Засаг ба Шүүх: Авлига ялах уу, авлигыг ялах уу?!

Хуучирсан мэдээ: 2023.05.02-нд нийтлэгдсэн

Засаг ба Шүүх: Авлига ялах уу, авлигыг ялах уу?!

Засаг ба Шүүх: Авлига ялах уу, авлигыг ялах уу?!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр огцруулах санал хураалт ШЕЗ-д болсныг сонссон”-оо хэвлэлийнхэнд хэлжээ. ШЕЗ-өөс хариуд нь Шүүхийн тухай хуулийн 73.2-т “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 66 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасныг онцлоод үүнийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцэж,  хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэнээ  мөн хэвлэлээр мэдээллээ. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх асуудлаар ШЕЗ-ийнхөн хуралдсан нь  үнэн,  харин огцруулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь өнөөхөндөө худлаа аж.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг шүүх засаглал нь бие даасан, хараат бус байдалд нөлөөсөн гэж огцруулахыг "санаархсан" нь  Монголын улс төрийн түүхэнд бараг анхны тохиолдол байх, урьд өмнө нь ийм мэдээ сонсч байсангүй. Үйл явдлаас үүдээд ШЕЗ-д тавих нэг асуулт байна, Л.Оюун-Эрдэнэ шүүхийн хараат бус байдалд халдав уу, ондоо хүмүүсийн нөлөөнд оров уу?!

Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн зарласан авлигатай тэмцэх ажиллагаанаас болж засаг шүүх хоёр ринг дээр гарсан нь олон нийтэд ойлгомжтой болсон, хэн нь “том бэ” гэх тэдний зөрчлийн ард авлига ялах уу, шударга ёс дийлэх үү гэсэн асуудал яригдаж байна.

Авлигачидтай тэмцэхээ зарласан мөчөөс Л.Оюун-Эрдэнэ хувь хүн талаасаа олон дайсантай, Ерөнхий сайдын хувьд Монголын төрийг “хорт хавдраас” нь салгах нийгмийн хүлээлттэй болсон нь үнэн. Анд нөхдөө бодож амласнаасаа ухарвал Л.Оюун-Эрдэнэ иргэдийн итгэлийг алдана. Амласнаасаа үл ухарвал  анд нөхөдтэйгөө дайсан болно.  Хоёр сонголтын дунд, хайчинд орчихсон  яваа тэрбээр "Авлигатай тэмцэнэ гэдэг бид өөрөө өөрсөдтэйгөө, намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Авлигатай тэмцэхэд нам хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар болсон.  Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг” гэдгээ аль эрт зарласан. Түүний таван "Ш" ажиллагаанд өртсөн анд нөхдүүд нь Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай, Б.Ганхуяг нараар дуусахгүй биз.  Тэгэхдээ Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх ажиллагаа нь  шүүхийн хаалга татаад хад мөргөх вий гэж харддаг, “Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харах”-ыг иргэдэд "шургадаг".

Ийнхүү гүйцэтгэх засаглал нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай болон авлига, албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт шүүх шударга бусаар хандаж буйг шүүмжилсэн, шүүх засаглал нь бие даасан хараат бус үйл ажиллагаанд нь гүйцэтгэх засаглал нөлөөлж байна гэж хардсан, үүний ард Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэл авлигыг ялах уу, авлига ялах уу гэж "бооцоо" тавьж байна. Авлига шүүх дээр ялсан тохиолдолд ардчилал Монголд “ум, ма ни бад мэ хум” болно.

Монголын шүүх өргөсөн тангарагтаа үнэнч гэж хэлбэл өрөөсгөл дүгнэлт болно. Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хэргийн зүйлчлэл нь ондоо, учруулсан хохирол нь тусдаа, сэдэл санаа нь бүр өөр обьект, субьект, обьектив, субьектив талуудыг бүгдийг нь нэгтгээд нэг дор, нэг танхимд шүүж байх жишээтэй. Ямар 1937 он биш дээ.

Шүүх хурлаас үзэхэд шүүгчдэд чөлөөт зах зээлийн тухай онол бүү хэл ойлголт наад зах нь алга. Ямар сайндаа  Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраар "Засгийн газрын тогтоолууд бол хамтын шийдвэр. Хэн нэгэн сайд дураараа шийдвэр гаргадаггүй. Арваад аймгийн 1800 км замын асуудал ярьж байх шиг байна. Тэнд ямар нэгэн компанийн нэр байхгүй. Тийм болохоор аль нэг компанид давуу эрх олгосон гэдэг асуудал бол үндэслэлгүй" гэж хичээл заалгаад сууж байхав дээ. Ядахнаа "Энержи ресурс", "Говийн зам" нь хувийн компани,  "Эрдэнэс Монгол" төрийн өмчит гэдгээ ялгаж салгаж ойлгосон байгаа даа, манай хараат бус шүүх. 150 мянган хуудас бүхий 467 хавтас хэргийн материалтайгаа нэг бүрчлэн танилцаагүй, хагас дутуу ойлголтоор бусдыг шүүвэл жинхэнээсээ хэн нэгэнд ял завшуулж, хэн нэгнийг хэлмэгдүүлнэ гэсэн үг.

Монголын шүүх засаглал хараат бус байдлаа тэгж их хамгаалахыг хүсч байвал  шүүгчдээ хөгжүүлэх, шинэчлэх, капиталист эдийн засаг, либерали үзэл, банк санхүүгийн боловсрол мэдээлэл, мэдлэгтэй болгох нэн шаардлагатай байна. Вышенскийн гэж нэрлэгддэг социалист маягийн онол, практикаасаа шүүгч нь салаагүй,  "хүн байвал хэрэг тохож болно" гэсэн үзэл Монголын шүүхэд өнөөдөр ч амь бөхтэй оршсоор.

Хорих хүнээ хорьдог, хорихгүй нэгнээ сулладаг тогтсон дабль стандарт, томилсон даргадаа үйлчилдэг нь үнэн, хамгийн сүүлд, улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан гэж  консул асан Д.Мөнх-Эрдэнэд гурван жил 10 сарын ял оноохдоо Монголын шүүх бие даасан хараат бус байдлаа хамгаалсан нь эргэлзээтэй.
Харин хэргээс мултлах сугалах хүнээ сугалчихдагийн нэг жишээ нь, Д.Мөнх-Эрдэнийн шүүх хуралтай давхцуулан, хуурамч бичиг баримт үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг  залилсан гэх хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурлыг зарлаж, олны анхаарал консул асан дээр төвлөрөх хойгуур тэднийг цагаатгачихсан бодит үнэн нь юм.

Тэрчлэн “Жаст"-ын Ш.Батхүүгийн "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар  татсан “Алтжин" группын ерөнхий захирал агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг мөн гэм буруугүй гэж шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Тиймээс арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг, 10 тэрбумын барьцаа нэхдэг шүүхийг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна, итгэхгүй байна.

Шүүхээс шударга ёсыг шаардах нь хараат бус үйл ажиллагаанд нь нөлөөлж байгаа юм биш. Харин шүүх хуулиа барьж биш хувь хүний үгээр шийдвэр гаргаснаараа Монголын шүүх засаглал хараат байдлаа алдаж байгаа юм. Өнчин ишиг хулгайлсан нь шоронд суудаг, өчнөөн тэрбумыг хулгайлсан нь ордонд суудаг энэ нийгмийг иргэд өөрчлөгдөөсэй гэж хүсч хүлээж байгаа. Тийм нийгмийг бүтээхэд хууль, шүүхийн ёс суртахуун чухал.  Шүүх энгийн иргэн, эрх мэдэлтэн хоёрт ижил тэгш хандахыг шударга ёс хэмээдэг. Атал шүүхийн танхимд тогтоогүй шударга ёсыг нийгэмд тогтооход маш хэцүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж