыг эдэлнэм.
Эх орныхоо эзэн Монголчууд
Эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсээр
Жаргалын суурь, хөгжлийн тулгуур
Жавхлант Монгол орноо өнөд мандуулцгаая” гэж дуулалдвал?
“Төр”-ийн дуулалд хэрэв Монголын төр улс Хүннүгээс эхтэй тухай, Чингис хааны болон төрийн бэлгэдэл-хар, цагаан сүлдний тухай дурдах нь илүүц гэж үзвээс энэ дууллын үг дараах 7 бадагтай байж болох:
МОНГОЛ ТҮМНИЙ СҮЛД ДУУЛЛЫН ҮГ /Хоёр дэх хувилбар/
“Мөнх тэнгэрийн эвээлт Монгол эх орон
Мянга мянганы шашдирт манай төр улс.
Эртнээс эдүгээх зуун зууныг өртөөлөн
Эгнэгт бат оршин тогтноостой.
Төр улсаа тэмцэл, ялалтаар байгуулсан
Түүхэн гавъяат дээдсийн аугаа үйлс-
Тунхаглаж онголсон оройн дээд шүтээн-
Тусгаар тогтнолоо бадраан дархалсаар.
Улс Монголынхоо алтлаг соёмбот далбааг
Уудам Азийн нарлаг энгэр дээр
Улс түмний нийтийн шилтгээнд
Угтах ирээдүйд урин намираасаар.
Өргөн түмнийхээ эрх ашигт таацалтай
Үндсэн хууль, эрх зүйт ёсыг дээдэлсээр
Үндэсний хэл, соёл иргэншлийнхээ охиудыг
Үеийн үедээ уламжлан өвлүүлсээр.
Хөдөлмөр, бүтээмж, оюун ухааны эрчмээр
Хөгжлийн оргилд хотлоор хүрцгээж
Хөвчин дэлхийн улс түмэнтэй эгнэн
Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооном.
Тив тивийн улс гүрнүүдтэй
Тэгш журам, энх тайвныг эрхэмлэсээр
Тэнгэрлэг хийморилог монголчууд бид
Түмэн үеэрээ жаргалыг эдэлнэм.
Эх орныхоо эзэн Монголчууд
Эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсээр
Жаргалын суурь, хөгжлийн тулгуур
Жавхлант Монгол орноо өнөд мандуулцгаая” гэсэн хувилбараар.
Монгол улсын иргэн Энэбишийн Сандагдорж