“Элчин сайдад нэр дэвшигч Б.Энхбат хэл устай, хэлхээ холбоотой”

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

“Элчин сайдад нэр дэвшигч Б.Энхбат хэл устай, хэлхээ холбоотой”

“Элчин сайдад нэр дэвшигч Б.Энхбат хэл устай, хэлхээ холбоотой”

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гадаад орнуудад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцлээ.

Тодруулбал, Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд байгаа юм. Дээрх асуудалтай холбогдуулж, гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-С.Золжаргал, Э.Сарантогос хоёр системдээ ажиллаж байсан.  Куба, Канадад Элчин сайдаар томилогдоход тэргүүлэх чиглэл, эрэмбүүдээ бодчихсон байгаа болов уу. Б.Баярсайхан, Б.Энхбаяр хоёрт нэг юм хэлье. Дайн, геополитикийн нөхцөл байдлаас болоод том гүрнүүд холбоотон түнш улсуудтайгаа хамтарч явуулдаг бодлогууддаа өөрчлөлт оруулаад эхэллээ. Япон, БНСУ хоёр бол Америкийн хувьд илүү их ач холбогдолтой түнш болж хувирч байна. Түүнийг дагаад  цөмийн зэвсгийн тухай асуудлыг эрчимтэй ярьж эхэлсэн. Солонгосууд  энэ талаар идэвхтэй санаачлага гаргаад тэрэнд нь америкууд “Та нар жаахан азнаж байгаарай, хэрэг байна уу даа. Бид та нарын бамбай шүү дээ” гэсэн маягаар нөгөөдүүл нь арай өөр өнцгөөр асуудлыг хараад байгаа. Япон улс бас ялгаа байхгүй. Энэ асуудлууд нь манайтай харилцах зүйлүүд дээр тусна.  Тэгэхээр ийм асуудал тавигдахад ямар төвшинд ярих вэ. Хэн ямар байр суурьтай байна вэ гэдэгт мэргэжлийн үүднээс хандаж, суралцаж, яамтайгаа хамтарч ажиллах шаардлага гарч байгаа шүү.

Хоёрт, иргэдтэйгээ ажиллах тал дээр өөрчлөгдөж байгаа зүйл дээр анхаарал тавьж ажиллаж байж, та нарыг чухал улсад Элчин сайдаар тавьсны хэрэг гарна. Ялангуяа Б.Энхбат дээр.  Өмнө нь бид нэг хүн явуулаад цаад тал хүлээж аваагүй.

Элчин сайдад нэр дэвшигч Б.Энхбатын хувьд гайгүй болов уу хэл устай, тэндээ бас ажиллаж байсан. Тодорхой хэлхээ холбоо сүлбээтэй. Тэгэхээр би бол зүгээр санамсаргүй томилогдоод ирсэн хүн биш чадна гэж манай Ерөнхийлөгч манай улс итгээд явуулсан гэдгийг бодож, чадаж ажиллаж, харуулах хэрэгтэй. Яам нь ч бүх талаар дэмжиж ажиллах хэрэгтэй. Санал өргөөд дэмжээд явуулж байгаа Байнгын хороо араас нь бүхий л талаар дэмжиж ажиллах шаардлагатай байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн СҮ.БАТБОЛД: 

-Элчин сайдад нэр дэвшиж байгаа нөхдүүдийг дэмжиж байгаа. Манайхан эдийн засгийг ч ярьж байна, бусад зүйл ч ярьж байна. бүгдээрээ мэдэж байгаа. Визний харилцаан дээр бага, багаар ахиц гаргаад байгаа. Гэхдээ энэн дээр нэгдсэн ойлголт, төлөвлөгөө гаргах, үе шаттай ажиллах тал дээр байнгын хороон дээрээ мэдээлэл өгөөд, холбогдох чиглэлүүдээр Элчин сайдын яамдуудын үйл ажиллагаа, хоёр талын уулзалтаар ахиулдаг асуудлуудаа  анхаарах нь зөв байх. Хүлээлт бол нэлээн байгаа. БНСУ-ын тухайд иргэдийн харилцаан дээр нэлээн ахиц гарч ирж байна, визний харилцаан дээр дэвшилттэй болж байгаа гэж ярьж байгаа. Эдгээр асуудлаа барьж авч, урагшлуулах ёстой.

Канад улс бол Монгол Улстай олон чиглэлээр ажиллах боломжтой. Уул уурхай, хөдөө аж ахуй төрийн албаны шинэчлэл. өмнө нь 2011 онд Ерөнхий сайдын төвшинд айлчлал хийж байхад нэлээд зүйлийг яриад дунд боон урт хугацааны хамтран ажиллах чиглэлүүд гарч байсан. Одоо ч зогсчихоогүй юм шиг байгаа юм. Суур нь тавигдсан томоохон ажлууд хэр системтэй явсан бэ гэдгийг эргэж үзээд, улс орнуудтай  харилцаж байгаа харилцаа бидний үед ярьж байсан, одоо ч та бүхэн маань яриад үргэлжлүүлж байгаа урт болон дунд хугацааны хөтөлбөрүүдээ нухацтай авч үзээд томилогдож байгаа Элчин сайд бүхэн ахиулах талд ахиц гаргах. Канадуудтай овоо л юмнууд ярьж байсан.

Бид илүү их дэмжлэг их хүсч байгаа, гадаад бодлогыг нэг цонхоор ярьдаг учраас яамаараа дамжуулан, тохирсон зүйлүүд, хамтрах асуудлууд дээр санаачлага нь манай талдаа илүү байх ёстой байх гэж бодож байна.

Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байдаг. Үр дүн нь өнөөдөр ямар байгаа юм. цааш нь яах ёстой вэ гэдэг дээр бодож боловсруулах ёстой гэв.

Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч бүрээр санал хураав.

Монгол Улсаас Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг томилох саналыг 13 гишүүнээс 10 нь,  Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад Б.Баярсайханыг томилох саналыг 12 гишүүнээс 10 нь, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Б.Энхбатыг томилох саналыг 12 гишүүнээс  9 нь,  Монгол Улсаас Канад улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилох саналыг 12 гишүүнээс 9 нь дэмжив.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж