Зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна

Зам, тээврийн салбарт 40 гаруй мянган хүн ажиллаж байна

Зам, тээврийн салбарт 40 гаруй мянган (42547) ажилтан, албан хаагч ажилладаг гэсэн статистик судалгаа байдаг. Үүн дээр зам, барилгын ажлын улиралд түр ажилладаг ажилчдыг нэмбэл 50 шахам мянган хүн ажилладаг манай улсын эдийн засгийн томоохон салбарын нэг юм. Үүнээс Зам тээврийн хөгжлийн яамны харъяа байгууллагууд, төрийн өмчит компаниудад 20 мянга гаруй ажилтан албан хаагч ажиллаж байгаа бөгөөд бусад нь хувийн хэвшилд ажиллаж байна. Тус салбар нь автозам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээвэр гэсэн үндсэн 5 салбарт хуваагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд автозамын бүтээн байгуулалт нэмэгдэж, хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын автотээвэр нэмэгдэж, агаарын тээврийн салбарын либералчлал гүнзгийрч байгаатай холбоотой хүний нөөц боловсон хүчний асуудал тулгамдаж байна..

Тус салбарт ажиллах мэргэжилтэй ажилтны тоо 2030 он гэхэд одоогийнхоос 22 мянгаар нэмэгдэж тэр хэрээр тус салбарт тээврийн олон шинэ мэргэжлээр бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай болж байна.

Зам тээврийн салбарын мэргэжлээр дотоодын их сургуулиуд  ШУТИС (Механик инженерийн сургууль, Барилга инженерийн сургууль), УБТЗ-ын Төмөр замын дээд сургуульд голчлон бэлддэг бол гадаадад   ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, АНУ, Вьетнам Улсад их дээд сургуулиудад салбарын мэргэжилтэн бэлтгэж байна.

Жилд дунджаар гадаадын их сургуульд 400 орчим, дотоодын их сургуульд 3000 гаруй салбарын мэргэжлийн оюутан сургаж байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх, зам тээврийн салбарын шинэ мэргэжлүүдээр сургах чиглэлд анхаарч байгаа болно.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 оны арванхоёрдугаар сард Москва хотноо ажиллах үедээ Оросын Тээврийн Их сургууль (Хуучнаар Москвагийн Төмөр замын дээд сургууль)-д сурч буй оюутнуудтайгаа уулзаж, оюутнуудын өмнө тулгамдсан асуудлыг сонсож, шийдвэрлэх амлалт өгсөн. Энэ хүрээнд төмөр замын оюутнуудыг жилд 2 удаа сургуульдаа очих, буцахад нь УБТЗ-ын зорчигчийн галт тэргээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ оюутнуудад сурлагын амжилтаас нь шалтгаалан тээврийн зардлыг нь 100 болон 50 хувь хөнгөлөх болсон.

Түүнчлэн дотоод, гадаадын сургууль гэж ялгалгүй салбарын мэргэжлээр сурч байгаа нийт оюутнуудын дунд Зам тээврийн сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журмыг батлаад байна. Ингэснээр жилд 100 хүртэл оюутанд сурлагын амжилт, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан 3 сая төгрөгийн тэтгэмж олгох бөгөөд энэ зунаас шалгаруулалт явагдаж эхлэх юм.

Энэхүү шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хөндлөнгийн хяналттай зохион байгуулна.

Мөн саяхан Бээжингийн Зам харилцааны Их сургуульд жилд 60 монгол оюутныг бакалаврын зэргээр сургах, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх тохиролцоонд хүрээд байна. Удахгүй Бээжингийн Зам харилцааны сургуулийн багш нар ирж оюутнуудыг өөрсдөө сонгон шалгаруулах юм.

Цаашид АНУ, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй улсад салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгт хамруулах квотыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр Монголын автозамчдын холбооноос ЗТХЯ-ны дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Заксон-Анхальт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн сургалтын төвд “Авто зам, гүүрэн байгууламжийн мэргэшсэн ажилтан” бэлтгэх 3 жилийн хугацаатай 100% тэтгэлэгтэй сургалтад  суралцуулах 15 оюутныг сонгон шалгаруулах уралдаант шалгалт явагдлаа.

Тус сургуульд суралцахад Герман хэлний 600 цагийн хэлний сургалтад хамрагдсан байх шаардлагатай учир МАЗХ-ноос герман хэлний бэлтгэлийн дээрх түвшний сургалтуудыг зохион байгуулж, шалгалтад тэнцсэн суралцагчдын материалыг Германы  аж ахуйн нэгж байгууллагуудад илгээж, аж ахуйн нэгжүүд сонгосон хүүхдүүдтэйгээ гэрээ хийж суралцахаар болж байна. Дашрамд дурдахад 2017 оноос хойш нийт 40 оюутныг сургасан бол ийнхүү энэ жил нэмж 15 оюутныг сургахаар болж байна.

Оюутнууд маань Авто зам, гүүрэн байгууламжийн мэргэжлээр 3 жил сурч төгсөөд мэргэжлээрээ Германд 3-5 жил ажиллаад буцаж ирэх гэрээтэй юм.

Цаашид салбарын хэмжээнд боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн хөгжлийн асуудлаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлон ажиллаж байна.  Үүнд:

  • Салбарын албан хаагчдын дундаж цалинг нэмэгдүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, албан хаагчдын хотхон барих (Буян-Ухаа дахь Тээвэрчдийн хотхон 1344 айлын 14 блок орон сууц, 200 хүүхдийн цэцэрлэг, 600 хүүхдийн сургууль, өрхийн эмнэлэг, спорт цогцолбор, зам тээврийн салбарын харьяа байгууллагуудын оффис)
  • Зам тээврийн салбарын боловсон хүчин бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын бааз суурийг бэхжүүлэх, нэгдсэн бодлогоор дэмжих,
  • Иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх сургууль, сургалтын төвийг дотоодод байгуулах,
  • Салбарын хэмжээнд хэрэгцээ шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх,
  • Салбарын Хүний нөөцийн нэгдсэн системийг хөгжүүлэх,
  • Дотоод, гадаадын их сургуульд сурч буй оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтын системийг бүрдүүлэх, хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулах,
  • Гадаадын их сургуулиудад тэтгэлэг, хөнгөлөлттэй нөхцөлөөр бэлтгэх, оюутны квотыг нэмэгдүүлэх,
  • МСҮТ-ийг Төрийн өмчит болон хувийн хэвшлийн тээврийн компаниудын дэргэд байгуулах, тоог нэмэгдүүлэх,
  • Дотоодын болон гадаадын их сургуулиудад бэлтгэх зам тээврийн салбарын оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг нэмэгдүүлэх,
  • Гадаад, дотоодын их сургууль, МСҮТ-д сургах мэргэжил, хөнгөлөлт, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурагчид, оюутан залуусын дунд сурталчлах, мэдээлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд энэ тавдугаар сарын 18-нд Зам тээврийн салбарын боловсролын нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ арга хэмжээний үеэр ЕБС-ын төгсөх ангийн сурагчдад Гадаад, дотоодын их сургуульд зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцах, тэтгэлэг авах, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх,  Их дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутнуудад төгсөж гараад салбартаа ажиллах боломжтой ажлын байрны талаарх цогц мэдээлэл өгөхийг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж