УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, "Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай", "Боловсролын тухай багц хууль"-аар холбогдох албаныхан өнөөдөр /2023.05.02/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудал байна. Төрийн албан хаагчид дотроо Монголд халдашгүй чөлөөтэй байх эрхийг тодорхой хэмжээнд шүүхийн хэрэг мөрдөн байцаах шатанд зөрчиж байна. Ялангуяа шүүхийн тогтоолгүйгээр баривчлан хорьж, цагдан хорих арга хэмжээ авдаг. Энэ асуудалд одоо мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтуудад өргөн хүрээтэй зохицуулалт орсон. Тухайлбал, тухайн сэжигтнийг оргон зайлах үндэслэлтэй эсвэл гэмт хэргийг төгс хийх боломжтой, тухайн гэмт хэргийн нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэдэг шалтгаанаар шүүхийн тогтоолгүй баривчлан хорьж байна. Энэ нь олон улсын болон Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа гэж үзэж буй. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах, үндэслэлгүй хорьсон тохиолдолд цагийн болон бусад хязгаарлалтыг тавих, прокурорын зүгээс яаралтайгаар хоригдсон болон баривчлагдсан иргэний эрхийг сэргээх, аль болох олон улсын жишгээр тухайн сэжигтэнд тооцогдож буй иргэн богино хугацаанд яллагдаж, шүүхээр тогтоолгох зэрэг зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзсэн.
Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хувьд ОБЕГ, ХХЕГ, Тусгай зэрэг тодорхой салбарууд дахь төсвийн их хэмжээний хэмнэлт гарсан нь тухайн салбар хэвийн үйл ажиллагаа явуулах, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болж, нийгмийн баталгаа нь зөрчигдөх явдал гарч байна.
Мөн төрийн үйлчилгээний салбарын багш, эмч, үйлчлэгчийн цалин хөлс доогуур байна. Цалин хөлсний шатлал, зэрэглэлийг ахиулах шаардлагатай. Тэгэхгүй бол төрийн үйлчилгээний салбарын ажилчдын эрх маш их зөрчигдөж байгааг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурдсан байна. Мөн төрийн үйлчилгээний салбарт ажлын байрны дарамт, захиргааны болоод удирдлагын дарамт байна. Ахмад настны хөдөлмөрлөх, тэгш эрхээ эдлэх боломж, хөгжих эрх зөрчигдөж байна. Тодорхой насны ялгаварлан гадуурхалтаар ажилд авдаггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халамж үйлчилгээний төв хангалтгүй байна. Мөн дотуур байрны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Зарим дотуур байранд камер суурилуулж, зарим охидын өрөө нь дотроосоо цоожлох боломжгүй, хэн нэгэн нэвтрэх боломжтой, сэтгэл зүйн тусламж үзүүлэх хүний нөөц хангалтгүй байна. Энэ бүх асуудлыг Ерөнхий боловсролын тухай хуульд тусгах боломжтой.
УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос 2022, 2021 онд хэд хэдэн асуудалд анхаарч ажилласан. Үүний нэг нь цэргийн дэглэлт. Нийтийн сонсгол хийж, хугацаат цэргийн алба хаагчдын дунд гарсан зөрчилд хариуцлага тооцсон байдаг. Мөн жагсаал цуглаан хийхээр баривчлан саатуулах зөрчил гаргасан учраас нийтийн сонсгол хийж, Жагсаал цуглаан хийх тухай хуулиар заавал бүртгүүлж, зөвшөөрөл авахгүйгээр тайван жагсах чиглэлээр хуульчлах шаардлагатай байгаа.
"25 ХҮРТЭЛХ НАСНЫ МАЛЧДЫН 82 ХУВЬ НЬ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГГҮЙ"
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 10 гишүүн өргөн барьж, баталсан. Энэ хууль малчид, тариаланчдын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хангах зорилгоор өргөн барьсан. Одоогийн байдлаар 305 орчим мянган малчин байна. Нийт ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг. Эрэгтэй малчдын 33 хувь, эмэгтэй малчны 38 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Харин 25 хүртэлх насны малчдын 82 хувь нь нийгмийн даатгал төлдөггүй. Өнөөдөр малчдын 35.2 хувь буюу 107 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан. Эсрэгээрээ 65 хувь буюу 198 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаагүй байна. Энэ бол ирээдүйд гарах том эрсдэлийг бий болгож байна. Нийт малчдын 59.4 хувь буюу 181 мянган малчин эрүүл мэндийн даатгалтай, үлдсэн хувь нь даатгалд хамрагдаагүй байна.
Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг болно. Тиймээс малчид, тариаланчид эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа учраас төрөөс олгож байгаа сүү, арьс шир зэрэг урамшууллаас нь эрүүл мэнд, нийгмийн даатгалыг суутган тооцох хуулийг гаргаж, баталлаа.
Малчид жилдээ дөрөв орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас авдаг. Энэ асуудалд онцгой анхаарч, орлогынх нь нөхцөл байдлыг уялдуулж энэ хуулийг санаачилсан.
"БАГШ НАР, СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГ ХҮҮХДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР УЛСЫН СУРГУУЛЬД СУРГАНА"
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиудтай холбоотой мэдээллийн хүрээнд миний ахалж байгаа Боловсролын тухай багц хуулийн талаар мэдээлэл өгье. УИХ-д Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр Боловсролын багц хуулийг өргөн барьсан. Тус ондоо 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, долоон багц хуулийг агуулсан. Дунд нь Засгийн газар нэг удаа буцаан татаж, дахин өргөн барьсан. Одоо хоёр жил хэлэлцүүлэг хийж байна. Боловсролын салбарт байгаа бүхий л оролцогч талын хэлэлцүүлэг хийж буй. Нийт 29 удаагийн ажлын хэсгийн хуралдаан, 58 удаагийн ажлын хэсгийн дэд хороо хуралдсан. Энэ хүрээнд 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр бүх хуулиудыг нэгтгэж, дөрвөн багц хууль болгон зохион байгуулъя гэдэг шийдвэрт хүрч, шинэ ажлын хэсгийн би ахалж байна.
Шинэ ажлын хэсгийн хүрээнд дөрвөн удаа, дэд хэсэг таван удаа хуралдсан. Хууль нь 52 зүйлтэй, 300 гаруй заалттай.
Маргааш ажлын хэсэг хуралдаж, нөгөөдөр байнгын хороогоор орж, Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар анхдугаар хэлэлцүүлэг ерөнхий хуулийн хүрээнд явагдана. Энэ хуулийг боловсролын салбарын Үндсэн хууль гэж ойлгох хэрэгтэй. Боловсролыг болж байна, болохгүй байна гэж гэдгийг хаана ч хэмжиж үзээгүй. Зарим сурагч, багш нар амжилт гаргаж байгаа. Нийт системээ үнэлэх ёстой. Бид олон улсын үнэлгээнд гурван жил тутам ордог байх ёстой. Хоёрт, боловсролын салбарт байгаа бүхий л асуудлыг багц хуулийн хүрээнд шийдэж чадахгүй. Маш их хэмжээний хөрөнгө санхүү шаардана. Боломжийнхоо хэрээр асуудлыг шийднэ. Улсын хэмжээнд 10 гаруй мянган санал ирсэн. Багш нарын цалин урамшуулалтай холбоотой асуудал нийт саналын 80 орчим хувийг эзэлж байна. Багш нарын цалинг тухайн салбарын хуулиар зохицуулдаг. Энэ асуудал төсөвтэй зөрчилдөж байгаа учраас Засгийн газарт чиглэл өгөх замаар цалингийн өсөлтийг тогтоохоор ажиллая гэсэн зарчмын шийдэлд хүрсэн. Энэ салбарт ажилладаг хүн байхгүй болж байна. Нэг хэсэг нь гадаад руу гарч, бага оноо авсан оюутан багшаар ажиллаж байна. Цалинг нь нэмж, хэн сайн ажилласан нь илүү цалин авдаг болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар болон сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр улсын сургуульд сургадаг зохицуулалтыг хийнэ. Багшид нэмэлт ачаалал өгөхийг хуулиар хатуу хориглож байгаа. Одоо багш нар дүүрэг, аймаг, сумын бүх тооцоо судалгааны ажлыг бүрдүүлдэг ажилтан болоод байна.
Холбоотой мэдээ