НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа нарын хоёр монгол хүн Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан талаар өнгөрсөн сарын 21-нд бид мэдээлсэн. Тухайн өдөр Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Бид монгол хоёр иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Эхний ээлжид аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлнэ гэж байв. Харин 10 хоногийн дараа буюу өнөөдөр /2023.05.02/ тухайн иргэд эх орондоо иржээ.
Тодруулбал, Судан Улс дахь "UNICEF Sudan"-д түр томилолтоор ажиллаж байсан "UNICEF Mongolia"-ийн ажилтан С.Мойлтмаа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгаас аюулгүй, эсэн мэнд эх орондоо эргэж ирсэн байна.
Түүний хувьд өнөөдөр өглөө /2023.05.02/ Монголд ирж, Чингис хааны олон улсын нисэх онгоцны буудал дээр гэр бүлийнхэн нь болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар угтан авчээ.
Мөргөлдөөний бүсээс зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгааг албаныхан тодотгосон.
Эхний ээлжид тус бүсэд байсан хоёр монгол иргэнийг Хартум хотоос НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд шилжүүлсэн бөгөөд ийнхүү Монгол Улс руу татан авсан байна.
Тодруулбал, хоёр монгол иргэн автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км явж иргэд аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очсон юм. Улмаар тус хотоос эх орон руугаа татан авсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Өмнөд Суданд Монгол Улсын хоёр иргэн гацсан. Нэг нь цэргийн албан хаагч, нэг нь НҮБ-ын мэргэжилтэн, энгийн иргэн. Нөхцөл байдал хүнд байна. Татан авах талаар БХЯ, ГХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна. Бид байнгын холбоо тогтоож чадахгүй байгаа гэж байв. Ямартай ч мөргөлдөөний бүсээс монгол иргэдээ татан авсанд олон иргэн цахим хуудастаа талархал илэрхийлж байв.
Холбоотой мэдээ