Хотын жолооч нарын “толгойн өвчин” бол автомашины зогсоол. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Өглөө ажилдаа ирэх, хоол хүнсээ цуглуулах, тоглолт, үзвэр үзэх, эмнэлгээр үйлчлүүлэх гээд алхам тутамдаа энэ асуудалтай нүүр тулдаг. Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихдэг. Тиймээс үйлчлүүлэгчид буюу иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголт л үлдэж байгаа юм.
Ялангуяа дүүрэг, улсын томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлэх олны хөл тасрахгүй. Нялх балчираас ахмад настан хүртэл хэн, хэзээ ч өвдөж, эмнэлэгт хандаж болно.
Эмнэлэгт үзүүлж буй иргэд, ар гэрийнхнээ эргэж яваа сахиуруудад эм тарианаас гадна эмнэлгийн зогсоол санхүүгийн дарамт учруулдаг гэдгийг иргэд хэлж буй.
Үнэндээ улсын эмнэлгээр аргаа барсан энгийн иргэд, хөдөө орон нутгийнхан нь ихэвчлэн үйлчлүүлдэг. Төлбөрийн чадамжтай, бололцоотой хүмүүс нь хувийн өндөр төлбөртэй эмнэлгээр үйлчлүүлж, авто зогсоолоо үнэ төлбөргүй ашигладаг. Уг нь эмнэлэг энгийн л нэг үйлчилгээний байгууллага. Үйлчлүүлэгчдээ тав тухтай орчин бүрдүүлж өгөх үүрэг тэдэнд бий. Гэвч өвчин зовлонтой, аргаа барж яваа иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлж, мөнгө хураан авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Албан ёсны зөвшөөрөлтэй, төлбөртэй зогсоолын үйлчилгээний үнэ 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг, нэг цагаас хойш 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цагийн төлбөр нь 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай. Одоо төр, хувийн хэвшлийн авто зогсоол гэлтгүй нэг үнийн тарифтай болохоор дүрэм журмаа шинэчлэхээр, зогсоолын үнийн саналыг гаргажээ. Тодруулбал,
- Эхний 15 минут үнэгүй
- 1 цаг хүртэл 1000 төгрөг,
- 2 дахь цагт 1500,
- 3 дахь цагт 2000,
- 4 дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байх саналыг НИТХ-аас гаргаад буй.
"ОДОО МӨРДӨЖ БУЙ ЖУРАМД ЭМНЭЛГИЙН ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАХ ЗААЛТ БАЙХГҮЙ"
Нийслэлийн Замын хөгжлийн газарт өмнө нь авто зогсоолын асуудлыг хариуцдаг байсан бол 2022 оны долдугаар сараас Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлжээ. Тус төвийн Авто зогсоол, хяналт удирдлагын хэлтсийн дарга Л.Бямбасүрэнгээс эмнэлгийн зогсоолын талаар тодруулахад "Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар гэрээ шинэчлэн байгуулж, сунгасан 55 газар байна. Аж ахуйн нэгжүүд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай зогсоол ажиллуулах гэрээ байгуулдаг. Хуучин 427 тогтоол дээрээ Авто замын хөгжлийн газрыг зохион байгуулна гэж тусгасан. Тэр тогтоол удахгүй шинэчлэгдсэнээр Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү бүрэн шилжих юм. Одоогоор гурвалсан гэрээ байгуулж байгаа.
Энэ дунд эмнэлгийн авто зогсоолууд ч орж байгаа. Учир нь нийслэлийн төсвөөр эмнэлгүүдийн авто зогсоолыг засч, тохижуулдаг. Тиймээс гэрээ байгуулж, нийслэлийн төсөвт буюу Авто замын сан руу оруулдаг.
Зарим эмнэлэг нь авто зогсоолын орлогоо өгөхгүй гэдэг байр сууриа илэрхийлж, албан бичиг явуулдаг. Нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй дүрэм журамд эмнэлгийн зогсоолыг үнэ төлбөргүй ашиглах гэсэн заалт байхгүй. Бид одоо журмын өөрчлөлтийг боловсруулж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд НИТХ-аар журмыг өөрчлөн баталсан байдаг" гэв.
Зөвшөөрөлтэй автомашины зогсоолын орсон орлогын 60 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлдэг бол үлдсэн 40 хувийг тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Албан ёсны зөвшөөрөлтэй 77 авто зогсоолоос 2022 онд 949 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээр төлөвлөсөн ч энэ төлөвлөгөөгөө аль хэдийнэ биелүүлчихсэн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Р.Амарсанаа өмнө нь ярьж байв. Энэ их төсвийн тодорхой хувийг улсын эмнэлгийн авто зогсоолууд бүрдүүлдэг.
Хүн ам олноор суурьшсан Улаанбаатар хотод авто зогсоол байгуулах нь зөв. Гэсэн хэдий ч хаана, хэнээс төлбөр мөнгө, татвар авах вэ гэдгээ бодолцох ёстой юм шиг. Бүгдийг зоосны нүхээр харж, хүнд өвчтэй иргэд хоолны мөнгө, эм тарианы мөнгөө хагаслан байж зогсоолын төлбөр өгч байгааг холбогдох албаныхан анхаарна биз.
Холбоотой мэдээ